Эргүүлд гарч байгаа 9967 албан хаагчид 800.000 төгрөгийн урамшуулал олгохоор боллоо
Улаанбаатар даяар энэ сарын 11-нээс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй зэрэгцэн цагдаа, дотоодын цэрэг, ДХИС-ийн соноогчдын 6300 гаруй бие бүрэлдэхүүн эргүүл хамгаалалтад гарч эхэлжээ. Эдгээр албан хаагчдад тус бүрт нь 800.000 төгрөгийн урамшуулал олгохоор Засгийн газраас шийдвэрлээд байв.
Тэгвэл халдварын голомт Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт гарснаар эргүүл хамгаалалтын бие бүрэлдэхүүн дахин нэмэгдэж 4143 хууль сахиулах албан хаагч үүрэг гүйцэтгэж эхэлжээ. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар орон нутагт үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад мөн урамшуулал олгох нь зүйтэй гэж үзжээ.
Тиймээс нийт 9967 албан хаагчдад нэг удаа 800.000 төгрөгийн урамшууллыг өгөхөөр шийдвэрлэжээ. Урамшуулал ойрын хугацаанд албан хаагчдын дансанд шилжих болсныг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.
Ташрамд дурдахад улсын хэмжээнд 10000 гаруй цагдаагийн албан хаагч байдаг бөгөөд тэдгээрийн 97 хувь нь цар тахлын үе ийн харуул хамгаалалтад гарч байгаа ажээ.