Э.Эрдэнэсувд: Зөвхөн Монголчууддаа хилээ нээж, энгийн тарифаар татах гарц байна

678
Гадаадад байгаа монголчуудын нөхцөл байдлын талаар Их Британид гацсан иргэн Э.Эрдэнэсувдтай холбогдож ярилцлаа.
 
-Таны хувьд тухайн улсдаа хэр удаан ажиллаж, амьдарч байна вэ. Нутаг буцаах иргэдийн бүртгэл, элчин сайдын яамны хамтын ажиллагаа хэр байна вэ? 
-Би Английн Манчестер хотод ноднин намар мэргэжил дээшлүүлэхээр хагас жилээр ирээд гацсан. Одоогоор Их Британи болон Ирландад нутаг буцаж чадалгүй тав дахь сардаа гацаж байгаа 370 гаруй иргэн байна. Ихэнх нь буцах хүсэлтээ гуравдугаар сард ЭСЯ-нд гаргасан.  Чартер нислэгт багтаж чадахгүй байгаадаа ЭСЯ-ыг буруутгамааргүй байна. Учир нь эцсийн шалгаруулалтыг УОК-ын Шуурхай штаб дээр хийдэг.
 
Ёстой холион бантан. Өвчтэй, хөгшин, жирэмсэн, хүүхэд, -18 оюутан гэсэн “таван шалгуур”-аар хүмүүсээ чадлаараа татаад байгаа л гэдэг. Гэвч аль төлбөрийн чадвартай, танил талтай хүмүүс нь нислэгт багтаад түрүүлээд харьж байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газар иргэдээ “хөрөнгө чинээ”-гээр нь ялгаварлан гадуурхаж байгаа явдал.
 
Оюутан хүүгээ эргэх гэж Англид ирээд гацсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн чартераар нисэх иргэдийн жагсаалтад нэр нь хоёр удаа багтсан ч нислэгийн зардлаа төлж дийлэхгүйн улмаас үлдсэн. 
 
Бид өнгөрсөн долоо хоногт онлайнаар “Гэртээ харихад нь тусалъя” хандивын аян явуулж, буцах зардалд нь зургаан сая төгрөг цуглуулж өгсөн. Тиймээс долдугаар сарын 26-ны Франкфурт-Улаанбаатар чиглэлийн чартераар буцаана гэж найдаж байна. Энэ бол ганц л жишээ. Ажил орлогогүй хүний газар олон сар гацсан иргэд байдгаа барж орох байх газраа олохгүй тэвдэж явах нь улам ихэсч байна. Хүний нутагт битгий хэл эх орондоо мөнгөгүй хагас жил амьдрах хэчнээн хэцүү билээ.
 
Бид яах аргагүй ганц хүнд мөнгө босгож тусаллаа. Гэвч хүн бүрт чадахгүй. Тиймээс иргэд нийлж өнгөрсөн сарын 23-нд “Зөвхөн монголчууддаа хилээ нээх, энгийн тарифаар иргэдээ татах тухай шаардлага” Монголын Засгийн газарт хүргүүлэх хүсэлтээ ЭСЯ-даа гаргасан. Элчин сайд бидэнтэй уулзаж, шаардлагыг 25-ны өдөр УОК шуурхай штаб, ГХЯ-ны Консулын газар хүргүүлсэн гэж хэлсэн. Гэвч одоо хүртэл хариу алга. Даажигнаж буй мэт, долдугаар сарын 9-ний чартер нислэгт Англиас найм, Ирландаас нэг хүн багтаасан. Энэ хурдаар бол 370 иргэн энэ жилдээ ч нутагтаа буцаж чадахгүй. 
 
-Цар тахлын улмаас дэлхий нийт хилээ хаагаад хагас жил боллоо. Үүнээс болж олон мянган монгол иргэн гадаадад гацсан. Энэ хугацаанд ажил, амьдрал хэрхэн өрнөж, нөхцөл байдал ямар байна вэ? 
-Би хагас жил суралцаад гуравдугаар сард харих ёстой байлаа. Манай сургуульд олон улсын оюутнууд сурдаг л даа. Итали, Испани, Франц гээд Европын орнуудад ковидын өвчлөл ид дэгдэж эхлэхэд сургуульд ханиадтай халуунтай оюутнууд, багш нар их болсон. Сэжиглэснээсээ болоод би ч ганц хоёр хий ханиалгаж эхэлсэн. Бас амт үнэр муу мэдэрч байсан болохоор өөрийгөө гэртээ тусгаарлаж, дахиж сургуульдаа очилгүй хичээлүүдээ онлайнаар дуусгасан.
 
