Согтууруулах ундаа тохируулан хэрэглэдэг хүмүүс огт уудаггүй хүмүүсээс урт насалдаг
Хааяа нэг согтууруулах ундаа хэтрүүлэн болон тохируулан хэрэглэдэг хүмүүсийн хувьд согтууруулах ундаа хэрэглэх нь хэвийн зүйл гэж үздэг бол согтууруулах ундааны эсрэг байдаг хүмүүс нь огт хэрэглэх хэрэггүй гэж үздэг бөгөөд энэ маргаан хэзээ ч дуусахгүй гэхэд буруудахгүй. Тэгвэл энэхүү маргааныг дуусгахын тулд эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнг танд танилцуулъя.
1. Судалгааны цар хүрээ
Техассын их сургуулийн 6 эрдэмтэн “Согтууруулах ундааны хожуу хэрэглээ болон 20 жилийн нас баралт” гэх нийтлэлийг гаргасан бөгөөд уг нийтлэлд тэд 55-65 насны 1824 хүнийг 20 жилийн турш ажигласан судалгааныхаа үр дүнг танилцуулсан байна. Тэд хүн бүртэй уулзаж, согтууруулах ундаанд хэрхэн ханддаг талаар нь эхний ээлжид асуусан аж. Ингээд судалгаанд оролцогсдыг 3 ангилсан байна.
- өдөрт 3-аас илүү удаа согтууруулах ундаа хэрэглэдэг
- согтууруулах ундааг тохируулан хааяа хэрэглэдэг
- согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй.
Судалгаанд ерөнхийдөө архаг хууч өвчингүй, нийгмийн дундаж давхаргын эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэнцүү оролцсон бөгөөд 20 жилийн дараах үр дүн бусдыг гайхширалд автуулсан байна. Учир нь: Согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй хүмүүсийн 69%, тогтмол хэрэглэдэг хүмүүсийн 60%, тохируулан хэрэглэдэг хүмүүсийн 40% нь 20 жилийн хугацаанд нас барсан аж. Төслийн удирдагч Чарльз Холландер судалгааны үр дүнг хэд хэдэн удаа өөр өөр аргаар нягталж шалгасан ч үр дүнгийн хувьд өөрчлөлт гараагүй байна.
2. Дахин хийсэн судалгааны үр дүн?
Гэвч Холландерын судалгааны үр дүнг судалгаанд ердөө 1824 хүн орсон учир хүний тоо хангалтгүй хэмээн үзэж үгүйсгэсэн байна. Тиймээс 2018 онд 599,912 хүн хамруулсан судалгааг дахин зохион байгуулсан бөгөөд судалгааны үр дүнг “Ланцет” анагаахын сэтгүүлд нийтэлсэн байжээ.
Эрдэмтэд дэлхийн 19 орны согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүсийн мэдээллийг цуглуулсан бөгөөд тэдний долоо хоногийн согтууруулах ундааны хэрэглээг цэвэр спиртэд хувилж гаргасан аж. Судалгаанд оролцогсдыг эрдэмтэд 5 жилийн турш ажигласан аж. Ийнхүү ажиглах явцад согтууруулах ундааны хэт их хэрэглээтэй болон согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй хүмүүс зүрхний шигдээс болон цус харвах өвчнөөр өвдөх эрсдэл ихтэй байсан гэнэ.
3. Хоногт хэр хэмжээний согтууруулах ундаа ууж болох вэ?
Судалгаагаар эрчүүдийн хувьд долоо хоногт цэвэр спирт 100гр, эмэгтэйчүүдийн хувьд 96гр-аас дээшгүй цэвэр спирт хэрэглэхэд тохиромжтой гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, долоо хоногт өдөр бүр 125 мл дарс, эсвэл 4-5 аяга 500гр шар айраг уухад болно гэсэн үг юм.
Хамгийн гол нь хэдий чинээ бага согтууруулах ундаа хэрэглэнэ, төдий чинээ зүрх судасны өвчлөлийн асуудалтай тулгарахгүй гэдгийг баталсан тодорхой баримт байхгүй бөгөөд харин ч согтууруулах ундааны хэрэглээнээс бүр мөсөн татгалзах нь төрөл бүрийн өвчлөлийн эх үүсвэрийг тавих магадлалтай байдаг гэнэ.
Үүнээс гадна дарсыг тогтмол хэрэглэдэг орнуудын дундаж насжилт хангалттай өндөр байдаг аж. Франц, Итали болон Кавказын орны хувьд согтууруулах ундааны хэрэглээ багатай оронтой харьцуулахад зүрх судасны өвчлөлийн нас баралт бага байсан гэнэ.
4. Судалгааны үр дүнд хандах хандлага
Уг мэдээллийг нийтэлсэн эрдэмтэд энэхүү судалгааны үр дүнд тодорхой хэмжээний шүүмжлэлтэй, ухаалаг хандах хэрэгтэй гэж үзсэн байна. Учир нь уг судалгааг ерөнхийдөө амжиргааны түвшин нэлээд өндөр улс орнуудад хийсэн бөгөөд тэд чанартай согтууруулах ундаа хэрэглэхээс гадна эрүүл хоол хүнс хэрэглэж, удмын ямар нэгэн ноцтой өвчлөлгүй байсан гэнэ.
Магадгүй судалгаанд оролцсон согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй хүмүүсийн нас баралтын түвшин, аливаа өвчин тусах эрсдэл өндөр байсан нь тэд өмнө нь согтууруулах ундааг хэт их хэрэглэж байсантай холбоотой байж болно. Учир нь бие организм согтууруулах ундааны хэрэглээнд аль хэдийн дасаж, гэнэт огт хэрэглэхээ болихоор сөрөг үр дагаврыг харуулж байх магадлалтай.
Хоёрдугаарт, судалгааг европын орнууд, АНУ болон санхүүжилт авах боломжтой орнуудад хийсэн учир бусад орнуудад судалгааны үр дүн тэс өөр байх магадлалтай. Зарим тохиолдолд тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж согтууруулах ундааг боловсруулах фермент байхгүйгээс болж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хүмүүс ч бий.
Тиймээс өөрийн биеийн онцлог, өөрийн амьдарч байгаа орны онцлог, согтууруулах ундааны чанар, амьдралын хэв маяг зэргийг харгалзаж судалгааны үр дүнд хандах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.
https://www.caak.mn/post/view/268079


www.nutag.mn