Танилц: “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг батлах тухай тогтоол
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
““АЛСЫН ХАРАА 2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “…Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж заасан бөгөөд гадаад, дотоод нөхцөл байдал, түүнчлэн Үндсэн хуулийн үзэл баримтлал, шинэ зохицуулалтын хүрээнд өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэж, ирэх 30 жилийг урт хугацаагаар төсөөлөх хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах хууль зүйн үндэслэл, практик шаардлага бий болсон.
Түүнчлэн Улсын Их Хурлаас Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлж, Монгол Улс 30 жилийн хугацаанд хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн нэг бодлоготой байхаар тусгасан.
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Тогтоолын хавсралтад Монгол Улс 2050 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт шинжилгээ-үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тодорхойлж өгсөн.
Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улс ирэх 30 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 зорилгын хүрээнд 47 зорилтыг дэвшүүлж, үе шат бүрд хүрэх үр дүнг тодорхойлон, хэрэгжүүлэхээр тусгасан.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын гол цөм нь монгол хүн байж, урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэж байгаа ба Монгол Улс 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болох алсын хараанд төвлөрсөн үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо дээдэлж, үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэж, хүн төрөлхтний дэвшилтэт ололтыг дэмжиж, хөрст дэлхий, унаган байгалиа хайрлан хамгаалж, амар тайван, хүмүүнлэг нийгмийг цогцлоож, ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлж, өөрийгөө тэтгэсэн эдийн засаг нь өрх, иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүрсэн, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвар бүхий оюунлаг, бүтээлч иргэдтэй улс болж хөгжих эрхэм зорилгыг агуулсан цогц бодлогын баримт бичиг батлагдсан.
Тус урт хугацааны хөгжлийн бодлогыг батлахдаа Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг агуулгаар нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1 дүгээр үе шат буюу 2030 он хүртэлх хугацааны хүрэх үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бүрэн тусгасан ба зарим үр дүнг илэрхийлэх үзүүлэлтийг дахин тооцоолж шинэчлэн тусгасан.
Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод таван жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнд нь үндэслэн дараагийн үе шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тухайн үе шатны хүрэх үр дүнтэй нь нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулах юм.
Энэ тогтоолд тусгагдсан урт хугацааны хөгжлийн бодлогыг үндэсний, салбарын, салбар хоорондын болон бүс нутаг, аймаг, нийслэлийн түвшний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн.
Улсын Их Хурлаас Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан ба энэ хуульд урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгохоор тусгасан. ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолд мөн энэ бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох үүргийг Засгийн газарт өгсөн заалт тусгасан нь уг баримт бичгийн хэрэгжилтэд үр дүнтэй зохицуулалт болсон.