О.Ганбаатар: Автобусны хүртээмжийг сайжруулахын тулд парк шинэчлэхээс гадна өөр хоёр зүйлийг шийдвэрлэх шаардлагатай

105

О.Ганбаатар: Автобусны хүртээмжийг сайжруулахын тулд парк шинэчлэхээс гадна өөр хоёр зүйлийг шийдвэрлэх шаардлагатай

 

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатартай ярилцлаа.

-Нийтийн тээвэр аливаа хотын амин чухал салбар байдаг. Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөгжил сул, шийдвэрлэх олон асуудалтай тулгарчихаад байна. Тиймээс ч олон нийтийн шүүмжлэлд нэлээд өртөж байгаа. Нийслэлийн нийтийн тээврийн автобусны ашиглалт хариуцсан аж ахуйн нэгжийг удирдаж буй хүний хувьд үүссэн нөхцөл, байдалд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Дэлхийн жишигт нийтийн тээврийн салбар нь ашиг олох гэхээсээ илүү ниймгийнхээ хэрэгцээг хангах зорилготой байдаг. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт тулгарсан олон асуудал бий. Хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал бол автобусны парк шинэчлэл. С.Баяр Ерөнхий сайдаар ажиллах байх үед буюу 2009 онд Өмнөд Солонгоос DAEWOO үйлдвэрийн 400 автобус оруулж ирснийг эс тооцвол нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл дорвитой хийгээгүй өдий хүрсэн. Иймээс автобусны хүрэлцээ муудах, эвдэрэл гэмтэл нь ихсэх, шатахуун тосоо дутуу шатааж, утаа тортог ихээр гаргах зэрэг хүндрэл үүсээд байна. Парк шинэчлэл дорвитой хийгээгүй удсаны шалтгаан ч олон. Хувийн бодлоо хэлэхэд хувь, хувьсгалын аж ахуйн нэгжүүдэд шинэ автобус нийлүүлчихээд, өртгийг нь бүрэн эргэн төлүүлэх ёстой байсан. Автобусанд элэгдлийн зардал гэж байдаг. Элэгдлийн зардал нь жилд төдөн төгрөг байна гэж суулгах хэрэгтэй байсан. Хэрэв ийм бодлого баримталсан бол улсын төсөвт дарамт болохгүйгээр автобусны парк шинэчлэлээ хийгээд явах байж гэж боддог. Нийслэлийн засаг, захиргаа болон Засгийн газар автобусны парк шинэчлэл хийх бодлого хэрэгжүүлж байгааг олон нийт мэднэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 400 орчим шинэ автобус оруулж ирлээ. Эхний ээлжинд 284 улаан автобус оруулж ирсэн. Манай байгууллагад хоёр давхар цахилгаан автобус 10, нэг давхар цахилгаан автобус 36 ширхгийг хуваарилсан. Үүнээс гадна “Зорчигч тээврийн нэгтгэл”-д 55 ширхэг цахилгаан ногоон автобус хуваарилсан. Энэ онд багтаан 600 шинэ автобус оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр 1000 гаруй шинэ автобустай болно. Ирэх жилүүдэд хуучин автобусаар үйлчиллээ гэх гомдол санал багасна гэж бодож байна. Автобусны парк шинэчлэл хийсний дараа чиглэлийн давхардлыг арилгах, оновчтой болгох, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах гэх мэт олон асуудал яригдах болов уу.

-Та цахилгаан ногоон автобус гэж онцлон хэлж байна. “Энэ бол асуудал дагуулаад байгаа ногоон автобуснаас тусдаа шүү” гэж хэлэх гэсэн санаа гэж ойлголоо. “Ногоон автобусны хэрэг” нийгэмд дуулиан тарьсан. Одоо ч намжаагүй байна. Шинээр оруулж ирэх автобуснаас танайд хэд нь хуваарилагдах вэ. Хэрэв хуучин автобус оруулж ирэн хэрэг мандуулаагүй бол нөхцөл, байдал арай дээр байх байсан нь ойлгомжтой.

