Т.Есүхэй: Бие даагчид ээлтэй сонгуулийн тогтолцоо гэж ер нь байхгүй

189

Т.Есүхэй: Бие даагчид ээлтэй сонгуулийн тогтолцоо гэж ер нь байхгүй

 

МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхимийн багш Т.Есүхэйтэй ярилцлаа.


Энэ жилийн сонгууль нэлээд онцлогтой болно гэж яриад байгаа. Тэгвэл яг ямар онцлог байгаа юм бэ?

Бид өмнө нь огт хэрэглэж байгаагүй тогтолцоогоор энэ удаад сонгуулийг хийнэ. Өмнөх 2012 оны уих-ын сонгуулиар хэрэглэж байсан гэж яриад байгаа боловч тойрог хуваасан зэрэг нь өөр л дөө. Ерөнхийдөө их өөр тогтолцоо, систем, дүрмээр сонгуулиа зохион байгуулна гэж хэлж болно. Сонгуулийн системийг ярихдаа олон талын зүйлийг хамааруулж үзэх шаардлагатай. Саналын хуудас дээрээ хүмүүсийнхээ саналыг хэрхэн тэмдэглүүлэх гэдгээс суудлаа хэрхэн хуваарилах вэ хүртэлх бүх процессууд нь нийгэм, улс төрийн амьдралд нөлөө үзүүлдэг. Тиймээс тэр жижигхэн өөрчлөлт нь хүртэл томоохон нөлөө үзүүлэх боломжтой. Тэгэхээр энэ удаагийн сонгууль 2012 оныхоос нэлээд өөр болно гэж хэлээд байгаа хэрэг. Яг ийм хэлбэрээр анх удаа явуулах гэж байна.

Хүн амтайгаа харьцуулбал Улаанбаатар хотын мандатын тоо нэлээд бага байна уу гэж харж байгаа хүмүүс байна. Таны хувьд мандатын хуваарилалт дээр юу хэлэх вэ?

-Парламентыг байгуулах, сонгуулийг зохион байгуулахдаа талын зүйлийг авч үзэх шаардлагатай гэж би хэлсэн. Таны хэлж байгаачлан хүн амынхаа бүлгийн төлөөллийг яаж хангах вэ. Үндэстний цөөнх, эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг хангах, цаашлаад нийгэмд ямар асуудал түлхүү тулгардаг гээд олон зүйлийг авч үзэж байж сонгуулийн системээ сонгож, зохион байгуулах шаардлагатай байдаг. Харин улаанбаатар хотын иргэд энэ удаад мандатынхаа тоонд сэтгэл дундуур байгаа нь дамжиггүй. Манай улсын хүн амын бараг 50-55 хувь нь улаанбаатар хотод амьдардаг учраас парламентынхаа 55 хувийг нь эзлэхээр байдаг. Гэтэл манайд тийм боломжгүй тал байгаа ч заавал тийм байх ёстой гэсэн үг биш.

Бүсчилсэн том тойргоор сонгууль яваг дана. Гэтэл нэр дэвшигчийн сурталчилгааны хугацааг багасгасан нь шинэ нэр дэвшигчийн сонгогдох магадлалыг бууруулж байгаа юм биш үү?

-Пропорциональ системээр тойроггүй нэг том санал хураана. Тэр нь шинэ нэр дэвшигч, эмэгтэйчүүдэд ач холбогдолтой гээд байгаа. Харин мажоратор системийнх нь тойрог томрох нь яагаад муу гээд байгаа вэ гэхээр ямар байдлаар дугуйлж буй вэ гэдэгтээ байгаа юм. Нэг нь тухайн намыг буюу багаар нь дугуйлж буй нь жагсаалт яаж гаргасныг нь дэмжиж байгаа.

Харин нөгөөх нь яг хувь хүнийг нь сонгож байгаа болохоор “Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг сэтгэл зүйгээр хандах магадлал өндөр. Энэ нь ч маш олон судалгаагаар нотлогдсон зүйл. Тэгэхээр аль хэдийнэ танил болчихсон хүмүүс, эсвэл богино хугацаанд өөрийгөө таниулах чадамжтай, хөрөнгө чинээтэй хүмүүст илүү давуу тал болдог. Хэдийгээр улсын төсөв, эдийн засгийн бодлогыг олон жижиг тойрогт хуваахгүй гэж байгаа ч нөгөө талдаа ийм сөрөг үр дагаврыг яалт ч үгүй өгнө.

Нэр дэвшигчээс гардаг зардлыг бууруулсан гэж УИХ-ын гишүүд хэлээд байгаа. Харин нөгөө талдаа тойрог нь томсоод явах газар, уулзах хүмүүс нь нэмэгдсэн. Тийм болохоор бодитоор бууруулж чадах уу?

-Зардал ганцхан сонгуулийн системээс хамаарахгүй л дээ. Тухайн намын дотоод ардчилал, санхүүжилтээ хэрхэн шийддэг байдал ч нөлөөлнө. Бид чинь яг уламжлалт буюу ухуулагчтай, цаасан материал тараадаг, хүн нэг бүртэй уулздаг байдлаар сурталчилгаагаа явуулдаг улс төрийн соёлтой болохоор зардлыг нэмнэ үү гэхээс бууруулахгүй. Уг нь манай улсын хүн амын дийлэнх нь интернэтэд холбогдсон, цахим улс гээд байдаг. Тэгэхээр зардлыг бууруулах бодит бааз суурь нь байна. Даанч үүнийг эрүүлээр улс төрийнхөө үйл явцад ашиглах соёл нь нэвтрээгүй учраас одоо болтол уламжлалт аргаасаа салж чадахгүй байгаа юм.

