Ким Жон Уны ЗАЛЬ МЭХ
Өмнөд Солонгос руу дүрвэн гарсан Хойд Солонгосын өндөр албан тушаалтан асан Ри Ил Кю "BBC" агентлагт хэлэхдээ Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол Ким Жон Ун баярлаж, томоохон боломж гарч ирсэн гэж үзэх болно гэлээ. Өмнө нь хоёр орны удирдагчид хэд хэдэн хэлэлцээр байгуулах гэж хичээж байсан ч бүтээгүй. Гэхдээ энэ удаа Трамп ялалт байгуулбал Ким хувийн харилцаагаа ашиглан хориг арга хэмжээнд байгаа цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх гэж үзэж магадгүй гэж Ри Ил Кю тайлбарлав.
Тодруулбал, хэрэв Трамп цөмийн хөтөлбөрийн хориг арга хэмжээг хэрэгсэхгүй болгох бол Ким Жон Ун үүнийг ашиглахгүй болгоно гэж амлах ч үнэн хэрэгтээ гадаад орнуудад борлуулж магадгүй.
Ри Ил Кю Пёньянд ажиллаж байх үедээ цуглуулсан мэдээллээр бол Хойд Солонгос улс Трампийг цөмийн зэвсгийн хөтөлбөрийн талаар хэлэлцээ хийх хамгийн боломжит хүн гэж үзэж байна. Трамп өмнө нь ерөнхийлөгч байх хугацаандаа Хойд Солонгостой харилцаа тогтоож байсан бөгөөд үүнийгээ амжилт гэж тодорхойлж байжээ. Тэрбээр Ким Жн Унтай захидлаар харилцдаг болохоо илэрхийлж байсан бөгөөд өнгөрсөн сард нэг нэгэндээ амжилт хүссэн талаар кампанит ажлынхаа цуглаан дээр хэлж байжээ.
Трамп хэлэхдээ, "Ким намайг дахин ерөнхийлөгч болохыг хүсч буйгаа хэлсэн. Үнэнийг хэлэхэд тэр намайг санаж байгаа бололтой" гэжээ.
Хойд Солонгос энэхүү ойр дотно харилцаагаа өөрт ашигтайгаар ашиглана гэж Ри Ил Кю хэлсэн бөгөөд цөмийн зэвсэгтэй улс хэзээ ч сайн сайхны төлөө цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй, зөвхөн хууран мэхлэлт байх болно гэв.
АМЬДРАЛ ЭСВЭЛ ҮХЛИЙН ТОГЛООМ
Ри Ил Кю найман сарын өмнө Хойд Солонгосоос дүрвэсэн бөгөөд одоо гэр бүлийн хамт Өмнөд Солонгост амьдарч байна. Авлига, хээл хахууль, эрх чөлөөгүй байдлыг олон жил тэсвэрлэж байсан ч хүзүүний дискийн гэмтэл авч Мексикт очиж эмчлүүлэх хүсэлт тавих үед нь Пёньяны эрх баригчид зөвшөөрөөгүй. Тэр л үед Ри Ил Кю гэр бүлийнхээ ирээдүйн төлөө эх орноосоо зугтах замыг сонгожээ.
Тэрбээр "Би Хойд Солонгосын хамгийн шилдэг нэг хувьд харьяалагдаж байсан ч Өмнөдийн дундаж амьдралтай гэр бүлээс долоон дор амьдарч байсан" гэжээ.
Ри Ил Кю Куба дахь Хойд Солонгосын дипломатч байхдаа сард ердөө 500 ам.доллар олдог байсан тул гэр бүлээ тэжээхийн тулд Хятадад хууль бусаар Куб навчин тамхи зардаг байжээ. Тэрбээр эхнэртээ зугтах тухайгаа хэлэхэд нь эхнэр нь аж сандарсандаа зүрхний асуудалтай болсон тул цаашид нууцаар төлөвлөж эхэлсэн аж. Дараа нь эх орноосоо зугатахаас зургаан цагийн өмнө гэр бүлийнхэндээ явах шаардлагатай байгааг хэлсэн байна. Ри Ил Кю тэр мөчийг дурсахдаа "Амьдрал үхлийн тоглоом" гэж тодорхойлдог. Учир нь Хойд Солонгосын жирийн иргэд дүрвэж байгаад баригдсан бол хэдэн сарын турш тамлуулдаг.
Гэхдээ элитүүдийн хувьд улс төрийн хорих лагерьт амь насаа алдах эсвэл цаазлуулах гэсэн хоёр л төгсгөл бий.
ШАЛТГААН
Орос болон Хойд Солонгос сүүлийн жилүүдэд гар нийлж байгаа талаар Ри Ил Кю хэлэхдээ, Украины дайн Пёньяны хувьд аз байсан. АНУ, Өмнөд Солонгос зэрэг барууны орнууд бүх зүйлээ Украинд дэмжлэг болгон өгч байхдаа Хойд Солонгосыг тоох, хянах завдалгүй байсан гэж тэрбээр хэлжээ.
Тодруулбал, барууны орнууд бүх хөрөнгө, санхүүгээ Украинд зарцуулж байхад Хойд Солонгос цөмийн зэвсгээ үргэлжлүүлэн хөгжүүлэх боломжтой болсон.
Энэ үед Орос Хойд Солонгост тавьсан барууны хориг арга хэмжээнд "цоорхой" үүсгэсэн бөгөөд энэ нь Ким Жон Унд цөмийн зэвсэг, пуужингаа чөлөөтэй хөгжүүлж, батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх боломжийг олгосон. Үүний зэрэгцээ АНУ-д хориг арга хэмжээг зөөлрүүлэх уриалга гаргах шаардлагатай болсон байна. Украины дайн дууссаны дараа Орос улс Хойд Солонгостой харилцаагаа тасалж магадгүй гэж Ри Ил Кю үзжээ.
Учир нь Ким Жон Ун барууны том орон болох АНУ-тай харилцаагаа сэргээхийг илүүд үзэх болно.
Ким Жон Уны хувьд оршин тогтнолоо хадгалж, эдийн засгаа хөгжүүлэх цорын ганц арга зам бол АНУ-тай харилцах харилцаа аж. Тиймдээ ч "захианы найз" Дональд Трампийг ерөнхийлөгч болохыг хүлээж байгаа гэж Ри Ил Кю хэлжээ.
Хойд Солонгосын хувьд "Covid-19" тахлын үед хилээ хааснаар эдийн засгийн уналтад орсон бөгөөд одоог хүртэл сэргэлт аваагүй. Энэ нь Пёньяны томоохон дипломатуудад хүртэл нөлөөлсөн байна. Учир нь хил нээх үеэр гадаад орнуудад хуваарилагдсан дипломатууд гэртээ ирэх үед гэр бүлийнхэн нь шүдээ угаах сойз ч үгүй болсон байсан талаар Ри Ил Кю дурссан. Ким Жон Ун ард иргэдээ үнэнч байхыг шаарддаг ч олон жил тэднийг зовлонт амьдралаар амьдруулсан тул нэг л өдөр Хойд Солонгос мөхөх болзошгүй болсон. Тиймээс Оростой "найзалж" байсан орны хувьд барууны, тэр дундаа Дональд Трампийн туслалцааг авч, цөмийн зэвсгээ өргөжүүлэн, эдийн засгаа сэргээх шаардлагатай нүүр тулж байна.
Эх сурвалж: BBC