-Манай байгууллага нийслэл хотын нийтийн тээврийн автобусны гаралтын 12-13 хувийг эзэлдэг. Улаанбаатарт өдөр дунджаар 950 автобус үйлчилгээнд гарч байна. Манайхаас өдөр бүр 116 автобус гаргадаг. “Зорчигч тээвэр гурав” сүүлийн хоёр жилд 146 шинэ автобустай болсон. Тиймээс хуучин автобусны асуудал багассан гэж ойлгож болно. Хот орчмын гэж ярьдаг, том автобус явах боломжгүй нарийн чиглэлүүдэд зорчигч тээвэрлэдэг, 2015 онд оруулж ирсэн дунд оврын 25 автобус бий. Эдгээр автобус нэлээд муудаж байна. Шинэчилчихвэл манай авто парк бүрэн сайжирна гэсэн үг. Асуудал дагуулаад буй ногоон автобусны хувьд эхний 20 нь ирж, улсын комисс хүлээж авахад манай байгууллагын инженер, техникийн ажилтнууд оролцсон. Манай инженерүүд зарим шаардлагад нийцэхээргүй автобус ирснийг тодорхойлсон учир хүлээж авах баримтад гарын үсэг зураагүй. Одоо ямар үйл явдал болсныг хууль, хяналтын байгууллагууд шалгаж байгааг олон нийт мэднэ. Автобусны паркаа шинэчилсэн ч манай байгууллага орон байрны асуудалтай байгаа. Д.Сумъяабазар даргын өмнөх Улаанбаатар хотын удирдлагын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо буюу циркийн урд байрлах байрыг маань дуудлага худалдаагаар хувийн хэвшилд зарснаас шалтгаалан манай байгууллага орох оронгүй болсон. Одоо ажилчид зориулалтын бус байранд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо буюу Тахилтад шинэ автобус бааз барина гэж хотын төлөвлөгөөнд тусгаад хуучин байрыг нь хувьчилсан юм. Шинэ бааз барихдаа 13 багц ажлыг сайн, муу 12 компанид өгсөн. Зарим компани нь ажлаа хийдэг, зарим нь хийхгүй, бусдыгаа уядаг. Ийм байдал үүссэн учраас барилгын ажил таван жил үргэлжилсэн ч одоо ч ашиглалтад оруулж чадаагүй байна. Товчхондоо, 400 гаруй ажилчин, 200 орчим автобус стандартын бус байранд үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг.

-Автобус баазын хэвийн ашиглаж байсан байрыг зараад хөрөнгө мөнгө үрж, хотын зах руу нүүлгэх ямар үндэслэл шаардлага байсан юм бол?

-Намайг ажилд томигдохоос өмнө болсон явдал учраас үндэслэл шаардлагын талаар нарийн дүгнэлт хэлэх боломж алга. Харин шинэ баазаа барьчихаад, дараа нь дуудлага худалдаа зохион байгуулж, хуучин байрыг нь зарж болох байсан гэж би болон манай ажилчид боддог. Өмнө нь дуудлага худалдааг 26 тэрбум төгрөгийн босго үнэтэйгээр хэд хэдэн удаа зарлаад, аж ахуйн нэгжүүд сонирхоогүй юм билээ. Гэтэл 2020 оны тавдугаар сард хотын даргын шийдвэрээр дуудлага худалдааны босго үнийг 15 тэрбум төгрөг болгож бууруулсан байдаг. Ингээд зургадугаар сард дуудлага худалдаа зохион байгуулахад нэлээд хэдэн компани оролцож, 20.3 тэрбум төгрөгөөр “Камдер” компани худалдан авсан. Шинэ баазын барилгын ажил 10-хан хувьтай явж байхад яаран дуудлага худалдаа зохион байгуулж, 400 ажилчнаа хаачих нь тодорхойгүй болгосон нь алдаатай, буруу шийдвэр байсан. Нийтийн тээврийн салбарынханд жилд нэг ч өдөр бүрэн зогсох, амрах эрх байдаггүй. Цагаан сарын Шинийн 1-нд хүртэл бид үйлчилгээндээ гарч л байдаг. Ямартай ч яаран сандран хоёр сар хүрэхгүй хугацаанд дуудлага худалдааны үнийг бууруулан зохион байгуулж, хөрөнгийг шилжүүлсэн байдаг.