Түр хугацаагаар ирсэн болохоор эрүүл мэндийн даатгал байхгүй, тухайн үед Үндэсний Эрүүл Мэндийн Сервис (NHS)-ийн зааврын дагуу гэртээ тусгаарлагдаж, ковид шинжилгээ өгч чадаагүй, тэгсгээд өвчний шинж тэмдэг ч намжсан. Ковид мөн бишийг мэдэхгүй. Ковидоос болж түрээсийн байрны эзэн үргэлжлүүлж суулгах хүсэлгүй байгаагаа хэлсэн. Түүнээс хойш гурван сар гаруй сайхан сэтгэлт гадаад, дотоод найз нөхдийнхөөрөө хоног төөрүүлж байна. Монголд байгаа хүмүүс гадаадад гацсан иргэдийг “Зугаа цэнгэл хөөж, нутгаа хаяж явсан” гэх мэтээр зүсэн зүйлээр хэлж дайрах юм. Эндээ ажил хийе гэхээр сургалтын түр вийзтэй хүмүүс ажиллах эрхгүй. Эрхтэй байлаа ч суурин иргэд нь ажилгүйдэлд өртөж байхад явуулын хүмүүст ямар ажил олдох вэ дээ. Хэрэглээний зардлаа гэрээсээ авч байгаа.
 
Монголд бас хөл хорио тавигдахгүй байгаа болохоор тэд маань ч мөнгө төгрөг муутай. Хамаатан, найз нөхөд санаа нь зовж хэдэн төгрөг цулуулж өгдөг. Мөн Манчестер дахь сайн үйлсийн аян, Лондон дахь Монголчуудын холбоо оюутнуудад хүнсний ваучер өгч буян болж байгаа. Тэднээс гурван удаа тусламжаар хүнс авсан. Хэдий цөвүүн цаг нүүрлэсэн боловч монгол хүмүүсийн бие биенээ гэх сайхан сэтгэл сайн цагт байгаагүйгээр тод гэрэлтэж байгаад залбирч байна. Бид Ковидын хоёр дахь давлагаанаас өмнө эх нутагтаа хөл тавих л хүсэлтэй байна. Төр засаг маань биднийг авч чадахгүй юм бол бид эжий аавдаа, үр хүүхдэдээ, хань ижилдээ хөлөөрөө, хөлөөрөө биш бол элгээрээ мөлхөөд ч болов очно.
 
-Олон хүн орох оронгүйн улмаас сүм хийд рүү очиж байна гэх зэргээр таагүй мэдээллүүд гарах юм? 
-Дэлхийн 30 гаруй оронд гацсан монгол иргэд цахим орчинд нэгдэж, оршин сууж байгаа орнуудынхаа ЭСЯ-аар дамжуулан Засгийн газарт шаардлага хүргүүлсэн боловч дорвитой хариу аваагүй. Тийм болохоор бид Хүний эрхийн комисс болон Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргахаар өмгөөлөгч авч ажиллаж байгаа. Тэгээд ч бүтэхгүй бол Үндсэн хуулиар олгогдсон эрхүүдээс гарт минь үлдсэн цор ганц эрхийнхээ дагуу Олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандъя гэж шийдсэн.
 
Үндсэн хуульд иргэн бүр амьд явах, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эх орондоо эргэж очих, хөрөнгө чинээгээр гадуурхагдахгүй байх, төр захиргааны байгууллагад хүсэлт өргөдлөө гаргаж шийдвэрлүүлэх, нэр төрөө хамгаалуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх, сонгох зэрэг 18 эрхийг эдэлнэ гэж заасан. Гадаадад гацсан иргэд хүнд ноцтой гэмт хэрэг хийж “бүх эрхээ хязгаарлуулсан” шоронгийн хоригдлоос ч долоон дор амьдарч байна. Америкт оюутан охин дээрээ очоод гацсан гэр бүлийн хоёр аргаа бараад Христийн сүмд очиж хоног төөрүүлэн, тэндээсээ хүнсний тусламж авч байна гэж холбогдсон. Солонгост ч ийм жишээ олон байгаа.
 
Ажилгүй олон сар гацсанаас Монгол дахь байрны лизингийн төлбөрөө төлж чадахгүй, өндөр хүүтэй өр төлбөрт унаж буй өчнөөн зуун жишээг гадаадад гацсан монголчууд хэлдэг. Миний хувьд Монгол дахь ажлын газраасаа хагас жилийн чөлөө авч ирсэн ч одоогийн нөхцөл байдлаас болж  ажлын байраа хадгалж үлдэх аргагүй болоод байгаа. Хилийн чанад дахь иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудал хөндөхөөр Монголдоо байгаа иргэд өөрсдийнхөө “амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах” эрхийг сөргүүлж тавиад загнахыг хараад их харамссан.
 
Цөөн хүн амтай ардчилсан улсад маань иргэн бүр нь эрдэнэ байх учиртай. Гэтэл хилийн чанадад 10000 эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байхад “биднийг бодоод та нар минь битгий ирээч” гэж хэлж байгаа элэг нэгт ах дүү нар минь дэндүү хүнлэг бус, даанч энэрэлгүй санагдана.
 
