Минж нутагшуулах, үржүүлэх 145 га газрыг орон нутгийн хамгаалалтад авахыг дэмжив

337


Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Минж нутагшуулах, үржүүлэх” төвийг нийслэлийн орон нутгийн хамгаалалтад байгууллагын нөөц ангиллаар авах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн байгаль орчны газраас энэ онд нийт 145 га талбайг дээрх зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах төсөл боловсруулсныг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцуулсан юм. “Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж” ОНӨҮГ-ыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын төвөөс 7 км орчим газарт Туул голын экосистемийг байгалийн аясаар нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор 2012 онд байгуулсан. Харин 2019 оноос Нийслэлийн байгаль орчны газарт харьяалагдах болсон юм.
Минж нь усны төвшин багассан үед голын эрэгт суваг татах, далан барих зэргээр орчноо намагжуулах, орчны чийгшлийг нэмэгдүүлэхэд гол үүрэгтэй мэрэгч амьтан. 2012 оноос хойш нийт 57 бодгаль минжийг Туул голын эх болон түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа.

Судлаачид Туул голын эхэнд 100-150 бүл минжний популяц үүсгэсэн үед байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх, улмаар тогтвортой өсөж үржих боломж бүрдэнэ гэж зөвлөдөг. Тиймээс уг ажлыг өргөжүүлэхийн тулд Минж үржүүлгийн төв орчмын газрыг нэмэгдүүлэн, 145 га газрыг орон нутгийн хамгаалалтад авахыг танилцуулсан юм. Улмаар үржүүлгийн төв орчимд цүнхээл үүсгэн минж нутагшуулж, тоо толгойг нэмэгдүүлэх, байгальд дасгах нөхцөлийг бүрдүүлэн, усны урсацыг нэмэгдүүлэн нөөцийг арвижуулах, экологийн боловсролын тогтолцоонд арга зүйн туслалцаа үзүүлэх эко тур болгон хөгжүүлэхийг зорьж байна. “Минж нутагшуулах, үржүүлэх” төвийг нийслэлийн орон нутгийн хамгаалалтад байгалийн нөөц ангиллаар авахыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхын саналаар дэмжлээ.
Орон нутгийн хамгаалалтад авахаар төлөвлөсөн 145 га газарт нийслэл, дүүргийн захирамжаар иргэн аж ахуйн нэгжид өмчлөх, эзэмших эрх зүйн актаар газар олгогдоогүй байна.

Товчхон:
  • Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар улсын төсөв, нийслэл дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, “Гүүп Нейборс”, “Дэзэрэт” зэрэг олон улсын байгууллагын хандиваар Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт барьж, ашиглалтад оруулсан ус түгээх 11 байрыг нийслэлийн өмчид бүртгэн авах талаар хэлэлцлээ. Эдгээр байрны нийт өртөг 692.6 сая төгрөг бөгөөд Тэргүүлэгчдийн олонх нь тогтоолын төслийг дэмжив.
  • Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, томилох асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээс Д.Төмөрбаатар, “Олон улсын худалдаа логистикийн төв” хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүнээс Д.Рэнцэнбямба, “Улаанбаатар спорт менежмент” хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүнээс А.Мөнгөн нарыг тус тус чөлөөлөв.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.