ДЭМБ: 130 улсад шинэ коронавирусын халдвар илрээгүй байгаа
ЭМЯ-наас ээлжит 11:00 цагийн мэдээллээ хүргэлээ. Манай улсын хувьд, Итали, Солонгос, Япон, Хятад, Иран улсад сүүлийн 14 хоногт зорчсон гадаад иргэдийг Монгол Улс руу ирэх нислэгт суулгахгүй байгаа гэдэг тайлбарыг албаныхан өгч байна. Мөн дээр дурдсан улсуудаас ирж байгаа Монгол Улсын иргэнийг хилээр орж ирэхэд нь үзлэг хийгээд, хэрэв ямар нэг сэжигтэй шинж тэмдэг илэрвэл, эсвэл өвчлөлийн голомт бүс нутгаас ирсэн бол ХӨСҮТ-д шууд тусгаарлан хянаж байгаа юм байна. Бусад бүх тохиолдлыг тусгайлан бэлдсэн байруудад ажиглалтанд авч байгаа аж.
Нэмэлт тайлбарыг хүргэхэд, өвчлөлийн голомт бүс нутагт зорчоод 14 хоногийн хугацаанд ирсэн бөгөөд ямар нэгэн байдлаар халуурах, ханиах, цээжээр өвдөх, цээжээр хөндүүрлэх зэрэг шинэ коронавирусын үндсэн 4 шинж тэмдэг илэрсэн хүнийг сэжигтэй тохиолдолд тооцно.
ДЭМБ-аас мэдээлснээр 130 улсад шинэ коронавирусын халдвар илрээгүй байна. Харин бусад улсад гарсан өвчлөлийн тохиолдол сүүлийн 24 цагт Хятадтай харьцуулахад 9 дахин их байна. Гэхдээ одоогоор энэхүү COVID-19 хэмээн нэрлээд буй өвчлөлийг ДЭМБ-аас "цар тахал" гэж хараахан зарлаагүй байгаа гэдгийг мэдэгдлээ.