“Автобус нэгдэл”-ийн захирал Г.Ган-Очир, “Мяралзаа” ХХК-ийн дарга О.Ганболд нарыг төрөөс авсан автобусны мөнгөө төлөөгүй гэх шалтгаанаар шалгаж эхэллээ

244

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудыг хууль хяналтын байгууллагаас шалгаад эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Хууль хяналтын байгууллагад автобусны компаниудтай холбоотой ноцтой баримт, өргөдөл, гомдол ирсэн гэх. Тодруулбал, тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлууд улсаас авсан автобусныхаа мөнгийг төлөлгүй олон жил болсон, улсын автобусыг өөрийн эзэмшлийн компанид шилжүүлж, их хэмжээний хохирол учруулсан зэрэгт холбогдсон. Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үе үеийн Хотын удирдлагуудтай тохиролцож, өөртөө давуу байдал олгосон. Бид улсаас авсан автобусныхаа мөнгийг өгөлгүй олон жил болж, улсад хохирол учруулж, хууль хяналтын байгууллагуудад шалгагдахаар болсон гэх автобусны компаниудыг цувралаар танилцуулж байгаа билээ.
Өмнөх дугаартаа “Эрдэм транс” ХХК улсаас 30 автобус авч, мөнгийг нь төлөөгүй. Сутайн буянт” ХХК-ийн захирал Б.Лхагвадуламыг 2010 онд улсаас 30 автобус авч, мөнгийг нь төлөөгүй. “Атибус” ХХК-ийн захирал Г.Баярмагнай найман автобус мөн л төлөөгүй. Тэр бүү хэл “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг 50 автобус авсан ч төлөөгүй тул хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа талаар мэдээлсэн билээ.

“АВТОБУС НЭГДЭЛ”-ИЙН Г.ГАН-ОЧИР УЛСААС АВСАН 10 АВТОБУСНЫХАА МӨНГИЙГ ТӨЛӨӨГҮЙ

Тэгвэл энэ удаад “Автобус нэгдэл”-ийн захирал Г.Ган-Очир, “Мяралзаа” ХХК-ийн дарга О.Ганболд нарыг төрөөс авсан автобусны мөнгөө төлөөгүй гэх шалтгаанаар шалгаж эхэлсэн талаар хүргэж байна.
     “Автобус нэгдэл”-ийн компани нь нийтийн тээвэрт үйлчилгээ эрхлээд 10 гаруй жил болж байгаа. Одоогийн байдлаар 100 гаруй автобусаар үйлчилгээ эрхэлдэг. Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Автобус нэгдэл”-ийн захирал Г.Ган-Очирыг хууль хяналтын байгууллагаас дахин шалгаж эхэлнэ. Дахин гэдэг нь тус компанийг 10 автобусны хэргээр өмнө шүүж байсан. Гэсэн хэдий ч шүүхийн шийдвэр замхарч, Г.Ган-Очир улсыг хохиролтой хэвээр байлгаж байгаа. Г.Ган-Очир нийтийн тээврийн салбарт 10 гаруй жилийн өмнө орж ирсэн байх. 2010 онд улсаас 10 автобус авсан ч өнөөдрийг хүртэл мөнгийг нь төлөөгүй байгаа гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, улсын хөрөнгөөр авсан 10 автобус авч, 10 гаруй жил ашиг олж байгаа гэсэн үг л дээ. Хууль хяналтын байгууллага шалгаад, “”Автобус нэгдэл” ХХК-аас улсын хөрөнгийг буцааж авах эсвэл хохирол барагдуулах хөрөнгө авна байх. Уг компанийн захирлаар Г.Ган-Очир ажилладаг ч хувьцааг нь эзэмшиж, ашгийг нь халаасалдаг 10 гаруй хүн бий” гэлээ.
Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр “Өдийгөөс 13 жилийн өмнө  Засгийн газраас орж ирсэн 400 автобусыг компаниудад хуваарилж өгсөн байдаг. Энэ хуваарилалтаас “Автобус нэгдэл” 10-ыг нь авсан байдаг. Одоо үйл ажиллагаа нь өргөжиж, өчнөөн автобустай болж, нийтийн тээврээс багагүй ашиг олж байж зээлээр авсан автобусныхөө мөнгийг төлөх хэрэг” гэсэн юм.

