Хайлааст орчимд Сэлбэ дэд төвийг байгуулна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаарх ээлжит уулзалтаа өчигдөр Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын хороодын төрийн албан хаагчидтай хийлээ. Чингэлтэй дүүрэг нийт 24 хороотой, 11 нь гэр хороолол. 37.508 өрхийн 144.249 оршин суугчтай. Дүүргээс бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөө Өргөө, Зурагт, Хайлааст, Чингэлтэй, Хөтөл гэсэн таван бүсээр хийсэн байна. Хайлааст нь тус дүүргийн нягтаршил ихтэй бүс бөгөөд нийт долоон хороонд 45 мянган иргэн амьдарч байна.
Ерөнхий сайд "Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулж, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар ярилцлаа. Хороо, хэсгийн ахлагч нарын хэлж буйгаар Хайлаастын гэр хорооллыг дэд бүтцэд холбож, орон сууцжуулах бүрэн боломжтой аж. Сүүлийн жилүүдэд хөдөөнөөс шилжин ирэх урсгал эрс нэмэгдсэн нь эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал зэрэг төрийн үйлчилгээний хүртээмжид ч сөргөөр нөлөөлөх болжээ.
Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын 14, 18 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар төслийг тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл танилцууллаа. Сэлбэ дэд төвийг дээрх хороодын нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөжээ. Сэлбэ дэд төвийн 158 га газрыг чөлөөлөхөөр болсон байна. Тус төслөөр иргэдийг тохилог, эко орон сууцаар хангасан, нийгмийн дэд бүтцийн хүртээмжтэй, амралт, аялал зугаалгын бүс бүхий эрүүл ногоон хороолол бий болгохоор төлөвлөсөн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 43 (7287)