“Авлигал хороолол”-ыг буулгахгүй бол “...Авлигатай тэмцэнэ” гэдэг үлгэр болно

209

“Авлигал хороолол”-ыг буулгахгүй бол “...Авлигатай тэмцэнэ” гэдэг үлгэр болно

 

Хэн ч юм, “Авлигал хороолол” гээд нэрлэчихсэн “Aqua Garden” хотхоны талаар улиг болтол ярьцгааж байна, бид. “...Наадмын өмнөх үерээр “Авлигал хороолол”-ын барилгын талбай нь Дунд голын урсацыг хаасан” гээд Онцгой комиссынхон “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж, тэр гольдролоор усыг нь урсгасан. Тэрийг бүгдээрээ харсан шүү дээ. Дээрээс нь “Эм энд жи констракшн”-ынхан өнгөрсөн 15, 16 жилийн хугацаанд “Авлигал хороолол”-ынхоо газрыг эзэмшиж ирсэн түүх нь их хачин.
Хэдэн удаа цуцлуулсан. Цуцлах бүрт нь шүүхэддэг. Тэгээд сэргээлгэдэг. Яахав, эрхэм шүүгч “...Байгаа нотлох баримт, үйлчилж буй хуулийн хүрээнд итгэл үнэмшлээрээ шийдсэн” гэж хэлнэ. “Авлигал хороолол”-ын газрыг хамгийн сүүлд сэргээж, Ж.Батбаясгалангийн цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүгч “...Яагаад шүүхийн шийдвэр олон нийтэд ил гараад ирчихэв ээ” гээд эрж хайгаад явна лээ.
Шүүхийн шийдвэр ил байх хуультай. Shuukh.mn дээр ч нийтлэгдэж байх ёстой. Тэгэхээр “...Тэр шийдвэр яагаад нууц байсан юм бол” гээд гайхаад байгаа юм. Удахгүй учир нь тайлагдах байлгүй дээ. Энэ мэтчилэн “Авлигал хороолол”-ын асуудал яахын аргагүй “асуудал”-тай. Хэрэгтээ, гарч ирж яриад байдаг гүйцэтгэх захирлын ард “том гар”-ууд байхыг ч үгүйсгэхгүй. Та бүхэн анзаараад үзээрэй, 2007 оноос хойш өнөөг хүртэлх түүх нь ихээхэн сонин шүү.
Нөгөөтэйгүүр Онцгой комисс дүгнэж, олон талаас “...Үерийн буруутан” хэмээгдэж буй нь үнэн л бол “Авлигал хороолол”-ынхонтой ярьж хөөрч, нялцаганаад байх хэрэг юу байна вэ. Хуульд юу гэж заасан байна, түүнийг биелүүлэх нь төрийн үүрэг биш юм уу.
Хамгийн гол нь өнгөрсөн зуны үерээс бол таван амь үрэгдлээ. Энэ бол үерийн даланг хамгаалж, үерийн бүсийг “цэвэрлэж”, голын гольдролыг чөлөөлөх гол шалтгаан юм. Тэгээд бас Засгийн газар энэ оны “Авлигатай тэмцэх жил” гээд зарлачихсан. Он дуусахад ганцхан улирал үлдлээ. Тэгтэл энэ ажил нь “Авлигал хороолол” дээр гацчих гээд байх шиг байна. Шулуухан хэлэхэд, “Авлигал хороолол”-ын буулгахгүй бол “...Авлигатай тэмцэнэ” гэдэг үлгэр болоод дуусна. Ийм л юм болно.
Ганц энэ хороолол ч бус, голын гольдрол өөрчилж, үерийн далан хаасан барилга, байшингуудыг нийтийн эрх ашгийн төлөө нурааж, буулгаж л таарах биз. Цаашлаад бургас хядсан, хот орчмын гол усны урсац өөрчилсөн гэж яригдаад байдаг нөхдүүдийг ч “захиалагч, гүйцэтгэгч”-тэй нь ил гаргавал зохино.
Ер нь тэгээд ажил хариуцсан дарга, сайд нар “...Зөв” гэж байгаа л бол зориглоод хийчих хэрэгтэй. Олон нийтийн сүлжээгээр “хоёр үг” бичихээр л хамаг ажлаа хаяад зугтдаг. Хэд хоногийн өмнө баруун талын Тээврийн товчоог “Драгон”-оос холдуулсан нь буруу. С.Бямбацогтын ашиг сонирхол явчихлаа” гээд л шүүмжлээд байгаа харагдана лээ. Тээврийн товчоо тэндээ хэцүүдээд л байсан шүү дээ. Газар, талбай нь барилгад шахагдчихсан. Замын түгжрээ нэмдэг. Нүүлгэхдээ дахиад ч цааш нь явуулах байсан юм. Харин С.Бямбацогт “...Ашиг сонирхлын зөрчилгүй” гэдгээ сайхан шалгуулаад шүүмжлэлд хариу барих хэрэгтэй. Сонгууль болж байна, энэ байтугай шүүмжлэл сонсоно шүү.
 
 
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.