Б.Баярмагнай: Хамгийн төгс удирдагчийг армиас л олно

1 024
УИХ-ын сонгуулийн 23-р тойрог, БЗД-т бие даан нэр дэвшиж байгаа бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнайтай уулзаж, тодорхой сэдвийн хүрээнд цөөн хором ярилцлаа. УИХ-ын гишүүн гэдэг ард түмний төлөөлөл болохын хувьд лидер нэгэн байх ёстой гэж үздэг тул намууд ч Их хуралд лидерүүдээ илгээхийг эрмэлздэг. Тэгвэл лидер гэдэг ойлголтын талаар Б.Баярмагнай генералын үзэл бодлыг хуваалцлаа.

-Хошууч генерал бол армийнхны хамгийн дээд талаасаа хоёр дахь цол. Мэдээж үүнд хүрэхийн тулд та өргөн мэдлэг, их туршлагыг хуримтлуулсан байх. Ер нь генерал хүн ямар байх ёстой юм бэ?

-Генерал цолонд хүрэхийн тулд доод тал нь 3 шатны цэргийн сургууль төгссөн байх шаардлагатай. Мөн доод тал нь 20-25 жилийн цэргийн алба хаасан байх ёстой гэх мэт шалгууртай. Сүүлийн үед улс төрийн янз бүрийн нөлөөллөөс болоод энэ талын асуудал гажуудах байдал мэр сэр гараад байгаа.

Ер нь Генерал болохын тулд 10 хүн захирахаас эхэлнэ. 10 хүн захирч тасгийн дарга, 30 хүн захирч салааны захирагч, 100 хүнийг захирч ротын захирагч, 300 хүн захирч батальоны захирагч, 1200 хүн захирч хорооны захирагч, 20 мянган хүн захирч дивизийн захирагч, жанжин штабыг удирдаж яваад лидер удирдагч болно. Байгууллагын хувьд ажилчдаа баг болгож удирдаж ажиллуулах, ажлын арга барилаар хангах менежерийн ажлыг түлхүү хийдэг.

-Тэгвэл та лидер хүн мөн үү?

-Цэргийн хүнд онцлог бий. Дэлхийд цэргийн хүн лидерээр бэлтгэгддэг. Энгийн хүн менежерээр бэлтгэгддэг. Генерал хүн бол лидер ч, менежер ч мөн. Генералын местэнд ирэхээр зөвхөн лидер байх нь хангалтгүй. Учир нь олон нийтийн байгууллага, төр засаг, олон улсын байгууллага гээд бүх шатны салбар дээр ажиллах учраас бас менежер байх ёстой. Хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй байхыг давхар шаардана. Тэгэхээр би бол лидер ч, бас менежер. Ийм давуу талтай. Тийм учраас өндөр хөгжилтэй оронд том компани, корпорациуд генерал хүнийг тэтгэвэрт гарахыг хүлээж байдаг. Энэ хүн лидер ч, менежер ч хүн гэдэг утгаар нь шууд гүйцэтгэх захирлаар томилдог. Манайх бол манаачаар л авна.

-Улс төрийн намууд манайх олон лидертэй гэж ярьдаг. Тэгвэл тэр лидерүүдийг юу гэж ойлгох ёстой юм бэ?

-Лидер гэдэг ойлголтыг Монголд ямар утгаар авч үзэж байгаагаас хамаарах байх. Ер нь бол хэллэгээрээ, удирдагч гэдэг талаас нь авч үздэг шиг байгаа юм. Тэгвэл удирдан дагуулах дарга гэдэг чинь манай цэрэгт төгс хэлбэрээр байдаг. Хамгийн төгс удирдагчийг авчир гэвэл цэрэг армийн салбараас л олно. Яагаад гэвэл цэргийг 3 түвшинд удирддаг.

Нэгдүгээрт тактикын түвшин. Энэ нь тасаг, салаа, рот, батальоны түвшний буюу 300-500 хүнийг удирдах удирдлага.Хоёрдугаарт оперативын түвшин. 1000 гаруй хүн удирдана гэсэн үг.Гуравдугаарт стратегийн түвшин. 20 мянгаас дээш хүн удирдана.

Оперативын түвшинд хүн удирдахын тулд хоёр дахь шатны сургууль хэрэгтэй. Тэр нь команд штабын коллеж, академиудад сурч төгсөх ёстой. Манайхны ихэнх нь тактик, оперативын түвшингээс дааш гарахгүй явж байгаад тэтгэвэртээ гарчихдаг.
Стратегийн түвшинд гарч ирэхийн тулд заавал жанжин штабын академи, дайны коллеж төгсөнө. Дээрээс нь хууль эрх зүйн мэдлэгтэй байх ёстой. Иймээс л цэргийнхэн бол хамгийн төгс удирдагч гэж ойлгож болно.

-Түвшин бүрт удирдлагын арга барил нь бас өөр өөр байх уу?

-Энэ гурван түвшинд бас гурван янзаар удирдана. Тактикын түвшинд илүү биеэр манлайлах аргыг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, над шиг хий гэдэг. Дараагийн түвшинд ирэхээр биеэр манлайлах чадвар нь багасдаг учраас мэдлэгээр удирдана. Биеийн чадвараа хадгалж байвал бүр сайн байна. Бусдаасаа мэдлэгээр илүү, команд штабын мэдлэгтэй болчихно. Стратегийн түвшинд болохоор ур чадвар, хууль эрх зүйн зохицуулалт орж ирнэ. Би жанжин штабт 7 жил удирдах албан тушаалд ажиллаж генерал, хурандаа нарыгаа удирдахдаа өөрийн ур чадвар, мэдлэг, биеэр гэсэн гурван аргаа хослуулаад, дээрээс нь хууль эрх зүйн нарийн зохицуулалтаар удирдаж ирсэн. Ингээд яг стратегийн түвшинд ирсэн тэр мөчид төрийн алба ялзралд орчихсон, цааш явах боломжгүй болгосон. Тиймээс би улс төрийг цэвэрлэх, ард түмнийхээ төлөө дуугарах замыг сонгож, одоо УИХ-д бие дааж нэр дэвшээд явж байгаа юм.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.

-Баярлалаа.

Ю.Халиун

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.