Тусгай “САН”-гуудыг тултал ашиглагчдаар төсвийн мөнгийг төлүүл
Засгийн газрын 5Ш хөтөлбөрийн хүрээнд төрийн мэдээллүүдийг ил болгож буй. Тэр дундаа Засгийн газрын сангуудын зориулалт зарцуулалт. Энэ жилийн тухайтад 18 тусгай санд 7.7 их наяд төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байдаг.
Харамсалтай нь тухайн сангуудаас хөрөнгө оруулалт татдаг, зээл тусламж авдаг цөөн ААН болон иргэн байдаг нь сүүлийн өдрүүдэд тодорхой болсон.
Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөс үр хүүхдээ сургаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас аж ахуйн нэгж, компанидаа дэмжлэг хүртэж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжилт авсан гээд тоочвол татвар төлөгчдийн хөрөнгөөр тоглогсод олон байна.
Жагсаалтад багтсан нэр нь ил болмогц сургалтын төлбөрөө төлж буй улстөрчид ч олон байгааг харж байгаа биз ээ. Үнэхээр боломжтой хэрнээ САН-гийн мөнгийг төлөхгүй байж болно гэсэн ойлголт тэдгээр хүмүүст үйлчилсэн байх нь.
Үндсэндээ Засгийн газрын тусгай сангуудыг тоногчид бий болчихсон гэсэн үг.
Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сан байх нь зөв байх. Харин журам нь ямар байх вэ гэдэг дээр та бүхэн шийдэл гаргах хэрэгтэй. Сан ил тод, хүртээмжтэй, шалгуур нь ойлгомжтой байх ёстой.” гэж байна билээ.
Тэгэхээр цаашид ч тусгай сангууд байх нь. Хэлж байгаагаар нь ил, тод.
Гэхдээ үүнийгээ хэрэгжүүлэхээс өмнө урьд сангуудаас хөрөнгө, мөнгө аваад төлөөгүй яваа хүмүүсээр төлөлтийг нь хийлгэх ёстой. Тэр тусмаа хүү, торгуультай нь. Эс бөгөөс нь аваад алга болдог бичигдээгүй дүрэм, журам нь хэрэгжсээр байх нь байна.
https://erennews.mn/article/60250