-Шинэ бааз барих 13 багц ажлыг 12 компанид тарааж өгсөн нь ажил удаашрах гол шалтгаан гэж та дүгнэж байна. Одоо баазын барилгын ажил хэдэн хувьтай байна вэ. Хэзээ бүрэн ашиглалтад оруулах вэ?

-Нэг нь нөгөөгийнхөө ажлыг уяж байгаа тохиолдол олон байгаа учраас ингэж дүгнэсэн. Ажлаа чамбай, шуурхай хийгээд дуусгасан компаниуд ч бий. Жишээ нь, баазын гадна тохижилтыг хийх тендерт шалгарсан компани ажлаа хиймээр байна гээд байдаг. Гэтэл бусад компани нь ажлаа хийж дууссаны дараа л гадна тохижилтыг хийх боломжтой. Тохижилтын ажил хийхээр шалгарсан компани хүлээгээд л байж байна. Баазын барилгын явц 70 хувьтай л байна. Ажил ерөнхийдөө удаашралтай байгаа. Цар тахал ч барилгын ажлыг удаашруулахад чамгүй нөлөөллөө. Ачаа тээвэр ямар их гацсаныг бид мэднэ. Нийслэлийн удирдлага нөхцөл, байдлыг ойлгоод, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь цаг тухайд нь хийж байгаа. Ирэх наймдугаар сар гэхэд манайхан шинэ бааз руугаа бүрэн нүүж очно гэсэн төсөөлөлтэй байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ч гүйцэтгэгч компаниудыг сайн шахаж ажиллаж байна.

-Танай газрын хоёр давхар цахилгаан автобус саяхан шатсан. Энэ юунаас үүдсэн бэ. Нийлүүлсэн компани хохирлыг нь барагдуулна гэсэн мэдээлэл гаргасан байна лээ.

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-нд Багшийн дээдийн орчимд давхар цахилгаан автобуснаас гал гарлаа гэсэн дуудлага, мэдээ ирсэн. Онцгой байдлын газарт дуудлага өгөөд, өөрсдөө газар дээр нь очиж ажилласан. Манай ашиглаж буй цахилгаан 46 автобусыг БНХАУ-ын “Нанжин голден драгон бус” компани нийлүүлсэн юм. Тэднийх цахилгаан автобусныхаа батерейнд долоо жилийн баталгаа өгсөн. Одоо тус компанийн инженер, техникийн ажилтнууд ирчихсэн гал гарсан шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байна. Бусад цахилгаан автобуснууддаа хүртэл нэг бүрчлэн үзлэг шинжилгээ хийж байгаа. Баталгаат хугацаатай учир шатсан автобусны засвар шинэчлэлийг нийлүүлэгч компани хийж өгөхөө мэдэгдсэн. Тэгэхээр улсын төсөв болон манай байгууллагад ямар нэг хохирол байхгүй гэж ойлгож болно. Манай байгууллагын инженер, техникийн ажилтнууд цахилгаан автобусны талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, чадваржих шаардлага бий. Иймээс энэ сарын сүүлчээр манайхан БНХАУ-ыг зорьж, цахилгаан автобусны талаарх тусгайлсан сургалтад суух гэж байна.   

-Байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор хүн төрөлхтөн цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглаж эхэллээ. Манай улс ч цахилгаан нийтийн тээврийн хэрэгсэл ашиглаж эхлээд удаагүй байна. Цахилгаан автобус байгаль экологид ээлтэйгээс гадна эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэдэг. Манайх шиг хүйтэн өвөлтэй оронд цахилгаан автобус хэрэглэх нь хэр зохимжтой байна вэ?

