Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно

239

Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно

 

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд тодорхой чиглэлийн замуудыг төлбөртэй бүс болгоно гэдгээ Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. УИХ энэ долоо хоногт "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ. Уг хуулийн төсөлд авто замын төлбөртэй бүсийн зохицуулалтын тухай заалтууд багтсан.

Уг хуульд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд Нийслэлийн Засаг дарга нийслэлийн авто замын төлбөртэй бүсийн хил зааг, цагийн хязгаарыг тогтооно гэсэн заалт оруулсан. Тэгвэл энэ хүрээнд хотын дарга нийслэлийн аль замыг төлбөртэй болгохоо зарлалаа.

 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр буюу Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсан 384 жилийн ойн баярын өдөр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулсан. Энэ хүрээнд түгжрэл үүсгэж буй гол замаар зорчвол нэмэлт төлбөр авна гэдгээ мэдэгдэж, эхний ээлжинд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл авто замыг төлбөртэй бүс болгохоор төлөвлөж байгааг илэрхийллээ.

 

Хэрвээ УИХ-аар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хууль батлагдвал эмнэлэг, цагдаа, гал, тусгай хэрэгцээт дуут дохио хэрэглэдэг тээврийн хэрэгсэл, тухайн чиглэлд хамаарах цэцэрлэг, сургуулийн автобус, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тээврийн хэрэгслийг төлбөртэй бүсийн төлбөрөөс 100 хувь чөлөөлөх  юм байна. Түүнчлэн, тухайн бүсэд оршин суудаг иргэний тээврийн хэрэгслийг төлбөртэй бүсийн төлбөрөөс 90 хувь хөнгөлөх аж.

Төлбөртэй бүсийн бөлбөрийн хувьд өдөрт нэг удаа зорчиход төлбөр авахгүй буюу 0 байна. Харин нэгээс дээш удаа зорчиход хэдэн төгрөгийн төлбөртэй байхыг Нийслэлийн ИТХ-аар тогтоохоор заажээ. Хамгийн өндөр төлбөр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хүртэл хувьтай тэнцэх буюу 27500 төгрөгийн байхаар хуулийн төсөлд тусгажээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.