Сэрэмжлүүлэг: Үерийн улмаас 8 иргэн амь насаа алдаж, 1 иргэн бэртэж гэмтжээ

94

Монгол орны хэмжээнд 06,07 дугаар сард Баян-Өлгий, Дорнод, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар олон жилийн дунджаас 20-80 хувиар ахиу дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас гол мөрөн үерлэх, уруйн үер бууж, иргэд үерт өртөх эрсдэл их байна. Тухайлбал, Төв, Говьсүмбэр аймгийн нутгаар 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас Төв аймгийн нутаг дэвсгэрт 3 иргэн, Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дэвсгэрт 7 дугаар сарын 3-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас 5 иргэн, нийт 8 иргэн (үүний 2 хүүхэд) үерт өртөж амь насаа алдаж, 1 иргэн бэртэж гэмтсэн байна. Мөн үерийн улмаас Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт 2400 гаруй өрх айл, 13 нийтийн орон сууц үерийн усанд автаж, Архангай, Говьсүмбэр, Төв аймгийн нутаг дэвсгэрт 7000 гаруй толгой мал хорогдсон байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 11, 12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай, бороо орох төлөвтэй байна.

Амралт зугаалгын улирал эхэлсэн, баяр наадмын  амралтын өдрүүдээр хөдөө орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан үерийн аюулаас урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдэлээс эрүүл мэнд, амь насаа хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих, голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Гол, усны осол иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дах жилдээ зохион байгуулан ажиллаж байна. 06 дугаар сарын 10-аас эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа “Завьт эргүүлийнхэндөрвөн иргэний амь насыг гол усанд осолдохоос нь урьдчилан сэргийлж авран хамгааллаа.

Улсын хэмжээнд он гарсаар 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар усны ослоор 39 хүн амь насаа алдсан байна.  Үүний 30 нь том хүн, 9 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Хангай нурууны арын Чулуут,  Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Чигэртэй, Төгрөг, Увс нуурын савын Хариг, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Буянт, Хариг, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна.

Иймд:
– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.