Л.Энх-Амгалан сайдын биед халдсан Д.Совд гэж хэн бэ?

483

Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамны байр руу Д.Совд гэх иргэн нэвтэрч, сайд Л.Энх-Амгалан руу хутга барин дайрсан явдал болсон. Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд энэ үйл явдал болсон бөгөөд цагдаагийн байгууллагынхан тухайн иргэнийг саатуулж, шалгахад “Бага насны буюу арван жилийн хүүхдүүдэд хятад вакцин хийх гэж байгааг эсэргүүцэж, ийм үйлдэл хийсэн" гэж ярьсан байна. Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн утсанд Боловсрол шинжлэх ухааны яамны үүдэнд үл таних этгээд бусдыг хутгалах гэж оролдлоо. Яаралтай ир” гэсэн утга бүхий дуудлага өгсөн гэнэ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар очсон байна. Ингээд гэмт хэрэгтнийг саатуулж, хэргийн газарт үзлэг хийж, Л.Энх-Амгалан сайд руу дайрсан этгээдийн хутгыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Түүнчлэн сайд Л.Энх-Амгалан болоод түүний зөвлөх, туслах ажилтан зэргээс хохирогч болон гэрчийн мэдүүлэг авсан аж. Сайдад хутга тулгасан гэх хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд тухайн иргэн ХУД-ийн харьяалалтайг тогтоожээ.

Тэгвэл энэ явдлын дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Насанд хүрээгүй хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлье. Монгол Улсын Засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохыг мэдэгдэж байна. Энэ сэдвээр далимдуулж миний амь насанд халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна" хэмээн өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлсэн юм. Харин Д.Совд гэх иргэн энэ үйл явдал болохоос хэдхэн цагийн өмнө өөрийн цахим хуудсандаа "ЭEШ өгөх гэж байгаа хүүхдүүдэд хүчээр хятад вакцин хийхээ яаралтай зогсоож, ийм шийдвэр гаргасан Боловсролын сайд, холбогдох шат шатны буруутай хүмүүст яаралтай хариуцлага тооцохыг шаардаж байна. 18 нас хүрээгүй хүүхдүүдэд ЭEШ өгөх бол заавал вакцинд хамрагд гэж хүчээр хятад вакцин хийж байгааг эсэргүүцэж байна. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөөгүй байхад яахаараа монгол хүүхдүүд дээр туршиж хийдэг юм бэ? Монгол хүүхдүүд туршилтын туулай чинь биш шүү, Боловсролын сайд аа" гэж бичсэн байна.

Иргэн Д.Совдын тухай мэдээллийг танилцуулбал тэрээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул. 2016-2018 онд ХХААХҮЯ-нд Хяналт шинжилгээ дотоод аудитын газрын дарга хийж байсан. Мөн УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрогт бие даан Л.Энх-Амгалан сайдтай өрсөлдөж байжээ. Зарим мэдээллийн хэрэгслээр “Д.Совд нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ойрын хүн бөгөөд энэ бүх албан тушаалд түүний дэмжлэгтэй очиж байсан” гэх мэдээллүүд ч бичигдсээр байгаа юм. Уг мэдээлэлд Ц.Даваасүрэн гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Д.Совд манай сумын залуу. Бид төрөл садан, хамаатны холбоогүй. Миний шадар зөвлөх, туслахаар огт ажиллаж байгаагүй. Тэгээд ч эмнэлэгт хүн сахиж байсан надад юун ийм заваан юм бодох манатай байгааг мэдэж л байгаа даа. Худал зүйлээр улс төрийн хонжоо хайгаад ч хол явахгүй дээ, сүржин юм бодох юм” гэсэн байна.


Д.Совд нэг жилийн өмнө буюу УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүд хэрхэн хөлжиж, хөрөнгөжиж, төрийн алба, танил тал ах дүүгийн хэлхээ холбоо болон хүчирхэгжиж, иргэн хүн хүчгүйдэж буйг харж болох олон талт судалгааг хийсэн талаараа хэвлэлийнхэнд мэдээлж, АТГ-т нэр бүхий гишүүдийг шалгуулах хүсэлтэй байгаагаа нэрлэсний дунд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн нэр дурдагдаж байсан гэнэ. Мөн тэрээр 2019 онд гарсан “Хүннү Эйр” ХХК-ийн ослоос хойш сэтгэл зүйн хувьд эмзэг, ихээхэн бухимдалтай байх болсон ба төр засаг болон улс төрчдийг эсэргүүцэж, үзэл бодлоо удаа дараа хэвлэлээр илэрхийлж байсан. Тодруулбал, 2019 оны аравдугаар сарын 14-нд “Хүннү Эйр” ХХК-ийн онгоцны далавчнаас унаж осолдон олон сар ухаангүй байсан О.Мөнгөншагай гэдэг залуугийн Улаанбаатар хотод байдаг ганц хамаатан нь гэж, тухайн үед дүүгийнхээ эрүүл мэнд ноцтой хохирсон талаар ихээхэн гомдолтой байгаагаа илэрхийлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд тууштай эсэргүүцэл илэрхийлж байсан. Эндээс түүний тэмцэл эхэлсэн бөгөөд “Хүннү Эйр” компанийн зүгээс дүүгийнх нь ослын асуудалд ямар ч хариуцлага хүлээгээгүй, хэргийн баримт материалыг дарагдуулж байна, мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн дүү Нисэхийн цагдаагийн дарга Л.Ганбаатар нь энгийн ардын хүүхдийн амь нас эрсдэлд орж эрүүл мэнд ноцтой хохирчихоод байхад нуун дарагдуулж, хэрэг үүсгэхгүй, хариуцлага хүлээлгэхгүй байна хэмээн эрх мэдэл албан тушаалтнуудад бухимдаж эсэргүүцсэн байна. Ийнхүү гомдол бухимдлаа илэрхийлж явсаар улстөрчдийн хөрөнгө орлогын асуудал руу орж Л.Энх-Амгалан болон УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан байдаг.

Улмаар төрийн алба хашиж байгаа тул энэ тэмцлээ зогсоож эв зүйгээр шийдэх талаар ойр тойрны хүмүүс нь хэлж ярьж байсан ч “Энэ ажлаа ав, одоо хэн ч, юу ч намайг зогсоохгүй” гээд дэд захирлын ажлаа өгөөд тэмцлээ үргэлжлүүлсэн гэдгийг нь эх сурвалжууд дурдсан байна. Энэ мэт түүний тэмцэл нь ар араасаа үргэлжилж, улмаар эрх мэдэлтнүүдтэй тэмцэхийн тулд эрх мэдэлд хүрэхээс өөр сонголтгүй байна хэмээн 2020 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшсэн гэнэ. Одоогоор түүнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 11.6-д заасан хүний биед хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа гэнэ. Мөн прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтэй танилцахад мөн хуулийн 19.3-т заасан төрийн өндөр албан тушаалтны амь нас, биед халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзвэл нэмж уг зүйл заалтад зааснаар яллагдагчаар татах аж.

DNN.MNскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.