-Манайх нэг давхар цахилгаан автобус үйлчилгээнд гаргаад хоёр, хоёр давхар автобус ашиглаад жил гаруй боллоо. Эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй байна. Байгаль орчинд ээлтэй нь ойлгомжтой. Манайх цахилгаан 46 автобус ашиглахын тулд 2000 кВА хүчин чадалтай дэд станцтай байх шаардлагатай болсон. Түрээсийн байранд байгаа ч нэлээд зардал гаргаж, эрчим хүчний чадлаа нэмэгдүүлсэн. Мэдээжийн хэрэг байгаль экологид ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан автобусыг алсдаа давамгай ашиглах нь зөв. Ингэхийн тулд дэд бүтцийг нь бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, цахилгаан автобусыг цэнэглэх цэгүүдийг олон болгох шаардлагатай. Манай дан цахилгаан автобусны батерейны хүчдэл 160 вольт. Ийм хэмжээний хүчдэлээр өдөрт дунджаар 200 орчим км зам туулна. Автобус өглөө зургаан цагт үйлчилгээнд гаргаад үдшийн 12 цагт буувал хүчдэл нь өдөртөө хүрэхгүй байх магадлалтай. Харин хоёр давхар автобусны батерейны хүчдэл 240 вольт. Ийм хэмжээний хүчдэлээр 400 км явдаг. Тиймээс давхар автобус бүтэн өдөр ямар ч асуудалгүй үйлчилгээнд явах боломжтой. 

О.Ганбаатар: Автобусны хүртээмжийг сайжруулахын тулд парк шинэчлэхээс гадна өөр хоёр зүйлийг шийдвэрлэх шаардлагатай

-“Зорчигч тээвэр гурав” орон байргүй болсноос гадна нэлээд их хэмжээний өртэй болсон гэсэн мэдээлэл уншиж байсан. Өр төлбөрөө барагдуулсан уу, эсвэл хэмжээ нь нэмэгдээд байна уу?

-Би энэ байгууллагын даргын ажилд томилогдоод гурван жил болж байна. Анх ажилд томилогдоход санхүүгийн нэлээд хүндрэлтэй нөхцөл угтсан. Манайх цахилгаан 46 автобусыг Хөгжлийн банкны 26 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтээр худалдаж авсан. 2018 оноос хойш төлөөгүй ниймгийн даатгал, татвар, сэлбэг хэрэгсэл, тос масло, шатахууны өр төлбөр нэлээд байсан. Нийт 30 гаруй тэрбум төгрөгийн өртэй байгууллага хүлээж авсан. Манайх гурван жилийн өмнө өдөрт 55 автобус үйлчилгээнд гардаг байгууллага байлаа. Түрүүн танд өдөрт 116 автобус үйлчилгээнд гаргаж байгаагаа хэлсэн. Ямартай ч байгууллага маань хоёр дахин өргөжлөө. Нийт өрийнх нь 80 гаруй хувийг нь дараад дуусаж байна. Ажилчдад хамгийн их хүндрэл үүсгэсэн нь нийгмийн даатгалын өр. Гадаад явах, ипотекийн болон бусад зээл хүсэхэд ниймгийн даатгалаа төлөөгүй байна гэсэн тээг тэдэнд учирч байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг амьсгаагаар дарах санхүүгийн боломж манайд байхгүй. Тиймээс график гаргаад нөхөн төлөөд өнгөрсөн оны эцэст бүрэн барагдуулаад байна. Хөгжлийн банкны өрийг ирэх онд бүрэн барагдуулж дуусна. Өр төлбөрөө барагдуулснаас гадна ажилтнуудаа дэмжих бодлого баримталж эхлээд байна. Тухайн жилд хамгийн сайн ажилласан хүмүүстээ орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр, өргөө цагаан гэр, сурах хүсэлтэй залуустаа сургалтын төлбөр олгох хөтөлбөрийг хоёр жилийн өмнөөс эхлүүллээ. Оны өмнө өнгөрсөн жилийн ажлаа дүгнээд хоёр ажилчиндаа орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр, гурван хүнд өргөө цагаан гэр, дөрвөн залууд сургалтын төлбөр олголоо.            

