МАН мега төслүүдийг ингэж хөдөлгөнө

658
МАН мега төслүүдийг хөдөлгөх тоглоомын дүрмээ ил болгов. Уул уурхай тойрсон улс төр, бизнесийн бүлэглэлүүдэд ч тодорхой хариулт өглөө. Тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан “Задарсныг засаглаж, ядарсныг тэтгэх бодлого хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн нь ийм учиртай аж. Харин яаж тэр вэ. Эрх баригч хүчний тэргүүний энэхүү цочир мэдэгдлийн цаад утгыг МАН-аас УИХ-ын 2020 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс харж болох юм.
“Хөгжилд хөтлөх мега төслүүд”. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс онцлох сэдэв нь энэ. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн багийнхан “Эрдэнэт”, Тавантолгой, Оюутолгой, Асгат, Салхит зэрэг ордуудын эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар тун тодорхой заалтуудыг тусгажээ. Нэг овоо, хоёр толгой тойрон олон жил үргэлжилж буй улс төрийн хэрүүлд тэд ийнхүү цэг тавихаар шийдсэн бололтой.
Тавантолгой. Олны дунд “Үйлтэй хоёр толгой”-н нэгээр нэрлэгдсэн тус ордыг уул уурхайн салбарыг онилсон авлигын бүлэглэлийнхэн овоо хараандаа авснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Шаргал ордонд ч, гудамжинд ч Тавантолгойтой холбоотой популизм цэцэглэж, төрд тогтворгүй байдал нүүрлэдэг нь нууц биш. АН-ынхан Тавантолгой ба төмөр зам гэсэн сэдвээр хэдэн жил хэрэлдэцгээв. Эрх барьж байхдаа ч тэд энэ сэдвийг эцэслэж чадаагүй. Эцэст нь Засгийн газраа яаж огцруулж байсныг олон нийт мартаагүй.
Харин МАН 2016 оны сонгуульд ялалт байгуулж, УИХ-д олонх болсныхоо дараа буюу 2018 онд Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэр үед “Монголын хамгийн том мега төсөл нь “Тавантолгой” болно гэдэгт итгэлтэй байв” хэмээн мэдэгдэж байлаа.
“Тавантолгой” төсөл хэрэгжсэнээр 2.8 тэрбум ам.долларын экспортын орлогоо нэмэгдүүлэх, улсын төсөвт жилд нэг тэрбум хүртэлх ам.долларын орлого оруулах, шууд болон шууд бусаар 5800 орчим ажлын байр шинээр бий болох зэрэг тооцоо, судалгааг эхний ээлжинд гаргаснаа ч албаныхан танилцуулж байв.
Тэгвэл МАН-ынхан УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Тавантолгойн нүүрс-хими, кокс-хими, метан хийн үйлдвэрлэлийг ашиглалтад оруулна. Нүүрс угаах үйлдвэрүүдийг шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ” гэж тусгажээ.
Оюутолгой. Сөрөг хүчнийхэн хийгээд популистууд Оюутолгойгоор оролдох нь цөөнгүй. Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталснаар монголчууд нийтээрээ нэг алхам урагшиллаа” хэмээн мэдэгдэж байсан ч улс төрийн хөшигний ард өмнийн говь дахь энэ ордыг тойрсон улаан хэрүүл үргэлжилсэн хэвээр байсан юм.
Үүц нь арвин, өгөөж нь их учраас гадаад, дотоодын ашиг сонирхлын бүлэглэлүүд ийн талцах нь ч аргагүй биз. Манай улсад жилд орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилт дангаар бүрдүүлж байгаа талаар зарим эх сурвалжид өгүүлсэн нь ч бий.Эрх баригч хүчнийхэн ч мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа энэ бүхнийг тооцоолж, Оюутолгойн далд уурхайг ашиглахаа онцолжээ.
“Эрдэнэт” үйлдвэр. Өнгөрсөн дөрвөн жилд хамгийн ихээр анхаарал татсан нь “Эрдэнэт” үйлдвэр байлаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монголиан коппер корпорэйшн”-ыхан “Тус үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас нийт 400 сая 270 мянган ам.доллараархудалдаж авсан” гэх боловч үнэн хэрэгтээ төрийн мөнгөөр хувьдаа авсан байж болзошгүй талаарх ноцтой баримтуудыг дэлгэсэн нь 2019 он.
