Модны 2-ын автозамыг дөрвөн эгнээ болгох ажил аравдугаар сард дуусна
Баянгол дүүрэгт хийгдэж буй замын ажил буюу Модны-2-ын зам засварын ажил удааширч байгааг иргэд шүүмжилж байна. Энэ талаар БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар мэдээлэл өгч:
-Баянгол дүүрэгт өмнөх жилүүдийнхээс харьцангуй олон автозамын төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Нийт 22 км автозам, 12 мянган м.кв авто зогсоолын талбай байгуулахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна. Одоогоор 10 орчим км үргэлжлэх гол болон туслам замын ажил хийгдэж байна. Есөн км нь хороолол дотор, гурван км нь гэр хороолол дунд хийгдэж байна.
Модны 2 гэж нэрлэгддэг замын хоёр эгнээг дөрөв болгон өргөтгөж байгаа. Ингэснээр түгжрэл бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Модны 2-ын зам нэг км орчим. Түүнээс баруун тийш мөн км зам байгаа. Тэр нь ирэх жил хийгдэнэ. Гүйцэтгэгч компанийн гаргаж өгсөн хуваарийн дагуу есдүгээр сарын 12 гэхэд Модны 2-ын замын 50 хувийг хучна. Аравдугаар сарын 1-н гэхэд 100 хувь дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэрээний хугацаа 2021 оны аравдугаар сарын 1-н байсан. Гэхдээ автозамын ачаалал нэмэгдэж байгаа учраас хугацааг аль болох шахаж наашлуулаад байна.
Мэргэжлийн байгууллагуудын хэлж байгаагаар эхлээд доошоо 1-1.2 м газар шорооны ажил хийдэг. Үүнийг технологийн дагуу хийх ёстой. Дээр нь нэмээд газар чөлөөлөлтийн асуудлууд үргэлжилнэ. Одоогоор газар чөлөөлөлтийн ажил 90 орчим хувьтай байна. Газар чөлөөлөлтийг дээр иргэн, ААН-үүд дэмжиж, хамтарч ажиллаж байгаа. Арав орчим ААН хашаагаа татсан. 3-5 ААН барилгын өргөтгөлөө буулгаж, газар зохион байгуулалтын дагуу үнэлгээ гаргаж, тохиролцсон” гэлээ.