УИХ-ын Хууль зүйн байнгын хороо шүүхийн 2024 оны төсвийн төслийн талаар хэлэлцэв

211
     
       Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2023.06.27) хуралдаанаар Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны төсвийн төслийн талаар хэлэлцсэн юм. Эхлээд Монгол Улсын дээд шүүх 2024 оны төсвийн төслийн талаар хэлэлцэж, энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр танилцууллаа.
       2021 онд шинэчлэн батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүх хууль тайлбарлах болон хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, онол практикын судалгаа, шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргах зэрэг үүргийг хүлээж, үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт орсныг тэмдэглэв. Үндсэн хуульд заасан шүүн таслах ажиллагааны болон шүүн таслах ажиллагаанаас бусад чиг үүргүүдийг хэрэгжүүлэхэд хэвийн нөхцөлийг хангах, нийт шүүхийн системийн сургалт, судалгаа, мэдээллийн үйл ажиллагааг эрхлэн хариуцдаг Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн үйл ажиллагааны төсөв ирэх оны төсвийн төсөлд багтсан гэв. Улсын дээд шүүх 2021 онд 4118 хэрэг хянан шийдвэрлэсэн бол 2022 онд 4490 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Улсын дээд шүүхээс Үндсэн хуулиас бусад хуулийн тайлбар батлах үйл ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд 12 хуулийн албан ёсны тайлбарыг баталжээ.
       Үргэлжлүүлэн тэрбээр тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав. Шүүхийн шийдвэрийг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарладаг болсонтой холбоотойгоор шүүгч 3 хүртэл судлаач туслахтай байхаар хуульд заасан. Энэ хүний нөөцийг бүрдүүлэхэд тавигдах шаардлага өндөр, судалгаа, шинжилгээний хийх туршлагатай боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах дэд бүтэц хэрэгтэй гэдгийг хэллээ. Улсын дээд шүүхийн шүүгчдийн судлаач туслахууд өнгөрсөн хугацаанд 160 гаруй судалгаа хийсэн байна. Монгол Улсын хэмжээнд 800 мянга гаруй шүүхийн шийдвэр, төстэй тохиолдуудыг судлах шаардлагын талаар мэдээлэл өгсөн. Иймд цахимжилт, технологиийн шинэчлэлийг нэвтрүүлэхээр холбогдох төслийг боловсруулаад байгаа юм байна. Одоогоор олон улсын байгууллагад төслийн саналаа хүргүүлсэн бөгөөд улсын төсөвт тусгаагүй гэлээ. Тус байгууллагын нийт төсвийн 71 хувийг цалин, хөлс, нийгмийн даатгалын зардал эзэлж байгаа аж. Үлдсэн хувийг ашиглалт, урсгал засвар, томилолт, төлбөр хураамж гэх зэрэг бусад зардлууд эзэлж байгаа гэв. Ирэх оны төсвийн төсөл дээр тусгагдсан онцлог төлөвлөлт гэвэл Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн шинэчлэн байгуулагдаад 50 хувийн орон тоотой ажиллаж байсныг 2024 онд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөсөн байна.
       Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Дараа нь Монгол Улсын дээд шүүх 2024 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв.
  
       Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны төсвийн төслийн талаар хэлэлцэж, тус зөвлөлийн дарга Р.Онончимэг хуралдаанд танилцуулга хийлээ.
       Шүүхийн ерөнхий зөвлөлийн ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Л.Мөнхбаатар, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд төсвийн тус төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв.
       Байнгын хорооны хуралдааны төгсгөлд “Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.
       Төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Батзоригтой хийх нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны аравдугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгаланг томилохоор, нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг 2023 оны долдугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүлээн авахаар, нэр дэвшигчийн сонсголын зарыг нийтэд мэдээлж бэлтгэл ажлыг хангаж холбогдох хууль журамд заасны дагуу зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хороонд даалгахаар тусгажээ. Б.Энхбаяр гишүүний танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал авах шаардлагагүй хэмээн үзсэн тул тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжиж “Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав 
гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.