Тэрбээр энэ үеэр “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж авсан байж мэдэх схемийг танилцуулж, төд удалгүй Засгийн газраас онцгой дэглэм зарласан юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг хувийн компани төрийн мөнгөөр худалдаж авсан байж болзошгүй гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн хавар шилжүүлсэн.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, АН эрх барих үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал болон “Монголиан коппер корпорэйшн”-ы удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын сүүлчээр товлосон тухай хэвлэлүүд мэдээлсэн. Хэрэг явдал ийн үргэлжилж буй ч “Эрдэнэт” үйлдвэрт ажил, амьдрал үргэлжилж байна. Эрх баригч хүчнийхэн “Эрдэнэт” болон Багануур, Шивээ-Овоогийн шинэтгэл, өргөтгөлийг хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Асгат ба Салхит. Асгатын мөнгөний ордтой холбоотой улстөржилт 2000 оны дундуур ид ширүүсч байлаа. Гэвч яагаад ч юм энэ “гал” намжсан. Харин өнгөрсөн онд Засгийн газрын тогтоолоор Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид 100 хувь шилжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад бэлтгэх ажлыг эхэлснээр алс баруун хязгаар дахь энэ орд олны анхааралд дахин орсон юм.
Гэхдээ “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд яаж оруулах вэ” гэдэг асуултын хариулт хараахан тодорхой болоогүй байлаа. Тиймээс энэ хариултыг МАН-ын мөрийн хөтөлбөрөөс хайж үзэхэд “Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулна” гэсэн товчхон заалт байх аж. Эндээс  үзвэл, ямартай ч энэ ордыг ашиглалтад оруулж, улс орон, ард түмэн үр өгөөжийг нь хүртэх цаг тун ойртжээ. Хөгжилд хөтлөх өөр нэгэн мега төсөл нь Салхит. Хэдийгээр зарим улстөрч “Жижигхэн орд шүү дээ” гэж мэдэмхийрдэг ч хууль, шүүхийнхэн хийгээд гадаад, дотоодын зарим иргэн нэр холбогдсон “Салхитын мөнгөний ордтой холбоотой” гэх авлигын томоохон хэргийг анхан шатны шүүхээр саяхан хэлэлцэж шийдвэрлэсэн.
Тангараг өргөсөн шүүгчдийг хэрэгтний суудалд суулгасан энэ хэрэг явдал хэрхэн эхэлж, хэн хэн гэдэг шүүгчид, гадаад, дотоодын ямар иргэд холбогдсон талаар сошиал болон хэвлэлүүдээр хангалттай мэдээлсэн учир энд дахин дурдах илүүц биз.Ямартай ч Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Дундговь аймгийн Гурвансайхан суманд байдаг алт, мөнгөний энэхүү ордын 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалсан.
Зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тонноор батлагдсан нөөцтэй, алт, газрын ховор металлтай, улсын төсвөөр 1983 онд хайгуул хийсэн Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулахаа МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.
Цагаан суварга. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, АН эрх барьж байх үед Засгийн газраас Цагаан суваргын 34 хувийг төр эзэмших хуулийн төслийг оруулж ирсэн ч УИХ-ын томилсон ажлын хэсгийнхэн “Төрөөс 350 сая ам.доллар гарган байж энэ ордод төр хувь эзэмших шаардлагагүй” гэж дүгнэж байв. УИХ ч энэхүү дүгнэлтийг үндэслэж МАК компанид 100 хувь эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь 2014 онд болсон явдал. “Цагаан суварга төрийн эзэмшилд байх хэрэггүй” гэсэн эл тогтоолд гарын үсэг зурсан хүн бол УИХ-ын дарга асан З.Энхболд.
Тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан Л.Цог үүнийг эсэргүүцэж Үндсэн хуулийн Цэцэд хандаж байсан ч “Үндсэн хууль зөрчөөгүй” гэх Цэцийн дүгнэлт гарч, УИХ дэмжсэнээр энэ сэдэв намжсан. Харин МАН УИХ-д 65 суудалтай болсноор Цагаан суваргыг төрийн мэдэлд дахин авахыг зарим улстөрч үе үе сануулж, УИХ дахь МАК компанийн төлөөлөл болох Н.Номтойбаяр “400 сая ам.доллар төлөөд ав” гэж даналзаж байсан удаатай. Тэгвэл эрх баригч хүчнийхэн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Цагаан суваргын ордыг ашиглалтад оруулна” гэж тусгасан нь олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ.
У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ынхан задарсныг засаглах бодлогоо энд хэрхэн хэрэгжүүлэхийг цаг хугацаа харуулах биз. Учир нь тэд “Улсын төсвийн хөрөнгөөр хийх геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг арвижуулан нөөц нь тогтоогдсон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ” гэж мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан мэдэгдлээ.
Түүгээр ч зогсохгүй Налайх дүүрэгт Тавантолгой сайжруулсан түлшний үйлдвэр-II-ыг байгуулж, Дорноговьд барьж буй төмөр, ган, ширэм боловсруулах үйлдвэр, коксын үйлдвэрийн барилгыг ашиглалтад оруулан Багануурт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх тухай сайхан мэдээг МАН-ын мөрийн хөтөлбөрөөс уншиж болно. Эрх баригч хүчнийхний боловсруулсан хөгжилд хөтлөх мега төслүүдийг хэрэгжүүлснээр улс орны хөгжил урагшилж, иргэд олноор ажлын байртай болох нь ч тодорхой юм.
 
МАН-ын сонгуулийн штабаас мэдээлэв.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.