Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо
ЭМЯ-наас тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Тодруулбал, Ховд аймгийн Цэцэг сумаас ирсэн 27 настай /эрэгтэй/ иргэн аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвд биеийн байдал маш хүнд гэсэн оноштойгоор эмчлэгдэж байна. Тэрээр энэ сарын 22-ны өдөр гэр бүлийнхэн, найз нөхдийн хамт нийт 11 хүн байгалийн голомтот бүс буюу тарваган дунд өвчлөл их байгаа бүс нутагт 3 тарвага агнаж хүнсэндээ хэрэглэсэн гэжээ. Улмаар 26-ны өдөр эмнэлэгт хандаж, түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад тарваган тахлын уушгины хэлбэр байж болзошгүй гэсэн хариу гарсан байна. Үүн дээр лабораторийн болон нян судлалын шинжилгээ хийгдэж маргааш орой хариу нь гарах аж.
Албаныхны мэдээгээр 1-р хавьтлын 50 гаруй, 2-р хавьтлын 400 гаруй хүн байгаа юм байна. Үүнтэй холбогдуулж Ховд аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, эхний ээлжинд тухайн сэжигтэй тохиолдлын явсан газруудаар ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, мөн хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байна.
Тарваган тахлын уушгины хэлбэр гэдэг нь амьсгалын замаар халдварладаг учраас нас баралт маш өндөр буюу 30-40 хувьтай. Коронавирусийн хувьд нас баралтын хувь 2,5 байдаг бол түүнээс даруй хэдэн арав дахин эрсдэлтэй юм байна. Ерөнхийдөө клиник шинж тэмдэг, хүндрэл, нас баралт нь Ковид19-тэй маш төстэй гэдгийг ЭМЯ-наас онцгой анхаарууллаа.
Иймд тарвага агнахгүй байх, нохой зууж ирсэн, хөдөлгөөн нь удааширсан тарвагаас сэрэмжлэх, тарваганы мах идэхгүй байх, арьс салстыг нь өвчихгүй байхыг зөвлөж байна.