Байр суурь: Гадаадын иргэнд газар эзэмшүүлэх талаар хэн, хэн юу өгүүлэв

67

Байр суурь: Гадаадын иргэнд газар эзэмшүүлэх талаар хэн, хэн юу өгүүлэв

 

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд "Гадаадын иргэн газрыг 100 жилээр эзэмшүүлнэ" хэмээн заасан заалт орсон хэмээн өнгөрөгч баасан гаригаас талцаж эхэллээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан баасан гаригт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулах байсан ч АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Тэгвэл уг хуулийн төслийн талаар хэн, хэн юу өгүүлснийг БАЙР СУУРЬ буландаа онцолж байна. Уг хуулийн төсөлд гадны иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэхгүй зөвхөн ашиглуулна гэж заасан аж.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хөрөнгө оруулалтын тухай хууль маш чухал хуулийн төсөл.  Гэвч ганц хоёрхон заалтаас шалтгаалан унаж болохгүй.  Тухайлбал, Гадаадын иргэнд 100 жилээр газар өгөх гэж байна гэж яриад байна. Хуулийн төсөл дээр эзэмшүүлэхгүй, зөвхөн ашиглуулах тухай заасан.  Мөн үүний цаана гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг адил хэмжээнд авч үзэхээр заасан. Тэгэхээр дотоодын хөрөнгө оруулагч ч гэсэн газрыг эзэмшихгүй ашиглах нь.

Ингэж дотоодын хөрөнгө оруулагч нараа хохироож болохгүй. Хөрөнгө оруулалтын босго гэдэг дээр бас эргэлзээтэй асуудлууд их бий.  Үүнийг олон нийтээр хэлэлцүүлэх ёстой.  Түүнээс биш хүч түрээд унагадаг, эсвэл хүч түрээд цаашаа явуулдаг байж болохгүй.  Бид нэг Монгол  Улс, ойлголцоод явмаар байна.   Хоёрдугаарт, Ховдын Хөшөөтөд  Хонгконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулж байна.  Хөшөөтийн уурхайг яаралтай стратегийн ордод авмаар байна.  Энэ уурхайн нөөцийг төсвийн хөрөнгөөр тогтоосон.  Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалтын компани маань Хонгконгийн хөрөнгийн биржээс хөрөнгө босгож ирсэн.  Ингэхдээ их олон зүйл амласан.  Их үүрэг хүлээсэн.  Дулааны цахилгаан станц барих байв. Кокосын үйлдвэр барина.  Дотоодын компаниудыг дэмжинэ гэсэн.  Үүнээс ганцхан хэрэгжүүлж байгаа ажлууд нь дотоодын компаниудыг ханган нийлүүлэгчээр ажиллаж байна.  Гол тээврийг монголчууд тэр дундаа манай ховдчууд хийж байгаа.  Цахилгаан станц барих асуудал байхгүй болсон.  Баруун аймгийнхан ОХУ, Хятадаас цахилгаанаар хараат, өндөр үнэтэй тог тэндээс авч байна. Коксын  үйлдвэр байхгүй.  Ийм байдлаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй олон жил болж байна.  Тийм болохоор стратегийн ордод авъя. Монголын төр 34 хувийг эзэмшье гэсэн саналтай байна.  Монгол Улсын Үндсэн хуулиар заасан эрхээ Монголын ард түмэн эдлэх эрхтэй, байгалийн баялгийн тухай мэдээллийг мэдэх эрхтэй.  Үндсэн хуульд заасан энэ заалтаа хэрэгжүүлмээр байна. Тэгэхгүй хардаж, сэрдээд хууль бус гэж яриад байх юм.  Үүнийг нэг талд нь гаргаж шалгамаар байна. Монголын хууль хяналтын байгууллагынхан бас ажилламаар байна. 

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: Хөрөнгө оруулалтын тухай хуульд хэлэх үг байна. Иргэдийнхээ үгийг парламентад хүргэх ёстой гэж бодож байна.  Гадны хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна гэж үгийг минь битгий гуйвуулаарай.  Монгол хүн монгол газар нутагтаа эзэн байх тухай би ярих гэж байна.  Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө татах биш хөрөнгөгүй гадаад хүнд найр тавих гэж байна. Тэдэнд газраа өгөх далд санаа агуулж байгаад би харамсаж байна.  