-Одоо танаас нийтийн тээврийн салбарын тулгамдсан асуудалтай холбоотой хэдэн зүйл тодруулъя. Та хамгийн чухал асуудал нь автобусны парк шинэчлэл хийх гэсэн. Улаанбаатарчууд өвлийн хүйтэнд бараг цаг шахам автобус хүлээж, хүрэлцээг нь нэмээсэй гэж үглэж байна. Нийслэл хэдэн автобус үйлчилгээнд гаргаж байж, иргэдийн хүлээх хугацаа богиносож, даарч хөрөх бэрхшээлээс ангижрах вэ?

-Түрүүн би өдөрт 950 орчим автобус үйлчилгээнд гарч байгааг хэлсэн. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар парк шинэчлэлийн хүрээд нийт 1400 автобус өдөр бүр үйлчилгээнд гаргахыг зорин ажиллаж байгаагаа олон нийтэд мэдэгдлээ. Ингэхээр үйлчилгээнд явах автобусны тоо 40 орчим хувиар нэмэгдэнэ. Зорчих хөдөлгөөн төдий чинээ нэмэгдэх нь ойлгомжтой. Автобусны тоог нэмснээр бүх асуудал шийдэгдэнэ гэж эндүүрч болохгүй. Шийдвэрлэвэл зохих өөр хоёр асуудал бий. Нэгдүгээрт, чиглэлийн давхардлыг арилгаж, богино эргэлтүүдийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Автобус Д.Сүхбаатарын талбайгаас Саппорогийн уулзвар хүрээд буцаж эргэдэг ч юм уу. Чиглэл хол байх тусам зорчигчдыг удаан хугацаагаар хүлээлгэх нөхцөл үүсэж байгаа нь анзаарагддаг. Хоёрдугаарт, Тээврийн цагдаагийн алба болон бусад холбогдох байгууллагуудтай уялдаатай ажиллаж, авто замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх хэрэгтэй. Ингэвэл автобус хурдан явна. Автобусаа шинэчилж, цэвэрхэн, шил нь цантдаггүй, ая тухтай болгоод, дээрээс нь хурдан явуулдаг болчихвол иргэд хувийн машинаар зорчихоос нийтийн тээврийг илүүд үзэхгүй болов уу. Одоо цагт хувийн машинтай түгжирч зогсохоос илүү автобусаар шуурхай явж, ажлаа амжуулсан нь дээр биз дээ. Нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх нь хамгийн чухал асуудал.

-Автобусны тасалбарын үнэ анхаарал татах асуудал болсон. Нийтийн тээврийн зорчигчдоос оруулж буй орлого нь жил тутамд багасгаад, улсын төсвөөс авах татаас нь нэмэгдсэн статистик харагдаж байна лээ. Үүний учир шалтгаан юу вэ?

-Саяхан нэгэн иргэн олон нийтийн сүлжээ “1999 онд нэг литр дизель түлшний үнэ 270 төгрөг байхад автобусны тасалбар 200, 2011 онд нэг литр дизель түлш 1300 төгрөгийн үнэтэй байхад автобусны тасалбарынх 400 байсан. 2014 онд автобусны талбарын үнийг 500 төгрөг болгоход дизель түлшнийх 1750” байсан гэж бичсэн байна лээ. Одоо энгийн дизель түлш 3600, “Евро-5” стандартын түлш нь 4200 төгрөгийн үнэтэй байна. Гэтэл автобусны тасалбарын үнэ 500 төгрөг хэвээр. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад бусад бараа, бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөн. “Атар” талхны үнэ 2014 онд 1100 төгрөг байсан. Тэгвэл одоо 2500 төгрөг болж хоёр дахин нэмэгдлээ. Шатахуун, тос, ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, автобусны сэлбэг хэрэгсэл гээд гарч буй бүх зардлыг оролцуулж тооцоход нийтийн тээврээр нэг хүнийг нэг удаа тээвэрлэх өртөг 1300 төгрөг зарцуулж байна гэсэн судалгаа гаргасан. Зөрүүг нь төр дааж буй учраас зардал өсөх тусам улсын төсвөөс авч буй татаас нэмэгдэж байгаа юм. Би хувьдаа нийтийн тээврийн төлбөрийн системийг өөрчлөх, шинэчлэх ёстой гэж үздэг. Санаагаар болдог бол тухайн иргэн банкныхаа картыг уншуулаад зорчдог нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Зорчигчид “Улаанбаатар смарт” компанийн “U money” картыг мөнгөөр цэнэглэж, төлбөр тооцоо хийдэг. “U money” картаа цэнэглээгүй, эсвэл үрэгдүүлсэн тохиолдолд жолоочид 500 төгрөгөө өгөөд зорчих тохиолдол нэлээд бий.

