Л.Энх-Амгалан сайдын биед халдсан Д.Совд гэж хэн бэ?
Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамны байр руу Д.Совд гэх иргэн нэвтэрч, сайд Л.Энх-Амгалан руу хутга барин дайрсан явдал болсон. Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд энэ үйл явдал болсон бөгөөд цагдаагийн байгууллагынхан тухайн иргэнийг саатуулж, шалгахад “Бага насны буюу арван жилийн хүүхдүүдэд хятад вакцин хийх гэж байгааг эсэргүүцэж, ийм үйлдэл хийсэн" гэж ярьсан байна. Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн утсанд Боловсрол шинжлэх ухааны яамны үүдэнд үл таних этгээд бусдыг хутгалах гэж оролдлоо. Яаралтай ир” гэсэн утга бүхий дуудлага өгсөн гэнэ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар очсон байна. Ингээд гэмт хэрэгтнийг саатуулж, хэргийн газарт үзлэг хийж, Л.Энх-Амгалан сайд руу дайрсан этгээдийн хутгыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Түүнчлэн сайд Л.Энх-Амгалан болоод түүний зөвлөх, туслах ажилтан зэргээс хохирогч болон гэрчийн мэдүүлэг авсан аж. Сайдад хутга тулгасан гэх хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд тухайн иргэн ХУД-ийн харьяалалтайг тогтоожээ.
Иргэн Д.Совдын тухай мэдээллийг танилцуулбал тэрээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул. 2016-2018 онд ХХААХҮЯ-нд Хяналт шинжилгээ дотоод аудитын газрын дарга хийж байсан. Мөн УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрогт бие даан Л.Энх-Амгалан сайдтай өрсөлдөж байжээ. Зарим мэдээллийн хэрэгслээр “Д.Совд нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ойрын хүн бөгөөд энэ бүх албан тушаалд түүний дэмжлэгтэй очиж байсан” гэх мэдээллүүд ч бичигдсээр байгаа юм. Уг мэдээлэлд Ц.Даваасүрэн гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Д.Совд манай сумын залуу. Бид төрөл садан, хамаатны холбоогүй. Миний шадар зөвлөх, туслахаар огт ажиллаж байгаагүй. Тэгээд ч эмнэлэгт хүн сахиж байсан надад юун ийм заваан юм бодох манатай байгааг мэдэж л байгаа даа. Худал зүйлээр улс төрийн хонжоо хайгаад ч хол явахгүй дээ, сүржин юм бодох юм” гэсэн байна.
DNN.MN