Э.Бат-Үүл Нийслэлийн АН-ын даргад нэр дэвших үнэмлэхээ авлаа
Хотын дарга асан Э.Бат-Үүл Нийслэлийн АН-ын даргад нэр дэвших эрхээ авч, үнэмлэхээ гардлаа.
Дунд шатны дарга нарын нөхөн сонгуулийн санал хураалт энэ сарын 17-ны өдөр цахимаар болох бөгөөд 13 аймаг, 7 дүүрэгт нэр дэвшихээр хүсэлтээ гаргасан гишүүд үнэмлэхээ авч байгаа аж.
Хотын дарга асан Э.Бат-Үүлтэй Нийслэлийн АН-ын даргад Л.Уртнасан өрсөлдөхөөр мөн өнөөдөр үнэмлэхээ гардсан юм.
Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ нэр дэвшиж буй Э.Бат-Үүлийг үг хэлэхийг урьсан. Тэрбээр “Нийслэлийн намын даргад нэр дэвших олон шалтгаан бий. Эдгээрээс 2016 оноос эхлээд дараагийн бүрэн эрхийг дуустал хугацаанд нийслэлд ажил хийсэнгүй. Бидний үед хийсэн ажил зогсонги байдалд орсон. Тиймээс энэ бол миний нэр дэвших шалтгаан. Гэхдээ хамгийн гол дэвшиж байгаа шалтгаан нь Улсын Дээд шүүхийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас АН-ын дотор зөрчилтэй байдал үүссэн. Намын гол зүрх болсон нийслэлийн АН-ын даргад өөрийгөө дэвшүүлж, сунгаанд амжилт үзүүлбэл, намыг нэгтгэхэд хүчээ дайчлан ажиллана” гэлээ.
Дунд шатны нөхөн сонгуульд нэр дэвшигчид гуравдугаар сарын 15-ны 22:00 цаг хүртэл сурталчилгаагаа явуулж, 17-ны өдөр цахимаар санал хураалтад оролцох юм байна.