“Ус болон хийн цахилгаан станцыг хөгжүүлэх хэрэгтэй”

121

Зүүн хойд азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги суурь судалгаанд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг түшиглэсэн бүтээн байгуулалтыг гурван үе шаттай төлөвлөжээ. Нэгдүгээрт, 2026 онд +5 ГВт-ын нар, салхины эх үүсвэрийг суурилуулан, экспортлох. Хоёрдугаарт, 2036 онд +10 ГВт-ын нар, салхины эх үүсвэрийг суурилуулан, экспортыг нэмэгдүүлэх. Гуравдугаарт, 100 ГВт-ын нар, салхины эх үүсвэрийг суурилуулан хэтийн төлөвийг хангах юм байна.

 

ХҮЛЭМЖИЙН ХИЙГ 57 САЯ ТОННД ХҮРГЭЖ БУУРУУЛНА

ЭХЯ-наас хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээ авч байгаа тухай хэлж байна. Монгол Улс "Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт“-ын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралыг 2030 оны түвшинд 16.9 сая тонн болгож бууруулах амлалт авчээ. Тэгвэл 2015 он 74 сая тонн хүлэмжийн хий үйлдвэрлэдэг байсан богино хугацаандаа 30 хувь бууруулж 57 сая тоннд хүргэхээр зорьж буй. Хүлэмжийн хийн гол үйлдвэрлэгч нь эрчим хүчний салбар, тэр дундаа барилга, үйлдвэр, тээврийн салбар. Түүнчлэн хөдөө аж ахуй, хог хаягдлын салбар ордог байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тавьсан Тавантолгойн ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС болон цахилгаан дамжуулах шугам, Эгийн голын УЦС, цэнэг хуримтлуулах станц зэрэг төлөвлөж буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн бүтээн байгуулалт, салбарын үнэ тарифыг индексжүүлж бие даасан тогтолцоонд үе шаттай шилжих ажлыг хийж буй. Салбарын яам “Сэргээгдэх эрчим хүчний тухайд зохистой харьцаагаар хөгжүүлэн, усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангахад анхаарч байна” гэв. Ингэхдээ сүлжээний уян хатан байдлыг хангахын тулд усан цахилгаан станц, ус хуримтлуулах цахилгаан станц, хийн цахилгаан станц, батарейн хуримтлуурт эх үүсвэрүүдийг хөгжүүлэх нь чухал байгаа аж.

Эдгээр эх үүсвэрүүдийг горим тохируулгын гэдгийг  ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Ерэн-Өлзий хэллээ. Тиймээс манай улсад ус хуримтлуурт УЦС барихаар Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг, Ерөө голын хөндий зэрэг нийт 60 газрын байршлыг тогтоогоод буйг мэдээллээ. АХБ-ны  дэмжлэгтэй, 100 МВт-ын хүчин чадалтай уг бүтээн байгуулалтын ТЭЗҮ-г боловсруулаад байгаа бөгөөд уг станц ашиглалтад орсноор жилд 219 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар тооцжээ.

 

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭРИЙГ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ”

Манай улсын эрчим хүчний хэрэглээнийхээ 22.3 хувийг импортоор хангадаг. Импортын хэрэглээний 58.6 хувийг БНХАУ-аас, 38.7 хувь нь ОХУ-аас авдаг байна. Ингэхдээ урд хөршөөс авч байгаа эрчим хүчний гол хэрэглэгч нь Оюутолгой. Харин баруун болон төвийн бүсийн зарим хэрэглээг хойд хөршөөс авч хангадаг аж. Эндээс харвал Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ дотооддоо бүрэн хангахын тулд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх шаардлага тулгарч байгааг салбарын мэргэжилтнүүд хэлдэг.

Манай улсад Азийн хөгжлийн банк нэлээдгүй төслийг хэрэгжүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний салбарт ч мөн төсөл хэрэгжүүлж байна. Дэлхийн нийтээр цэвэр эрчим хүч рүү шилжиж буй өөрчлөлттэй холбоотойгоор тус банк бодлогоо өөрчилж шинэчилж ирсэн байдаг. Монгол Улс дахь АХБ-ны суурин төлөөлөгч Шэннон Коулин “Нүүрсний бус, эрчим хүчний төрөл бүрийн болон шинэ эх үүсвэрийг ашиглах боломжтой. Улаанбаатар хотод цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлэг зэрэг байгууллагын өвлийн улирлын халаалалтыг газрын болон хийн эрчим хүчээр шийдэж байгаа” гэв.

Улс орнуудын Засгийн газар нүүрснээс татгалзаж, эрчим хүчний шинэ, цэвэр эх үүсвэрийг ашиглах дээр янз бүрийн байр суурьтай байдаг. Гэхдээ эрчим хүчний хэрэглээ, ашиглалт дээр үнэлгээ хийж, өртөг зардлыг тооцон гаргах учиртай. Ингэснээр салбарын зардлыг бууруулж хямдруулж өөрчлөх боломжтой хэмээн энэ чиглэлээр ажиллаж байгаа Энэтхэг, Казахстан, Узбек зэрэг орны жишээг хэлсэн юм.

 

“ТОМ ЧАДЛЫН ХУРААГУУР”

 

Ус хуримтлуулж цахилгаан, эрчим хүч гаргаж ашиглах нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт орох бөгөөд сэргээгдэх эрчим хүч нь нарны, салхины, усны болон биомассын, мөн далайн татралт, түрэлтийн эрчим хүч, газрын гүний дулааны эрчим хүчээс бүрддэг, байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг энерги юм. Эндээс салхины эрчим хүчээр жишээ авахад нөөц сайтай газар нэг км ам дөрвөлжин талбайгаас дор хаяж долоон мегаватт (МВт) эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байдаг аж.

Салхин цахилгаан станцуудын суурилсан хүчин чадал жилд 1.100.000 МВт, 2.5 их наяд киловатт цаг (КВт/цаг) эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц ажлыг  хэрэгжүүлэх хүрээнд 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг эхний ээлжинд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр том чадлын хуримтлуурын төслийг хэрэгжүүлсэн. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулсан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон гурван сая ам.долларын буцалтгүй тусламж, нийт 103 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм. Энэхүү төслийн барилга угсралтын ажил 14 сарын хугацаанд үргэлжилж, 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдоно.

Төслийн хүрээнд дэлхийд томд тооцогдохуйц 200 МВт.цагийн хүчин чадалтай Литиум-Ион төрлийн батарей ашигласан хуримтлуурын байгууламжийг суурилуулж, 110 кВ-ын “Сонгино” дэд станцад холбоно. Ингэснээр Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлнэ. Мөн нэгдсэн сүлжээний  дутагдлыг нөхөх,  200 МВт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг бууруулна. Үүнээс гадна хүчдэлийн тохируулга хийх, дулааны цахилгаан станцыг “тэг” зогсолтоос сэргийлж, цахилгаан эрчим хүч нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний системд үзүүлэх юм. Энэхүү төслийн гүйцэтгэл 83 хувьтай явж байгааг төслийн инженер Б.Билгүүн хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 68, 69 (7312, 7313)

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.