Нэр дэвшигчид ба шүүх хурлууд

823

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд долоо хонож байна. Энэ удаагийн сонгуульд 76 мандат дээр 606 хүн нэр дэвшжээ. Мөн түүхэнд анх удаа хамгийн олон буюу 121 бие даагч өрсөлдөж байна. Үүний хажуугаар сонгох сонгогдох эрхээ хасуулсан нэр дэвшигчдийн асуудал шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна. Мөн хилийн чанадаас болон хорих ангиас нэр дэвшсэн хүмүүс ч бий. Ийнхүү 2020 сонгуулийн сонин хачнаас тоймлон хүргэж байна.
 
СЕХ-НЫ ШИЙДВЭРТЭЙ ХОЛБОГДОХ ШҮҮХИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХОЙШЛОВ 

“Та бидний эвсэл”-ээс МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Гэсэн ч түүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн ээлжит оролдлогыг МАНАН бүлэглэл дахиад л хийж, эхэлсэн. Сонгуулийн хуульд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэх заалт оруулж баталсан ч Н.Энхбаярт шүүхээс сонссон авлига албан тушаалын хэрэг байгаагүй. Учир нь 2012 оны Улсын дээд шүүхийн 775 тоот тушаалд албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэсэн ч СЕХ-ноос Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүйгээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргаад байна. Тиймээс “Та бидний эвсэл”-ийн зүгээс сонгох сонгогдох эрхэнд ноцтойгоор халдсан дээрх асуудлаар Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Өнгөрсөн Баасан гаригт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс шинээр нотлох баримт гаргуулах, Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хуралдааныг хойшлуулсан байна. Энэ үеэр хуульч Ё.Бямбатогтохоос тодруулахад “Шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
 
Монголд Үндсэн хуулийн гэх зүйл байхгүй болжээ. СЕХ, Захиргааны хэргийн шүүх нь ч захиалгаар ажиллаж эхэлсэн байна. Бид МАНАН ариллаа гэдэг зүйл ярьж байсан бол харамсалтай нь улам бүр өтгөрсөн байна. Яг хуулиа барих юм бол ард түмний талд сонгох эрхийн талд шийдвэр гарах байлаа. Харамсалтай нь шударга үнэнийг үгүйсгэсэн шийдвэрүүд гаргаж байна” гэсэн юм.
 
Л.НАРАНБААТАР ШҮҮХЭД ХАНДСАН Ч ХУРАЛДААН ТОВЛООГҮЙ БАЙНА 

Мөн эдийн засагч Л.Наранбаатар сонгох, сонгогдох эрхийнхээ төлөө шүүхэд хандаад байна. СЕХ-ноос түүнийг хоёр газраас зэрэг дэвшсэн гэх үндэслэлээр хассан байдаг. Тэрээр энэ асуудлаар Нийслэлийн Захиргааны хандсан ч шүүх хуралдааныг товлоогүй байна. Эдийн засагч Л.Наранбаатар “СЕХ Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд маш бүдүүлгээр халдлаа. МАНАН-гийн гар хөл болж ажиллаж байна. Эрхтэн дархтанд үйлчилж байна. Намайг сүүлийн тав,зургаан жил УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй нь төлөө хууль хүчний байгууллагаар хэчнээн махлаж зовоолоо. Өнөөдөр Үндсэн хуулиар заасан эрхээ залуус эдэлж чадахгүй байна. Энэ хүмүүс залуусыг шударгаар өрсөлдөх гэхээр өөрсдийн эрх мэдлээ ашшлаж, эрхэнд бүдүүлгээр халдаж байна. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах ажиллагааны нэг хэсэг гэж дүгнэмээр байна. Шүүхээр ямар нэгэн байдлаар эцсийн шийдвэр гаргууллаа гэхэд сонгуульд маань дуусах байх. Гэхдээ би үнэний төлөө явна” гэсэн тайлбар өгсөн байдаг.
 
ХОРИХ АНГИАС СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА ЭХЛҮҮЛЭВ 

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байна. Гэсэн ч өнгөрсөн сарын 28-ний өдөр түүнийг хорих шийдвэрийг шүүхээс гаргасан билээ. Тэрээр энэ удаагийн сонгуульд хорих ангиас ч гэсэн нэр дэвшихээ илэрхийлээд байна. Улмаар өчигдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд түүний сонгуулийн сурталчилгааны нээлт болов.

Н.Номтойбаярыг төлөөлж аав Б.Нямтайшир нь сонгуулийн уулзалтуудыг албан ёсоор эхлүүллээ. Мөн өнгөрсөн өдрүүдэд Н.Номтойбаярыг цагдан хорьж байгааг иргэд эсэргүүцэн 461 дүгээр ангийн гадна жагссан байдаг. Тэд шударга ёсыг шаардаж, Н.Номтойбаярыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бичиг барьсан байв.
 
ХОЁР Ч НЭР ДЭВШИГЧТЭЙ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ БОЛЛОО 
 
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш боллоо. Тус хэргийн шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлээр татгалзаж, уг татгалзлыг тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаанд яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг.
 
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ сарын 4-нд болсон. Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 11-нд хийхээр товлон зарлав. Ж.Эрдэнэбатад 10 тэрбум төгрөгийн барьцаан авах таслан сэргийлэх арга дотор шүүхийн тусгай дансанд байршуулахыг үүрэг болгосон байдаг.
 
Т.БатсайханЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.