Европын Холбоо Египет улстай стратегийн түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ

171

Европын Холбоо Египет улстай стратегийн түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ

 

Европын Холбооноос /ЕХ/ 2027 оны эцэс хүртэл 7.4 тэрбум еврогийн санхүүжилтийг Египет улсад зээл ба буцалтгүй тусламж хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ. Уг тусламжийг ЕХ, Египетийн хооронд хэрэгжүүлэх стратегийн түншлэлийн шинэ хөтөлбөрт тусгасан байна.

Шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснийг Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен гуравдугаар сарын 17-ны ням гарагт мэдэгджээ. 

Фон дер Ляйен болон ЕХ-ны бусад өндөр албан тушаалтнууд Каир хотноо Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиситэй ням гарагт уулзсан байна. DPA агентлагийн мэдээлснээр, 7.4 тэрбум еврогийн 5 тэрбумыг зээл хэлбэрээр олгох аж. Цаашид 1.8 тэрбум еврог хүнсний аюулгүй байдал, цахимжуулалт зэрэг салбарт зарцуулахаар төлөвлөсөн байна. Харин 600 сая еврог буцалтгүй тусламж хэлбэрээр олгох бөгөөд үүний 200 саяыг нь шилжилт хөдөлгөөний менежментэд зарцуулах ажээ.

ЕХ-Египетийн стратегийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах үндсэн чиглэлүүд бол улс төрийн харилцаа, эдийн засгийн байдлыг тогтворжуулах, хөрөнгө оруулалт, худалдаа, шилжилт хөдөлгөөн, аюулгүй байдал гэдгийг Европын Комиссын дарга Х хуудсандаа дурдсан байна

Европын Холбооноос Египетийн эдийн засгийг бэхжүүлэх зорилгоор 7.4 тэрбум еврогийн санхүүжилт олгох гэрээ байгуулахаар бэлтгэж байгаа тухай Financial Times сонин гуравдугаар сарын 13-нд мэдээлж байв. Тус сонинд бичсэнээр, Газын зурвас, Судан дахь мөргөлдөөн нь Хойд Африкийн энэ улсын эдийн засгийн байдлыг хүндрүүлж, Европыг чиглэсэн цагаачдын урсгалыг нэмэгдүүлэх вий гэсэн болгоомжлол байгаа тул ийм арга хэмжээ авч байгаа ажээ. 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.