Дэлхийн улс орнуудад Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа тодорхой шаардлагуудыг тавьдаг.  Тухайлбал,  АНУ гадаадын хөрөнгө оруулалтын статус авахын тулд 800 мянган ам.долларын босготой. БНСУ 100 сая воннын босготой.  Газраа ашиглуулахгүй бол, босгоо авахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн гадаадын нэг ч бизнес байхгүй.  Манайд томоохон хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаагийн шалтгаан нь юу юм.  Хууль, эрх зүйн орчин тогтворгүй байгаатай холбоотой шүү дээ.  Хууль байнга өөрчлөгдөж байдаг энэ эрсдэлийг тооцоод гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй байгаа юм. Энэ хуульд сүүлийн 11 жилийн хугацаанд 11 удаа өөрчлөлт орсон байна.  Үүнийг тэгвэл юу гэж ойлгох юм.  Ч.Хүрэлбаатар гишүүний оруулж ирсэн энэ хууль батлагдлаа гээд бодоход жинхэнэ хөрөнгө оруулагчид итгэж орж ирэх юм уу.  Эргээд нэг жилийн дараа өөрчлөгдөх хуульд хэн итгэх юм бэ.  Хуульд гадаадын иргэнд газраа 100 жилээр ашиглуулахаар заажээ.  Мөн Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг Монгол Улсын хууль шүүх шийдэхгүй.  Олон улсын арбитрын журмын дагуу шийдэхээр заасан байна. НҮБ-ын дүрмээр бол 80 жил тогтвортой суурьшсан иргэдийг уугуул иргэд гэж үздэг.  Тэгэхээр энэ хуулиар бол 80 жилийн дараа бид нутгаасаа хөөгдөх, хавчигдах ийм нөхцөл байдалд хөтлөх нь.  Энэ бол хоосон хардлага биш.  Бодит үнэн юм шүү.  Палестины түүхийг та нар хараарай.  Ч.Хүрэлбаатар сайд аа, та хуулиа тат.

УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан нэлээд том улстөржилт явагдаж байна.  Монгол Улс маань хөгжмөөр байна.  Ард иргэдийн амьжиргааг дээшлүүлмээр байна. Орлогыг нь нэмэгдүүлмээр байна. Монгол Улсын хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр бол Хөрөнгө оруулалт юм.  Хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг бид авч хэрэгжүүлэх ёстой.  Иргэд үүнийг л хүсч байна.  Өөрчлөлт шинэчлэлтийг эрэлхийлж байна.  Та бүхэн минь асуудлыг шинээр хараад өгөөч гэж байна.  Хөгжлийн төлөө шаардлагатай алхам бүрийг хийгээд өгөөч гэж хүсч байгаа.  Монголчууд бурууд нүд хурц байгаа.  Ийм учраас бүгдээрээ урд өмнө гарсан бүх алдаануудаа засч сайжруулаад явах нь зүйтэй.  Өнөөдөр ганцхан бирж гэдэг үг бид бүхэнд ямар их өөрчлөлт шинэчлэлийг авчирсан билээ. Биржийн хууль УИХ-д орж ирээд хоёр жил дарагдсан.  Тэгээд хэлэлцсэн.  Энэ хууль батлагдсаны дараа Монголын газар доорх баялгууд үнэд хүрдэг болсон. Монгол Улсын валютын нөөц нэмэгдсэн.  Улсын төсөв давж биелж байна. Эдийн засгийн өсөлт харагдаж байна.  Ил тод байдал хангагдаж байна.  Энэ ганцхан бирж гэдэг үг ямар их өөрчлөлт авчирч байгааг та бүхэн бүгд мэдэж байгаа. Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй байх ёстой гэдэг шийдвэрийг бид гаргах ёстой.  УИХ-ын олонхийн бүлгийнхэндээ би итгэж байна. АН, ХҮН мөн дэмжиж байна.  Харин хуучнаараа байя.  Монгол Улсын хөгжлийг хэдэн арван жилээр нь хойш нь татаж ирсэн хэсэг бүлгийн гар хөл болж байгаа хүмүүс өнөөдөр энэ хуулийг эсэргүүцэж байна.  Энэ харлуулах ажиллагаандаа хэдэн тэрбум төгрөг цацаж байна.  Гэхдээ нар монголчуудын сэтгэлийг харлуулж чадахгүй шүү.  Монголчуудын гэрэлт ирээдүйг харлуулж чадахгүй шүү.  Өнөөдөр санал хураагаад бүгдийг харцгаая.  Хэн нь Монгол Улсын хөгжлийг хойш  татаж байна.  Хэн нь урагш түлхэх үү гэдгийг санал хураалтаас харцгаая.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Монгол Улсад одоо үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль муу байгаагаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм биш.  Монгол Улс маань зах зээлийн багтаамж багатай.  Хоёр их гүрний дунд оршдог, дэд бүтэц сул хөгжсөн, авлига хээл хахуул ихтэй. Хуулийн тогтворгүй байдалтай ийм улс.  Энэ мэтчилэн олон хүчин зүйлээс болж  хөрөнгө оруулалт саатаж байгаа.  Одоогийн хэлэлцэж байгаа хуульд энэ бүх асуудлыг эрс өөрчилж сайжруулсан зүйл байхгүй.  Харин Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүснэ гэсэн болгоомжлол төрж байна.  Хөрөнгө оруулалтын босго гэж байх ёстой.  Багахан хөрөнгө оруулж ирээд байнга оршин суух эрх авах нь байна.  Газрын тухай заалт бол өмнөх хууль дээр байсан нь үнэн.  Үүнийг эзэмшүүлэх байсныг ашиглуулах болголоо гэж байна.  Энэ хоёр үг бол Монгол үгийн санд хоршоо үг гэж нэрлэгддэг. Агуулга адилхан гэсэн үг.   Жижиг орон өөрийн гэсэн дархлаатай байх ёстой гэж үзэж байна.  Хөрөнгө оруулалт хуулийн цоорхойгүй зөв байх ёстой.   Одоо манайд Оюутолгой хамгийн том хөрөнгө оруулагч байна.  Гэхдээ миний хувьд РИОТИНТО-г хөрөнгө оруулагч гэж үздэггүй.  Зээл зуучлагч, мөнгө хүүлэгч компани гэж хэлнэ.  Монгол Улс 2048 он хүртэл ашиг авахгүй шүү дээ.  Монгол Улсын төсвийн гурван хувийг ч бүрдүүлэхгүй байна.  Уг нь дэлхийд тэргүүлэх  маш том орд шүү дээ. Өмнө нь яг өнөөдрийнх шиг сайхан ярьж байгаад Оюутолгойг гадныханд бэлэглэсэн шүү дээ. Баялагийг борлуулсан мөнгө Монгол Улсын банкаар ч дамждаггүй.  Харин хоёр жилийн өмнө Ц.Даваасүрэн гишүүн Оюутолгойн мөнгийг Монголын банкаар дамжуулах УИХ-ын тогтоолын төслийг батлуулсан.  Гэтэл Ч.Хүрэлбаатар сайд түүнийг нь хүчингүй болгуулсан.  Унагах, унагахдаа хууль зөрчин байж унагасан.  Гишүүдийн өмнөөс кноп дарсан ш дээ,  Ч.Хүрэлбаатар сайд аа.  Намайг худлаа ярьж байна гэж үзвэл шүүхэд өгөөрэй.  Хотгор шанагын уурхайг зарж, ах дүү нарын чинь дансаар их хэмжээний мөнгө орж ирсэн чинь үнэн ш дээ, сайд аа.

