Азийн Физикийн олимпиадаас хүрэл медаль авсан сурагчид 3 сая төгрөг гардуулжээ
23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн. Үндэсний багийг МУИС-ийн багш Д.Улам-Оргих тэргүүтэй 4 багш дасгалжуулсан байна. Олимпиадын үр дүн гарахад Монгол улсын багийн гишүүн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медалийн болзол хангаж шагналаа гардан авчээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагч Л.Дөлгөөн болон олимпиадын хорооны болон багш нарын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Тус уулзалтад 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатар мөн оролцсон юм. Хэдийгээр олимпиадад үндэсний багийн багш нар сурагчдыг бэлтгэсэн ч сүүлийн 6 жилийн туршид энэ сурагчид Физикийн хичээл заасан багшийн хөдөлмөр тамирчдын амжилтад чухал нөлөөтэй юм.
Уулзалтын үеэр олимпиадын бодлого боловсруулалт, бага ангиас нь эхлэн сурагчдыг байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох, ментор багш бэлтгэх гэх мэт сэдвээр санал солилцжээ.
Ази тивийн олимпиадад амжилттай оролцсон сурагч Л.Дөлгөөнийг 3 сая төгрөгөөр урамшуулсан бол 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатарт зөөврийн компьютер гардуулсан байна. Мөн олимпиадад бэлтгэсэн багш нарт дурсгалын зүйл гардуулжээ.