-Хил нээгдэхийг хүлээсээр гадаадад олон хүн нас барж байгааг гадаадад гацсан монголчууд хөндөж шаардсаар ирлээ. Та бүхэн үргэлж холбоотой байдаг байх? 
-Хил нээхийг хүлээж тэсэлгүй эмнэлгийн орон дээр нас барж байгаа иргэдийн тоо нэмэгдсээр байна. Америк, Швед, Солонгос, Японд ковидын халдвар болон бусад өвчний шалтгаанаар иргэд нас барлаа. Шууд холбоотой гэж хэлж чадахгүй ч олон сар хөл хорионд хоол унд муутай байсан оюутан Польш улсад амиа хорлолоо. Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж байсан бүсгүй 21 хоногийн карентиныг даалгүй нас барсан гунигтай түүхийн гэрч болцгоолоо.
 
Англид ч сэтгэл гутралаас болж эмчийн хяналтад орсон хэд хэдэн оюутан байна. ЭСЯ өдийг хүртэл иргэдэд ямар ч бодитой тусламж үзүүлээгүй. Харин Лондон болон Манчестер дахь монголчууд эдгээр оюутанд хүнсний тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсээр ирсэн. Суурин байдаг монгол айлууд байрнаасаа хөөгдөж, сэтгэлийн хямралд орсон оюутнуудаас ганц нэгээр нь гэртээ авч сувилж байгаа явдал ч байна.
 
Төр засаг маань, гадаад дотоодод байгаа монгол иргэдийн хэн нь ч ийм хүнд цаг үеийг туулж байсангүй. Мэдлэг, туршлага, бэлтгэл байхгүйг ойлгож байна. Гэвч тав хоног биш, таван сар өнгөрч байхад өдийг хүртэл харьж чадахгүй төр засагтаа гомдож цөхөрсөн иргэдийн дуу тасрахгүй байна шүү дээ. Байдал ийм байхад жилдээ 400 сая жуулчин хүлээн авна гэж яаж төсөөлж чадаж байна вэ. Энд ямар ч эрүүл ухаан, логик алга.
 
-Дэлхий нийт цар тахлын хоёр дахь давлагаа эхэллээ гэж сануулж байна. Энэ аюулаас амжихын тулд гадаадаас иргэдээ татан авч байгаа өнөөгийн бодлого шийдвэрээс өөр ямар гарц гаргалгаа байна вэ? 
-Хоёр дахь давлагаа эрт оройгүй эхлэх нь гарцаагүй. Англи болон Европын улс орнууд хөл хориогоо сулруулж, чөлөөтэй нэвтэрч байна. Хилийн чанадад гацсан иргэдээ энэ давлагаанаас өмнө хурдтай татаж авахыг бид шаардаж байгаа. “Монгол Улс хоёрхон онгоцтой, цөөхөн буудалтай, мөнгөгүй ядарсан улс шүү дээ” гэж ам таглахаа одоо болих ёстой. Онгоц, байр асуудал огт биш.
 
Чехийн Дотоод хэргийн яамнаас тус улсад гацсан монгол иргэдийг үнэгүй хүргэж өгөх санал тавихад УОК зөвшөөрөөгүй.
Филлипинд гацсан иргэд “Хүннү эйр” компанитай нислэгээ тохирч, тусгаарлагдах байраа хүртэл олсон байхад УОК мөн л зөвшөөрөөгүй. Бельгид гацсан иргэд ч хоосон хаалга мөргөсөн. Малайзад гацсан иргэд МИАТ-аас хавьгүй хямд зардалтай нислэг хийлгэхээр тохирч, УОК руу зөвшөөрөл хүсэхээр хөөцөлдөж байна. Яагаад бид энгийн тарифаар харьж болохгүй, заавал МИАТ-ын хоёр талын зардлыг гаргах ёстой гэж.
 
Харсаар байтал гурван тэрбумаар усан оргилуур, наадам хийж байна. Олон тэрбумаар сонгууль хийж, донор байгууллагуудаас зуу зуун сая ам.долларын буцалтгүй тусламжийг Ковидтой тэмцэх гэж авлаа шүү дээ. 10 мянган иргэнийг 40 удаа нисээд л авна. Сэтгэл л дутаад байгаа юм болов уу даа.
 
Мөн Монголын талаарх мэдээлэл улам хаалттай болж байгаад санаа зовж байна. Манай нийгэмд чөлөөт байдал хумигдаж, дарангуйллын өнгө аяс тодорч байна. Ялангуяа, УИХ-аас баталсан Ковидоос урьдчилан сэргийлэх тухай хуулийг далимдуулж эрх баригчид иргэдийг төрөл бүрээр хааж боох гэж оролдох болсон нь мэдрэгдэж байна. Үзэл бодлоо илэрхийлэх, шаардлага хүргүүлэх, цуглаан хийх үеэрээ цагдаа хүчнийхэнд хөөгдөж туугдсан, баригдаж саатуулагдсан хүмүүсийг сошиалаас олон харсан. Хүн бүр мэдээллийн эрх чөлөөгөө эдэлдэг, дуу хоолойгоо илэрхийлдэг байгаасай. Хүн бүрт хөгжлийн тэгш боломж олдоосой. Ийм л зүйлийг хүсэж байна.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.