Ийнхүү хуулийн төслийн хэлэлцүүлэгт АН-ын зүгээс гурав хоногийн завсарлага авсан юм. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцсэн шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгөв.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Ч.Хүрэлбаатарын өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын гэгч хуулийн талаар Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Г.Занданшатартай ҮАБЗ-д хамт ажиллаж байсан хүний хувьд энэ асуудлыг олон нийтээр хэлэлцүүлээч гэдгийг УИХ-ын даргад хэллээ.

Газрын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Нэг нам дангаараа олонх байгаа тохиолдолд нарийн эмзэг асуудлыг 2024 оны сонгуулийг 126 гишүүнтэй томсгосон тойргоор явуулах гэж байгаа юм бол шинэ бүтцээрээ уг хуулийг хэлэлцүүлэх талаар хэллээ.

1993 онд тавигдсан Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн 100 мянган ам.долларыг 2013 оны 100 мянган ам.доллар гэж үргэлжлүүлж, толгой эргүүлсэн юм яриад байна.

100 мянган ам.долларын босго байхгүй болбол хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд манай газрыг эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдлыг бий болгосон цоорхой хууль болох нь. Тиймээс 2024 оны сонгуулийн дараа иргэдээрээ хэлэлцүүлэх асуудлыг ерөнхийлөгч байсан хүний хувьд санаа зовниж, АН-ын гишүүдийн төлөөлөл болсон залуусын хамт УИХ-ын даргын өрөөнд орж уулзлаа.

Ийнхүү хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл батлагдах эсэх нь тун эргэлзээтэй болж эхэлж байгаа юм. Олон нийтийн зүгээс ч газрыг эзэмшүүлэхгүй, ашиглуулах байсан ч уг хуулийн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн иргэдийн дуу хоолой ч  үзэл бодлоо илэрхийлээд буй билээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.