“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 22 дугаарын тойм

716
Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийтэлсэн.  Шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хууль нь 7 бүлэг 51 зүйлтэй бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой  харилцааг шинээр болон өөрчлөн найруулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын зорилт нь ард түмний засаглах эрхийг хангахад орших бөгөөд Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, хуулийн биелэлтэд хяналт тавих үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг парламент болох хууль зүйн үндэс бүрдлээ.  

    Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх болон гишүүний тангаргийг өөрчлөн найруулж, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалтыг шинээр тусгасны зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох зохицуулалтыг боловсронгуй болгосон байна. 
    Түүнчлэн Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилж, Улсын Их Хурлын даргыг сонгох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгож, Улсын Их Хурлаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуулийг эцэслэн батлах, санал хураалт явуулах зарчмыг шинэчлэн найруулав. 
Хянан шалгах түр хороог хуулиар тусгайлан тогтоосон эрх хэмжээний хүрээнд мэргэжлийн хараат бус шинжээч томилох, гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах зэрэг арга хэрэгсэл ашиглан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг хянан шалгаж, тайлан гаргах, түр хорооноос гаргасан тайлан шүүхэд үүрэг хүлээлгэхгүй байх зарчмыг хуульчилсан төдийгүй Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн зохицуулалтыг нарийвчлан тусгаж, сонгуулийн дараах эвслийн бүлгийн зохицуулалтыг шинээр тусгажээ.
    Хууль тогтоох, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийн үр нөлөөг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрх болон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 37, 39 дүгээр зүйлийг боловсронгуй болгож шинэчлэн найруулж, улмаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцож байгаа албан тушаалтанд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэг хүлээлгэж, уг үүргээ хэрэгжүүлээгүй албан тушаалтан Улсын Их Хуралд санаатайгаар худал мэдээлэл өгсөн нь парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр үүрэгжүүлж, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг төслийн 38 дугаар зүйлээр тодорхойлсон байна. 
    Мөн Улсын Их Хурлын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгож өөрчилсөнтэй холбогдуулан намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр хуралдахаар өөрчилж, Улсын Их Хурлын анхдугаар, ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы зохицуулалтыг боловсронгуй болгож, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэхийг хязгаарлаж, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөхөөр зохицуулсан төдийгүй гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйлсэд олон улсын парламентын холбооноос гаргасан судалгаа, зөвлөмжид үндэслэн шинэ зохицуулалт нэмж тусгасажээ. 
    Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулж Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх явцад нь шаардлагатай судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, төсвийн дүн шинжилгээ хийж, өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүн шинжилгээ, дүгнэлтээр гишүүдийг хангаж ажиллахаар үүрэгжүүлсэн байна. 
Түүнчлэн эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг нийтэллээ. 14 бүлэг, 125 зүйлтэй уг хуулиар дараах асуудлыг шийдвэрлэжээ. 
 -Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар буюу 39 гишүүнээс дээш босготойгоор батлах болсон. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийг 4 үе шаттайгаар хэлэлцэх бөгөөд хууль эцэслэн батлах хэлэлцүүлгийг бие даасан үе шат болгосон. Түүнчлэн  долоо хоног бүрийн Баасан гарагийн 10.00 цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулах, шаардлагатай бол хуралдаан даргалагч хуралдааны ирцийг харгалзан бусад өдөр, цагт санал хураалтыг явуулж болох зохицуулалтыг шинээр хуульчилсан;
    -Хууль тогтоомжийн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт, гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал, төсвийн төслийн талаар Улсын Их Хурлын Тамгын газар эрх зүйн дүн шинжилгээ хийж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулах зохицуулалтыг тусгасан; 
    -Хуулийн төслийн зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлага, зарчмын зөрүүтэй саналын үндэслэл, шаардлагыг Байнгын хороо санал, дүгнэлтдээ тодорхой тусгадаг байх зохицуулалтыг тусгасан, түүнчлэн хуулийн төслийг хуульд заасан шаардлага хангаагүй болон төслийн үзэл баримтлалыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол хууль санаачлагчид нь буцаах зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан; 
    -Хуулийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх хүрээнд хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар төслийн зүйл бүрээр нь хэлэлцдэг болсон. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух, үг хэлэх хугацааг нэмэгдүүлсэн;
-Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх цаглавар тодорхойгүй байх нь нийгэмд хүлээлт үүсгэх, ойлгомжгүй байдлыг бүрдүүлдэг тул ээлжит чуулганы нийт хугацаагаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх цаглаврыг гаргаж, түүнийг мөрдүүлэх зохицуулалтыг тусгасан;
    -Хуралдааны дэгээр зохицуулаагүй шинэ харилцаа үүсэхэд хуралдаан тасалдаж, маргаан үүсдэг байсан бол уг асуудлыг хэлэлцэх дэгийг Улсын Их Хурал өөрөө тогтоох боломжтой болж, цаашид парламентын прецендентийн хэм хэмжээ үйлчлэх суурь нөхцөлийг бүрдүүлж, парламентын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх боломжийг хангасан;
   -Онц байдал, дайн бүхий дайны байдал, бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэх боломжийг бүрдүүлсэн; 
    -Хууль санаачлагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн чанарыг дээшлүүлэх зорилгоор хэлэлцүүлгийн бүх үе шатанд хууль санаачлагч, эсхүл түүнийг төлөөлөх гишүүн заавал хуралдаанд оролцох, хуралдаанд оролцоогүй бол тухайн асуудлын хэлэлцүүлгийг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулдаг зохицуулалтыг хуульчилсан;
    -Хуралдаан даргалагч хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр нь хуралдаанд хүрэлцэн ирсэн, ирээгүй, хуралдаан тасалсан гишүүн тус бүрээр танилцуулдаг байх, мөн хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэх журмыг нарийвчлан зохицуулж, хуульчилcан;
    -Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлын дарааллыг өөрчлөх бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа гишүүд бичгээр өгсөн бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг байхаар зохицуулсан байна гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.