ХБИ-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 50 хувийн хөнгөлөлттэй зээл олгож байна

911
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас буюу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Энэ дагуу бид Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан ЖДҮ эрхлэгч н.Оюунчимэгтэй уулзаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай нь танилцлаа.


Тэрээр 1998 оноос нярай хүүхдийн өлгий, хувцас оёж эхэлсэн юм байна. Харин одоо бүтээгдэхүүний төрөл зүйлсээ өргөжүүлсээр, нярай хүүхдэд хэрэгтэй бүхий л зүйлийг хийе гэсэн эрмэлзэлтэйгээр ажиллаж байгаа гэж ярьж байлаа. Мэдээж үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд хөрөнгө санхүүжилт зайлшгүй шаардлагатай. Гэвч ЖДҮХС-гаас 3 жил дараалан зээл хүссэн ч хасагдсан байна. Хасагдсан шалтгаан нь бичиг баримтын бүрдүүлэлт дутуу гэжээ. Харин түүний хэлснээр бол нэг ч дутуу бичиг баримт байгаагүй гэнэ.


Ингээд БЗД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандаж дээр дурьдсан хөтөлбөрт хамрагджээ. Улмаар хөтөлбөрийн дагуу олгогдсон санхүүжилтээр оёдлын машинууд, тоног төхөөрөмжүүд худалдан авсан байна. Тэрээр нөгөө талаараа ажил олгогч бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй 4 иргэн, хүргэлт, борлуулагч гэхчлэн нийт 8 ажилтантай. Хөтөлбөрт хамрагдсанаар авч байгаа санхүүжилт хүрэлцээтэй гэсэн бөгөөд н.Оюунчимэг анх буцалтгүйгээр 500 мянган төгрөг, дараа нь дахин 1 сая төгрөгийг тус тус авчээ. Харин сүүлд нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 5 сая төгрөгийн хүүгүй зээл авсан бол энэ жилийн онцлогийн хувьд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 50 хувийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм байна. Өөрөөр хэлбэл 5 сая төгрөгийн зээл олгоод 2.5 сая төгрөгийг нь чөлөөлөх юм.


н.Оюунчимэг нь нярай хүүхдийн хувцас, амны хаалт, багц өлгий хэрэглэл зэргийг оёж, үйлдвэрлэхээс гадна энэ жил Оюутолгой ХК-ийн ажилчдын бээлийний захиалга авч, нийлүүлж эхэлжээ. Түүний хэлснээр тогтмол үйл ажиллагаагаа явуулж чадаж байгаа иргэд төрөөс хэрэгжүүлдэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр явуулж байгаа хөтөлбөр, сургалт, санхүүжилтэд байнга хамрагдаад явах бүрэн боломжтой гэдгийг онцлон хэлж байсан юм.





скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.