-Байгууллагын данс руу орох ёстой мөнгө жолоочийн халаас руу “гулсаж” байна шүү дээ. Хэр хэмжээний мөнгө иймэрхүү далд эдийн засгийн байдлаар алга болдог вэ?

-Уг нь энэ судалгааг “Улаанбаатар смарт” компани хийх ёстой. Нарийн тооцож судалсан зүйл алга. Нэг автобус өдөрт 40-80 мянган төгрөгийн бэлэн мөнгө хүлээж авдаг гэсэн яриа бий. Нэг автобус дунджаар 50 мянган төгрөг гэж тооцвол нийт компаниуд өдөрт 50 сая төгрөгийн орлогоо алдаж байгаа юм. Тэгэхээр сард 1.5 тэрбум төгрөгийн орлогоо алдах нь  гэж төсөөлж болно. Гэхдээ энэ нь нарийн тооцоо, судалгаагүй зүйл гэдгийг дахин анхааруулъя.  

-Автобус жолоодох хүн олдохоо больсон гэсэн яриа сонссон. Автобусны тоог нэмлээ гэхэд жолоодох хүн олдохгүй бол яах вэ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарын хүний нөөцийн нөхцөл ямар байгаа вэ?

-Нийтийн тээврийн салбарын ажиллах хүчний 60-65 хувийг автобусны жолооч бүрдүүлдэг. Автобусны жолооч жолоодох эрхийн “D” ангилал, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх ёстой. Уул уурхайн хүнд даацын машиныг “D” ангилалтай жолооч жолооддог юм байна лээ. Уурхайд ажиллаж буй жолооч сард таван сая төгрөгөөс дээш цалин авдаг. Амьдралын нөхцөлөө сайжруулах гэж бодож байгаа “D” ангилалтай жолооч автобус жолоодоод сард хоёр сая төгрөгийн цалин авахаас илүү уурхайд ажиллахыг илүүд үзнэ биз дээ. Тиймээс мэргэшсэн жолооч нар уурхай руу яваад, автобус жолоодох сонирхолгүй болсон. Уурхайтай өрсөлдөж хүний нөөцөө татахын тулд автобусны жолоочийн цалинг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Манай байгууллагын жолооч нар явсан цагаасаа шалтгаалаад 1.5-2.5 сая төгрөгийн цалин авч байна. Автобусны жолооч явсан цагаараа цалинждаг онцлогтой. Автобусны жолооч нэлээд хүнд ажил. Энэ нь ч цалинг нь нэмэх нэг үндэслэл юм. Өглөөний ээлжийн автобусны жолоочийн ажил, амьдрал өглөөний дөрвөн цагаас эхэлдэг. Оройн ээлжийнх нь бараг шөнө дунд дуусна. Иймээс хүнд ажил гэж хэлж болно. Шинээр томилогдсон хотын дарга ирж, бидний нөхцөл, байдалтай танилцсан. Ингээд жолооч нарын цалинг нэмэх ёстой гэсэн дүгнэлт хийсэн байна лээ. Энэ оны төсөвт автобусны жолооч нарын цалинг нэмэх нэмэлт хөрөнгө тусгасан. Машин цагийн зардал гэж байдаг юм. Үүнийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталдаг. Машин цагийн зардлыг баталсны дараа автобусны жолоочийн цалинг хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь тодорхой болно.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.