Саарал хотоор хэдэн ч тэрбумыг идэв, эрх баригчдын дараагийн ажилтай нь танилц᠎!

212

Саарал хотоор хэдэн ч тэрбумыг идэв, эрх баригчдын дараагийн ажилтай нь танилц᠎!

 

Монголын тэр дундаа Нийслэл хотын утааны асуудал аюулын харанга дэлдээд олон жилийн нүүрийг үзэж буй. Тэгвэл эрх баригчид утаа арилгах нэрээр идсэн мөнгө нь тоомшгүй их. Энэ нь багадсан уу? яасан дараагийн хийх ажлаа танилцуулж "Агаарын бохирдлын эсрэг 25.8 тэрбум төгрөг зарцуулна" хэмээн мэдэгдлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн удирдлагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон. Нийслэлийн Засаг дарга, Засаг даргын орлогч нараас асуулт асууж, хариулт авсан. МАН-ын бүлгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн. УИХ-ын төсвийг өргөн барихдаа Эрчим хүчний сайдын багц дээр агаарын бохирдлыг бууруулах зардал буюу 25.8 тэрбум төгрөг суулгасан байсан. Гэтэл агарын бохирдлыг бууруулах үндэсний хороо татан буугдсан учраас асуудал нь нийслэл рүү шилжсэн. Үүнтэй холбоотойгоор 25.8 тэрбум төгрөгийг Байгаль орчны сайдын багц дээр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зардал хэмээн тусгасан. Задаргааг нь сайн мэдэхгүй байна. Засгийн газраас төсөв батлахдаа задаргаатай нь танилцсан байх.

Нийслэлийн Засаг Даргын орлогч О.Номинчимэг: Сэлбэ болон Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах ажил бий. Эхний ээлжид 20,000 айлыг гэр хорооллоос орон сууцанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь агаарын бохирдлыг цогцоор нь шийдэх эхлэл болно. 

Тоосонцрын ихэнх нь автомашины утаанаас гарч байгаа. Автомашины утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 29 орчим хувийг эзэлж байна. Насжилт өндөртэй машин их, шүүлтүүр бага, евро 5 стандартын түлш хэрэглэхгүй байгаатай холбоотой. Бидний өргөн барьсан хуулиар автомашины явах хурдыг нэмснээр агаарын бохирдол 17 хувиар буурна. Евро 5 түлшний хэрэглээ бага байна. Хангамж талаас нь сайжруулах, стандартын түлш хэрэглүүлэх тал дээр бодлогын хувьд анхаарч ажиллаж байгаа.

 

Гэр хороололд 198,000 орчим өрх байна. Үүнээс 82,000 гаруй айл стандартын бус зуухтай байгаа юм. 20,000 айлыг цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Амьжиргааны түвшин доогуур 70,000-80,000 айлд давхар шаталттай зуух ашиглуулах төсөл хэрэгжүүлж байна.

Өвөл болохтой зэрэгцээд л утааг бууруулна хэмээн төсвийн мөнгөөр хэдий болтол наадах вэ? эрх баригчид аа! Ард түмэн бодит амьдрал дээр утаа бууруулахыг хүлээн суугаа гэдгийг сануулъя.

Нийслэлчүүд бид өглөө болгон энэ өтгөн утаан дунд сэрж байна. Утаанд хахаж цацан ханиах бяцхан үрс минь хөөрхийлөлтэй. “Азийн цагаан дагина” хэмээн нэрлэгдэж байсан нийслэл хот “Саарал хот” болчихсон. 

       Бичлэгийг Түшиг Хишигтогтох зөвшөөрөл авч ашиглалаа.

 

Үндэсний аудитын газраас "Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдвээр хийсэн аудитын тайланг 2021 оны сүүлээр  олон нийтэд ил болгосон юм. Тодруулбал,  Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.  Үүний 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргажээ. Харин 168.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНХАУ гэх мэт гадаад зээл, тусламжаас бүрдүүлсэн байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 199 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч  2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хэрэгжилтийг тооцож үзэхэд 64 нь бүрэн хэрэгжсэн, 60 нь он дамжин хэрэгжиж байгаа, 46 нь хэрэгжээгүй, 29 нь дутуу хэрэгжсэн байна.

Мөн 2017, 2018, 2019 онд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой 43 арга хэмжээг баталж, хэрэгжүүлэхээр болсон байна. Гэвч үүнээс 100 хувийн хэрэгжилттэй арга хэмжээ ердөө гурав байгаа нь анхаарал татна. Түүнчлэн 70 хувийн хэрэгжилттэй 13, эрчимжүүлэх шаардлагатай 18, огт хэрэгжээгүй есөн арга хэмжээ байгааг онцолжээ. Эндээс төсвийн хөрөнгийг хэрхэн үргүй зардал болгож, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй, үр дүнгүй ажиллаж байгааг харж болно. Нийтдээ утааг бууруулахад 456.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл өнөөдөр утааг хэрхэн бууруулсан нь  бичлэгээс  тод харагдаж байгааг энд дурдах нь илүүц биз ээ.

Өнгөрсөн гурван жилд утааг арилгахад зориулсан 456 тэрбум төгрөг үр ашигтай зарцуулагдсан бол монгол хүүхдүүд эрүүл саруул бойжих үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх байлаа. Гэвч тэдний энэ эрх эрх баригчдын ууж идэх донгоос болж зөрчигдсөн хэвээр байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.