"Женко"-гийн Цэцэд айлчилсны хэрэг гарч эхэллээ"

611

Ирэх зургаадугаар сарын 9-нд болох Төрийн тэргүүний ээлжит сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь тун удахгүй тодорхой болох нь. Учир нь, энэ асуудлаар хуульч Д.Үүрцайх “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу өмнө ба одоо Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй” гэж үзээд өнгөрсөн нэгдүгээр сард Цэцэд мэдээлэл хүргүүлсэн байдаг. Түүний гаргасан мэдээллийг Цэцийн гишүүн Д.Солонго хянаж үзээд маргаан үүсгэсэн байсныг болиулжээ. Ингэхдээ Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн Д.Солонгын шийдвэрийг эс зөвшөөрч, энэ асуудлыг Цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэхээр Цэцийн гишүүн Ш.Цогтоод хэргийг хуваарилсан байна. Харин энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд хуульч Д.Үүрцайх Цэцийн гишүүн Ш.Цогтоос татгалзах хүсэлтийг өчигдөр гаргажээ. Энэ талаар тэрбээр “Өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй талаар Цэцэд үүсгэсэн маргааныг цуцлах саналыг “Женко”-гийн Б.Буяндэлгэр гаргасан байв. Гэтэл энэ асуудлыг Цэцийн дарга Н.Чинбат МоАХ-ны Ш.Цогтоогоор шийдүүлэхээр хуваарилж гэнэ. Ерөнхийлөгч Цэцэд айлчилсны хэрэг эхнээсээ гарч байна. Ш.Цогтоогоос татгалзах хүсэлтээ өглөө" хэмээн жиргэжээ. 
Түүнчлэн Ш.Цогтоо нь Ерөнхийлөгч Х.Баттулгын тэргүүлж байсан Монголын Ардчилсан холбооны /МоАХ/ партизануудын нэг бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй хувийн дотно харилцаатай, эрх ашгийн зөрчилтэй нэгэн учраас улс төрөөс хараат бус шийдвэр гаргаж чадах эсэхэд нь эргэлзэж байгаа болохоор Цэцийн гишүүн Ш.Цогтоос татгалзсан гэдгээ хэлж байна. Д.Үүрцайхын хувьд одоогоос гурван сарын өмнө Цэцэд гомдол гаргасан байдаг. 
Үүнээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа Цэцийн байранд биечлэн очиж гишүүдтэй нь уулзсан юм. Энэ үйлдлийг хуульчид төдийгүй олон нийтийн зүгээс “Ерөнхийлөгч Цэцэд шахалт үзүүллээ” хэмээн дүгнэж байв. Ямартай ч олны үг ортойг баталж, Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх Цэцийн гишүүдийн нэр өөрчлөгдсөн байна. Ингэснээр тун удахгүй Цэц шийдвэрээ гаргах бололтой.
 
М.ӨнөрөөЭх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.