Пакистаны мэдэгдлийн дараа газрын тосны үнэ буурлаа
АНУ, Ираны дайны энхийн зуучлагч Пакистаны мэдэгдлийн дараа газрын тосны Азийн арилжааны үнэ буураад байна. Тодруулбал, өнөө өглөөний байдлаар /2026.06.15/ брент маркын газрын тосны үнэ дөрвөн хувиар буурч, баррель нь 83.81 ам.доллар хүрсэн бол АНУ-д арилжаалагддаг газрын тосны үнэ 4.7 хувиар буурч, 80.89 ам.доллар хүрлээ.
АНУ, Ираны энхийн хэлэлцээнд гарын үсэг зураг албан ёсны үйл ажиллагаа зургадугаар сарын 19-нд Швейцарьт болно гэж Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф мэдэгдсэн. Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади ч энэ мэдэгдлийг баталгаажуулж, “АНУ, Ираны хэлэлцээ эцэслэгдэж байна” гэж телевизээр хэлжээ. Харин Трамп цахим сүлжээндээ “Газрын тосыг урсгацгаая” гэж зарласан байна.
Гэвч хэлэлцээний нарийн ширийн зүйлсийн талаар мэдээлэл дутмаг байгаа нь зах зээлд тодорхойгүй байдал үүсгэх эрсдэлтэй гэж эрчим хүчний зах зээлийн ажиглагч “Vanda Insights” фирм мэдэгджээ.
АНУ, Ираны дайнаас өмнө брент маркын газрын тосны үнэ баррель нь 70 ам.доллараар арилжаалагдаж байв. Гэвч дайны хугацаанд оргил үедээ баррель нь 120 ам.доллар хүрсэн билээ. Хэдийгээр үнэ буурсан ч дайны өмнөх түвшиндээ эргэн очтол хол байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.
Юун түрүүнд усан замд байршуулсан минануудыг цэвэрлэх шаардлагатайг “Lipow Oil Associates” компани сануулжээ. Энэ ажилд зургаан сар хүртэлх хугацаа шаардагдана гэж үзэж байна.

