Монголын төрийг салбар салбарын чадварлаг, зангарагтай хүмүүс нэгдэж удирдах ёстой
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд улс төр, нийгмийн янз бүрийн төлөөллүүд оролцохоор нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Эрүүл мэндээс Ж.Чинбүрэн, эдийн засгаас Р.Амаржаргал, эрх зүйд Тэмүүжин гэх зэргээр хөвөрч байна. Бүр нарийн салбарын мэргэжилтнүүд ч байна. Мэдээлэл технологийн салбараас Сүндий, уул уурхай судлалын Г.Дамдинням гэх зэрэг. Тэдний дунд хүчний байгууллагын төлөөллүүд орсон нь энэ удаагийн сонгуулийн нэгэн сонин хуудас болж байгааг онцолж байна. Гурван ч генерал нэр дэвшчээ. Тэдний нэг Хил хамгаалах газрын дарга асан хошууч генерал Ц.Сэргэлэн УИХ-ын ээлжит сонгуульд төрөлх Дорнод аймгаатаа өрсөлдөж байна. Түүнийг онцлохын учир нь тэрбээр хил хамгаалах байгууллагад бүх насаараа байлдагчаас генерал хүртлээ алба хаасан манай дайчин генералуудын нэг. Монгол улсын Засгийн газрын үе үеийн Ерөнхий сайдууд ч тэр Ц.Сэргэлэн генералыг чадварлаг зангарагтай дарга гэж өндрөөр үнэлдэг байсан юм билээ. Харин Хил хамгаалах албаныхан Ц.Сэргэлэн генералийг хэлсэн үгэндээ заавал хүрдэг “төрмөл удирдагч” гэж ярьдаг тухай сонсож байсан юм байна. Өнөөдөр монголд их, дээд сургууль төсгөөд, жаахан мөнгөтэй, болчихвол улс төр рүү орж болно гэсэн ойлголттой болчихож. Дөнгөж 30 шүргэж яваа, жаахан татаастай, сонгуульд өрсөлдөхөд гарах зардлыг гаргачих боломжтой болсон залуучууд УИХ-ын гишүүн болно гээд зүтгээд байна. Тийм учраас энэ удаагийн УИХ-ын сонгуулиар амин хувийн ашиг хонжоо хайсан хүмүүст саналаа өгөлгүй Ц.Сэргэлэн генерал шиг шударга, төрийн хүний хат суусан хүнийг сонгохыг сонгогч олондоо хандан уриалж байна. Тэгж байж гэмээнэ Монгол улсын хөгжил дэвшил илүү баталгаатай болж, улс орон маань улсын дайтай улс болох боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.
Ж.Бат