Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Дорждамбын Зүмбэрэллхам Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ

208
 
         Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, хууль зүйн доктор, профессор Дорждамын Зүмбэрэллхам Монгол Улсын гавьяат хуульч цол хүртлээ.   
 
 
       Шүүхийн салбарын шинэ “Гавьяат хуульч”-ийг өнөөдөр(2023.07.08) Сүхбаатарын талбайд түүний гэр бүл, найз нөхөд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, албан хаагч нар хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.
 
 
        Монгол Улсын гавьяат хуульч Д.Зүмбэрэллхам “Төрийн албанд 40 дэх жилдээ зүтгэж байна. Эрх зүйн салбарын шинэтгэлд өөрийнхөө мэдэх, чадахын хэрээр гар бие оролцсон он жилүүд байлаа. Энэхүү хичээл зүтгэлийг маань үнэлж, шагнасан байна. Эргээд харахад үнэхээр болсон, бүтсэн зүйл их бий. Аливаа шагнал гэдэг хувь хүний гэхээс илүү өсгөж бойжуулсан эцэг эх, ард маань түшиж байдаг гэр бүл, үеийн үед ажил хөдөлмөрийг чиглүүлж ирсэн удирдлага, мөр зэрэгцэн зүтгэсэн хамт олны гавьяа юм.  Бүгдэд нь баяр хүргэмээр байна” гэв.
 
 
 
         Дорждамбын Зүмбэрэллхам нь 1984-1992 онд Өмнөговь аймаг болон Мөрдөн байцаах газар, Мөрдөн байцаах газрын Октябрь дүүрэгт мөрдөн байцаагч, мөрдөн байцаах тасгийн дарга, 1992-2006 онд Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, арга зүйч, хичээлийн эрхлэгч, дэд захирал, тэргүүн дэд захирал, 1999-2002 онд Хуульчдыг давтан сургах төвийн багш, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, 2008-2013 онд Төрийн албаны зөвлөлийн дарга, 2013-2017 онд Элчин сайд, 2018-2019 онд УИХ-ын Тамгын газарт ТББХ-ны зөвлөх, ахлах зөвлөх, 2019-2021 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүн, 2021-2022 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
 
 
  
 
            Мөн криминологи, эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүйн шинжлэх ухааны салбарт 20 гаруй нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага туурвиж, гадаадын болон дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 50 гаруй эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл, нийтлүүлсэн, Цагдаагийн академи, ДХИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх үйлсэд 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан, Их сургуулийн Эрдмийн болон Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Эрүүгийн процессын эрх зүйн профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, Монгол Улсын эрүүгийн процесс, криминологийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг юм.
 
 
 
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.