БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хоногт 134 халдвар нэмэгдсэн Дэгү хотод ажиллав

844

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв өнөөдөр /2020-02-26/ 10:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол өчигдөр 17:00 цагаас хойш 169-өөр нэмэгдэж нийт 1146-д хүрснийг мэдэгдлээ. Шинээр Сөүл хотод 4, Бусан хотод 8, Дэгү хотод 134, Инчон хотод 1, Кёнги мужид 1, Умард Гёнсан мужид 19, Өмнөд Гёнсан мужид 2 тохиолдол тус тус илэрсэн байна.

Одоогийн байдлаар 46127 (+5823) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 28247 (+2800) иргэний хариу сөрөг гарч, 16734 (+2854) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 22 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 11 (+1) иргэн нас барсан. Одоогоор 1113 (+168) иргэн тусгаарлагдсан байна. Нас барсан 11 дэх тохиолдол нь 1984 онд төрсөн, Монгол Улсын иргэн ба үхлийн шалтгааныг судалж байна гэв.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2 дугаар сарын 25-ны үдээс хойш Дэгү хотод ажиллаж, коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээний талаар Дэгү хотын онцгой байдлын хуралдааныг ахалж хийлгэв. Уг хуралд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Засаг захиргааны сайд, Дэгү хотын захирагч зэрэг албан тушаалтнууд оролцов.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хуралдаанд хэлсэн үгэндээ “Дэгү болон Умард Гёнсан муж дахь нөхцөл байдлыг ноцтой гэж үзэж байна. Энэ нь Дэгү хотын асуудал төдийгүй Солонгосын нийт ард иргэдтэй холбоотой. Иймд Ерөнхий сайд Чон Сэ Гюн өнөөдрөөс эхлэн Дэгү хотод байрлаж ажиллах бөгөөд гамшгийн аюулгүй байдлын төвд байрлаж ажиллах нь нөхцөл байдлыг илүү шуурхай тодорхойлох, арга хэмжээ авах боломжтой юм. Манай улс амны хаалтаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хүчин чадалтай. Гэвч үнэ хөөрөгдөх, их хэмжээгээр нөөцлөх, гадаад улсад их хэмжээгээр гаргах зэрэг асуудал гарч байгаа тул цаашид үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай болж байна. Өчигдөр Дэгү хотод нэг сая амны хаалт, өнөөдөр мөн нэмж нийлүүлсэн. Амны хаалтны экспортыг цаашид 10 хувиар бууруулж, төрийн байгууллагуудаар дамжуулан иргэдэд хүргэх асуудалд анхаарч байна” гэв.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Дэгү хотод хичээлийн шинэ жил эхлэхэд сургууль бүрт халуун хэмжигч байрлуулах, амны хаалтаар хангах үүргийг хотын боловсролын газарт үүрэг өгөв. Дэгү хотын захиргааны зүгээс хүнд өвчтөнүүдийг Сөүл рүү шилжүүлэх хүсэлт гаргасан бөгөөд өвчтөнийг хол зайд тээвэрлэх явцад өвчтөнд хүндрэлтэй байх магадлалтай тул зайлшгүй шаардлагатай гэсэн өвчтөнийг эмчийн магадлагааг нь үндэслэн шилжүүлэхээр болов. Олон хүн өвчлөх эрсдэл өндөр хорих ангиудад яаралтай арга хэмжээ авахыг Дэгү хотын прокурорын газарт мөн үүрэг болгов. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хамтын хүчээр улс оронд тохиолдсон хүнд үеийн даван туулж гарахыг иргэдэд уриалав. Дэгү хотын захирагч Ерөнхийлөгч Иүн Жэ Ин-д талархал илэрхийлээд эмч, сувилагч нэмж ирүүлэх, эмнэлгийн ор, мөн 5 сая амны хаалтыг ирүүлэхийг хүсэв. Шинэчонжи сүмийн 8269 хүнийг гэрт нь тусгаарлаж шинжилгээ хийгдэж байгааг дурдаад шинжилгээ хийлгэхээс татгалзсан зэрэг арга хэмжээг эсэргүүцсэн иргэдийг цагдаагийн байгууллагад шалгуулж байгааг мэдээллээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Чон Сэ Гюн 2 дугаар сарын 25-ны үдээс хойш Дэгү, Умард Гёнсан муж дахь нөхцөл байдалтай танилцаж, Гамшгийн, аюулгүй байдлын удирдлагын төвийг 2 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Дэгү хотод түр байрлуулж байгааг мэдэгдэв. Нөхцөл байдлаас шалтгаалан хугацааг сунгах магадлалтай гэв. Ерөнхий сайдын Чон Сэ Гюн “Би автомашинаар Дэгү хотод ирэх замд тээврийн хөдөлгөөн багассан байна. Дэгү хот өмнө хөдөлгөөн ихтэй хот байсан. Одоогийн нөхцөл байдлыг газар дээр нь нүдээр хараад сэтгэл өвдөж байна. Бид хамтдаа энэ бүхнийг даван туулна гэдэгт бат итгэлтэй байна. Өнгөрсөн долоо хоног та бүхэн хичээл зүтгэл гаргаж ажилласан. Энэ долоо хоног хамгийн хүнд үе тохиох болов уу гэж бодож байна. Энэ хүнд өдрүүд хурдан өнгөрч, бид дараа нь хүнд байгаа эдийн засгаа босгох ажилдаа орно” гэж мэдэгдэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.