Х.Нямбаатар: Жолоочийн торгуулиа 50 хувь төлсөн тохиолдолд ӨРШӨӨНӨ
УИХ долоо дахь Өршөөлийн хуулийг баталсан. Энэ удаагийн хуулиар 3.6 хувь нь суллагдаж, 8.9 хувийнх нь хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 4.5 хувийнх нь хорих ялаас хоёр жилээр хасна. Хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр:
-Тулгар төр байгуулагдсаны 830, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан цар тахлын үеийн нийгэм эдийн засагтай холбоотой Өршөөлийн хуулийг УИХ баталлаа. Энэ хууль долдугаар сарын 6-наас хэрэгжиж эхэлнэ.
Хэрэг үйлдсэн болон шүүхээр хянан шийдвэрлэх шатан байгаа хэрэг хамаарна. Нөхөн төлбөрөө төлсөн болон төлөхөө амласан байх хэрэгтэй. Мөрийтэй тоглоом, цахим гэмт хэрэг, мөнгө угаах, хүн алах, галт зэвсэг зэрэг гэмт хэрэг энэ хуульд хамаараагүй. Өмнө нь Өршөөл үзүүлэх хуульд хамрагдаад дахин гэмт хэрэг үйлдсэн бол өршөөлд хамааруулаагүй. Шүүхээс таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хамаарна. Зорчих эрх нь хязгаарлагдсан бол байнга оршин суух хаягтай байхыг шаардаж байна. Зорчих эрхийг нь хязгаарласан тохиолдолд цахим бугуйвч зүүлгэнэ.
Жолоочийн торгуулийн шийтгэлийг 10 дугаар сарын нэгний дотор 50 хувиа төлсөн тохиолдолд үлдсэнийг нь өршөөнө. Торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд 50 хувиар хөнгөх хуулийн зохицуулалт хийнэ. Маргаашаас 160 хоригдол шууд суллагдана. Нийт 4000 гаруй этгээд өршөөлд хамрагдаж байгаа гэв.