11-ээс доош насныханд Даваа гаригаас томуугийн эсрэг вакцин хийнэ

298
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр халдварын тархалт эрчимжиж, 11-ээс доош насны вакцинд хамрагдаагүй хүүхдүүд өвдсөн тохиолдолд биеийн байдал нь богино хугацаанд хүндэрч байна. Тус насны бүлэгт хамаардаг хүүхдүүд Covid-19-өөр өвдсөн үедээ ханиад томуу болон сүрьеэтэй хавсарсан тохиолдолд амь насанд ч аюултай гэдгийг анхааруулсан. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өчигдөр /2021.9.10/  Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллах үеэрээ хүүхдийн дархлаажуулалтыг ирэх Даваа гаригаас эхлүүлэх үүрэг өгсөн байна. Одоогоор вакциныг хийж эхлэх тодорхой хугацааг баталж гаргаагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар дархлаажуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр хэлэлцэж байгаа юм байна.
НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсныг ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахад хүлээлгэн өгсөн бөгөөд нэг тун вакциныг нэг хүнд хийх аж.
Томуугийн вакциныг одоогийн байдлаар 11-ээс доош насны хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөж буй. Учир нь бага насны хүүхдүүдийн халдварт өртөх эрсдэл өндөр байна. Гэхдээ томуугийн вакцинд хамрагдсан хүүхдүүд Covid-19-өөр өвдөхгүй гэсэн баталгаа байхгүй.
COVID-19-ӨӨС БҮРЭН СЭРГИЙЛЖ ЧАДАХГҮЙ Ч ТОМУУГИЙН ВИРУСЭЭС 50 ХҮРТЭЛХ ХУВЬ ХАМГААЛНА
Энэ вакцин нь ханиад томуугийн вирусээс 50 хүртэлх хувь хамгаалдаг. Түүнээс томуугийн эсрэг вакцин хийлгээд тайвширч болохгүй гэдгийг онцолсон юм байна. Хэрэв вакцин хийж эхлэх тушаал батлагдчихвал ирэх долоо хоногоос бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамруулж эхлэх юм. Ингэхдээ харьяа дүүргийн өрхийн эмнэлэгт хийхээр төлөвлөжээ.
Мөн сургуулийн орчинд хүүхдүүдийг дархлаажуулах эсэх талаар судалж байгаа бөгөөд боломжтой бол улсын сургуулиудад дархлаажуулалтын баг очиж хийх  аж.
Өнгөрсөн зургадугаар сарын 15-наас эхэлсэн хүүхдийн вакцинжуулалтад одоогийн байдлаар 12-17 насны зорилтот бүлгийн хүүхдүүдийн 84 орчим хувь хамрагджээ. Хичээл, сургууль танхимаар орж эхэлж байгаа энэ үед 11-ээс доош насны хүүхдүүдийг хэрхэн дархлаажуулах талаар яам болон холбогдох байгууллага, ДЭМБ судалгаа хийж байгаа гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэлсэн юм. Юуны түрүүнд хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуугийн өвчлөл нэмэгдэх үе ойртсон учир томуугийн вакцины татан авалтыг нэмж хийж, 11-ээс доош насны хүүхдүүдийг эхний ээлжид бүрэн хамруулахаар төлөвлөсөн байна. Учир нь хүүхэд томуугаар өвдөж, Covid-19-тэй хавсарвал маш хүнд өвчилнө.
Мөн зорилтот бүлгийн буюу вакцин хийлгээгүй байгаа хүүхдүүдээс тусгайлан сонгож дотоодын Биобэлдмэлийн үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн иммуноглобулинаар дархлаажуулахаар болсон.
Хүчин чадлаас хамаарч тус уургийг бага тун үйлдвэрлэж байгаа учраас тураалтай, төрөлхийн хүнд өвчтэй зэрэг 3000 орчим хүүхдийг эхний ээлжинд хамруулахаар болжээ. Томуугийн эсрэг вакцин хийлгэсэн хүүхдүүд дараа нь Covid-19-ийн вакциндаа заалтын дагуу хамрагдах боломжтойг ч яамнаас мэдээллээ.
Энэ жил улирлын томуугийн вакцинд 0-11 насны хүүхэд, эрсдэлт бүлгийн хүн ам болох 360 мянган иргэнийг хамруулах урьдчилсан статистик гарчээ.
Цар тахлын халдварын тархалт өндөр байгаатай зэрэгцээд 9-11 сард хүүхдүүд томуугаар өвчлөх нь элбэг байдаг. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга  Б.Бямбадоржийн мэдээлснээр Covid-19-ийн онцгой нөхцөлд томуугийн дэгдэлт өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад өнгөрсөн жил бага байжээ. Гэхдээ бага насны хүүхдүүдийн ханиад, томуугийн өвчлөл, уушгины хатгалгаа болох эрсдэл улирлын чанартай өндөр байсныг эмч нар онцолж байна.
Мөн Covid-19-өөр өвдөөд эдгэрсэн хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдаж болохгүй гэсэн заалт одоогоор байхгүй аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.