“МЯРАЛЗАА” ХХК-ИЙН ЗАХИРАЛ О.ГАНБОЛД УЛСААС ДОЛООН АВТОБУС АВЧЭЭ

          Улсаас авсан автобусныхаа мөнгийг төлөөгүй хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдах дараагийн компани бол “Мяралзаа” ХХК. Тус компани нь нийтийн тээврийн салбарт олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. энэ хугацаандаа улсаас долоон автобус авсан ч мөнгийг нь төлөөгүй байгаа гэнэ. Ийм учраас хууль хяналтын байгууллагаас тус компанийн үүсгэн байгуулагч О.Ганболдыг шалгаж эхлэх гэнэ.
Тодруулбал, 2009 онд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, БНСУ-аас “Daewoo” загварын 400 автобус оруулж иржээ. Засгийн газраас дээрх 400 автобусыг нийтийн тээвэрт үйлчилгээ эрхэлдэг 10 орчим компанид хувиарлаж, тарааж өгсөн байна. Ингэхдээ мөнгийг нь буцаан төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж, олгосон гэдгийг эх сурвалж онцолж байна. “Мяралзаа” ХХК нь уг 400 автобуснаас долоог нь авчээ.
       Эх сурвалж “2009 онд 400 автобусыг 3.8 тэрбум төгрөгөөр авсан гэдэг. Гэхдээ баримт, гаалийн бүрдүүлэлт, тоолж авсан хүний гарын үсэг зэрэг нь байхгүйгээс болж асуудал үүсэж байсан. 400 автобусны хэрэг гэдэг чинь алдартай шүү дээ. Зах зээлд шилжсэнээс хойш 1992-2002 оны хооронд Япон Улсын буцалтгүй тусламж, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Чех, ОХУ-аас 100 гаруй автобус авч байсан. Харин 2008 он гэхэд дийлэнх автобусны эдэлгээний хугацаа дуусч, сэлбэгийн хомсдолд орсон юм билээ. Тэгэхээр уг салбарт шинэчлэл хийх нь тодорхой болж байгаа биз. 2008 онд “Нийслэлийн нийтийн тээврийн их багтаамжийн автобусны парк шинэчлэх төсөл” боловсруулсан. Уг төслийн хүрээнд 400 автобусыг БНСУ-аас 24 сая ам.доллараар худалдан авах шаардлагатай гэсэн дүгнэлт гарч, 2009 онд Засгийн газраас хөрөнгөөр автобус авсан гэсэн. Ингээд 2009 оны хоёрдугаар сард Монгол Улс захиалсан 400 автобусныхаа 20 ширхгийг нь хүлээж авсан байдаг. Харин тус оны долдугаар сар гэхэд автобуснуудаа хүлээж аваад дууссан. Тэгээд компаниуддаа хувиарлалт хийж өгсөн байх. Үүнээс “Мяралзаа” ХХК долоог автобус авсан ч мөнгийг нь төлөөгүй гэх юм билээ” гэв.
Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, татвар төлөгчдийн мөнгөөр авсан 400 автобусаа улс 250 ширхгийг нь төрийн өмчийн компаниудад тараажээ. Тодруулбал,
“Автобус-1” компанид 120 автобус,
“Автобус-3” компанид 80 автобус,
“Цахилгаан тээвэр” компанид 50 автобус өгсөн байна. Харин хувийн хэвшилд 150 ширхэг автобус хуваарилж өгчээ. Хувийн хэвшилд тараасан 150 автобусны 50-ыг нь “Тэнүүн-Огоо”, “Эрдэм транс” ХХК, “Сутайн буянт” ХХК, “Атибус”, “Тэнүүн дэлгэр” ХХК, “Автобус нэгдэл”, “Мяралзаа” ХХК хувааж авчээ.
   Засгийн газраас тараасан 400 автобусыг төрийн болоод хувийн өмчийн компаниудад эргэн төлөгдөх нөхцлөөр өгчээ. Тээврийн үйлчилгээ эрхлэгч эдгээр аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчилгээнийхээ орлогоос 15 хувиар тусгай сан байгуулан төслөөр нийлүүлэгдсэн автобусны үнийг таван жилийн хугацаанд Монгол Улсыг хөгжүүлэх санд эргүүлж төлөхөөр гэрээ байгуулсан байна. Гэтэл хувийн хэвшлийн компаниуд эргэн төлөлтөө хийгээгүй байна. Угтаа бол  эргэн төлөгдсөн мөнгөөр хуримтлалын сан байгуулж нийтийн тээврийн салбарын дараачийн шинэчлэлд зориулж шинэ автобус, сэлбэг хэрэгсэл авах зэрэгт зарцуулахаар төлөвлөсөн байжээ. Харамсалтай нь, зээлээр автобус авсан дээрх компаниуд эргэн төлөлт хийгээгүй байна.

https://ergelt.mn/news/59/single/33811
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.