-Сурталчилгааны хугацаа, хэвлэмэл материал, самбарын тоо хэмжээг багасгасан. Тэгэхээр нэр дэвшигчид өөрийгөө бүрэн таниулах боломжгүй гэж харагдаад байна. Тиймээс нэр дэвшиж байгаа хүн энэ сонгуулиар яг юун дээр төвлөрч ажиллах ёстой юм бэ?

-Ер нь манай улсад өнөөдрийг хүртэл явагдсан нийт сонгуулийн тогтолцоо, үр дүнгээ харвал шинэ, залуу нэр дэвшигчид үргэлж халтай байж ирсэн. Энэ нь улс төрийн соёл, сонгуулийн системээсээ болж байгаа юм. Мөн манай улсын хүн амын тоо, сийрэг амьдардагтай ч холбоотой. Хэрэв бид жижигхэн газар нутагт суурин амьдардаг байсан бол нэг самбарт тавигдсан мэдээлэл нь олон хүнд хүрнэ. Гэтэл орон нутагт сонгогчдод хүргэхийн тулд заавал машин унаатай, туг далбаагаа намируулаад явахаас өөр арга байхгүй шүү дээ.

Орон нутагт нэр дэвшсэн бол, суурин газарт нэр дэвшвэл гээд тусдаа хуулийн заалт оруулж өгөх боломж бий юү?

-Болохгүй зүйл байхгүй. Яагаад гэхээр тухайн улс чинь өөрийнхөө сонгуулийнхаа дүрэм, журмыг практик, өөрсдийн итгэж, үнэмшдэг шударга байдалд л нийцүүлээд явдаг. Түүнээс биш хуулиа огт өөрчилж болохгүй гэсэн зүйлгүй. Өөрсдийнхөө онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлээд аль болох илүү шударга өрсөлдөөнтэй, ард түмнийхээ хүсэлд нийцсэн сонгууль хийх ёстой. Ингэхийн тулд яаж өөрчилж болохоор байна. Түүгээр нь хийгээд явах боломжтой.

Энэхүү сонгуулийн системийг өөрчилснөөр бие даагчдад ер нь амжилт үзүүлж, ялалт байгуулах ямар боломж байгаа вэ?

-Монгол Улсын нөхцөлд бие даагчид амин чухал хэрэгтэй, зайлшгүй байх ёстой мэт ойлголт байна. Учир нь манай улс төрийн намуудын нэр хүнд маш муу байгаа. Тиймээс иргэдэд намд харьяалагддаггүй хүн сонгох хүсэл буй учраас энэ асуудал хүчтэй яригдаад байгаа юм. Түүнээс биш сонгодог парламент гэж юу вэ. Засгийн газрыг хэрхэн байгуулж, дараа нь яаж хариуцлага тооцдог юм бэж гэвэл ер нь бие даагчдыг дэмжих ямар ч шаардлагагүй. Эсрэгээрээ өөрийн гэсэн үзэл баримтлал, бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай нам, лидерийг сонгох ёстой. Тэдгээр нь гарч ирээд Засгийн газраа байгуулаад бодлого, амлалт биелүүлнэ. Намын тогтолцоог л төлөвшүүлж хийнэ үү гэхээс бие даагчид ээлтэй сонгуулийн тогтолцоо ер нь байхгүй.

Энэ системээр хоёр, гурван удаагийн сонгууль болсны дараа гишүүн болох ямар ч ашиггүй зүйл болно гэх юм?

-Парламентын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор ингэж үзэж байгаа байх. Нэг гишүүнд ногдох эрх мэдлийн хэмжээ буурна. Ингэснээр бие биедээ хяналт, шаардлагаа тавиад ирэхээр авлига буурах ч боломжтой.

-Гишүүдийн тоо нэмэгдсэнээр батлагдаж байгаа хуулиудын чанар дээшлэх үү. Одоо бол бараг л хорин хэдхэн хүний саналаар хууль батлагдаад байна гэсэн шүүмжлэл байдаг?

-Нэг танхимтай парламент цөөхөн гишүүнтэй парламентын тоонд ордог. Тийм болохоор хуулийг хэтэрхий цөөхөн хүн баталж байна. Парламентын үйл ажиллагаа доголдохгүй, цэвэр шударга явагдахгүй байна гэсэн шүүмжлэл гардаг. Энэ нь яалт ч үгүй үнэн.

Ер нь сонгуулийн систем төрийн баримтлах бодлогуудад шууд нөлөө үзүүлж байдаг. Тэгэхээр пропорциональ системийг оруулж ирж байгаа нь нэг хэсэг газар нутгийг төлөөлж байгаа бус намынхаа мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалыг төлөөлж байгаа хүмүүс Их хуралд орж ирнэ. Ингэхээр улс орны хөгжил дэвшил, үндэсний эрх ашигт нөлөөтэй мега төслүүд гацдаг байдал багасна.

https://dorgio.mn/p/150395

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.