ЖАЙКАГИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ДАРГА ТАНАКА ШИНИЧИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

354
  Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг мягмар гарагт(2023.06.06) Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг(ЖАЙКА)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничиг хүлээн авч, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
 
      Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар болон хоёр байгууллагын холбогдох албаны хүмүүс байлцав. Энэ үеэр Жайкагаас хэрэгжүүлж буй “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-т шүүгч, шүүхийн захиргааны ажилчдыг хамруулах болон эвлэрүүлэн зуучлалыг эрүү, захиргааны хэрэгт нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцсон.
 

 
 
       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Манай хоёр байгууллага хамтран ажилласан олон жилийн түүхтэй. Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарт Япон Улсын хэрэг маргааныг эвийн журмаар шийдвэрлэдэг сайн туршлагыг шүүхийн практикт нутагшуулж, эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо бий болгон өнөөгийн түвшинд амжилттай хүргэсэн гэдгийг онцолъё.” гэж байв.
 
      Цаашид Монгол Улсын Засгийн газраас баталсан “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ын баримт бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүллээ.
 

 
 
       Үүнд эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх нөхцөлийг судалж, бүрдүүлэх, Япон Улсын шүүхийг цахимжуулах туршлагаас судлах, цахим шилжилтийг хэрэгжүүлэх албан хаагчдад сургалт зохион байгуулах, шүүхийн үйлчилгээний нэгдсэн стандарт боловсруулах, үйлчилгээний хүртэмжийг нэмэгдүүлэх, шүүгчийн сонгон шалгаруулалтын тогтолцоо сайжруулах зорилгоор Японы туршлага судлах, шүүгчийн хараат бус байдлыг дээшлүүлэх зорилгоор суурь судалгаа хийж, оролцогч талуудын хэлэлцүүлэг зохион байгуулах, шүүгчийн хараат бус байдлын талаар олон нийтийн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах талаар дурдсан юм.
 

 
 
       Талууд яригдсан саналуудыг ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй бөгөөд хамтын ажиллагаа шуурхай, үр дүнтэй байхын тулд санаачилгатай ажиллахаа харилцан илэрхийлснээр уулзалт өндөрлөв.
 
     Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг(ЖАЙКА)-ийн төлөөллийг 2023 он гарснаас хойш хоёрдох удаагаа ийнхүү хүлээн авч уулзсан юм. Өмнө нь нэгдүгээр сарын 11-д “Засаглал, энх тайвныг бэхжүүлэх” газрын хууль эрх зүйн салбар хариуцсан мэргэжилтэн Ёшимура Кейзукитэй хамтын ажиллагааны талаар саналаа солилцож байв.
 

Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.