АН-ыг 99 тэнгэр аварна, харин Монголыг...
-“ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛСНЭЭР ХУЛГАЙ ХУМИГДАНА”-
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухай санал, санаачилга гарахад Ардчилсан намынхан 99 гэсэн тоо хэлдэг тогтсон уламжлалтай болчихжээ. Магадгүй 99 гэдэг нь АН-ын сүлд тоо байхыг үгүйсгэхгүй. Эсвэл тус намыг 99 тэнгэр л аварна гэсэн лүндэнг хэн нэгэн буулгасан ч юм билүү, хэн мэдлээ.
Үндсэн хуулийг өөрчлөх тухайд бол мөнхийн сэдэв байсаар ирсэн. Бараг 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсны маргаашаас л эргээд засах, өөрчлөх тухай ярьж эхэлсэн байдаг.
2015 онд мөн л ээлжит сэдэв дэлгэгдэж, ажлын хэсэгт орж ажилласан “Фортуна” Н.Батбаяр гишүүн “Дэлхийн улсууд парламентын 120 орчим гишүүнтэй байдаг юм байна. Манайд энэ нь олондоод байна. Хоёр оронтой тооны хамгийн дээд тоо гэж үзээд 99 болгоё. Ес гэдэг бол зөвхөн Монголд биш дэлхий дахинд бэлгэдлийн тоо. Нарны аймаг есөн гарагтай. Цаашаа Чингис хааны есөн өрлөг, есөн цагаан туг гээд их олон юм байна” гэсэн санал дэвшүүлж байв. Түүний санал нэг хэсэгтээ л нийгмийг “шууруулсан”. Даанч галын тахилга, монголчуудын тэнгэр шүтлэг, 99 тэнгэртэй холбогдож утгаа алдсан болохоос уг нь болохгүй ч юм биш гэдгийг тухайн үед хэлж, дэмжиж байсан хүмүүс бий.
Тэгвэл саяхан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж “Гишүүдийн тоог нэмэх асуудлыг зөвтгөх шалтгаан бий. Миний хувьд 99 болгох боломжтой гэж харж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Түүний хувьд бэлгэдэл зүй, сүсэг бишрэлд ач холбогдол өгсөн “Фортуна”-г бодвол бас ч гэж тооцоо, судалгаанд суурилсан дүгнэлт хийсөэн нь анзаарагдаж байгаа юм.
Тухайлбал, гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг дэмжиж буй зөвтгөлөө тэрбээр “1992 оны анхны ардчилсан сонгуулийн үед нийт 900.000 сонгогчтой байсан. Тэр үед УИХ-ын нэг гишүүн 12.000 сонгогчийг парламентад төлөөлдөг байсан юм. Гэтэл одоогийн байдлаар 2.2 сая сонгогчтой болсон нь нэг гишүүн 29.000 сонгогчийг төлөөлж байгаа гэсэн үг. Би Ховд аймагт ажиллахдаа ямар ч асуудалгүй сонгогчидтой уулзаж болох ч нийслэлийн дүүргүүдийн хувьд 400.000 хүн амтай. Иймд нөхцөл байдалд миний бие гишүүдийн тоог 99 хүртэл нэмж болно гэсэн байр суурьтай байна" хэмээн тайлбарласан.
Үүнээс өмнө буюу 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төсөл өргөн барихдаа гишүүдийн тоог 108 болгоё” гэсэн. Эрхинй тоог эрхшээсэн түүний санал дэмжлэг аваагүй.
Энэ удаа эрх баригч МАН-ын 38:38 гэсэн хувилбарыг ажлын хэсэг дээрээ ярьж байгааг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн оны эхэнд хэлж байв. Холимог тогтолцоог оруулж ирэх нь зүйтэй, бусад намын санал болгоод байгаа 76+76 хувилбарыг нийгэм дэмжвэл, парламентын олонх гар өргөвөл хэрэгжих боломжтой. Нийгэм зөвшөөрөхгүй бол боломжгүй гэсэн байр суурийг тус намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн.
Ер нь бол УИХ-ын гишүүдийн тоог 99 юм уу, эсвэл 110 орчим байлгах боломж 1992 онд шинэ Үндсэн хууль баталж байх үед байсан юм билээ. Хэрэв тэгж чадсан бол түүнээс хойш 30 жил улиг болтол ярьсан УИХ дахь хяналт, хариуцлага, 76 хүн хэмжээлшгүй эрх дарх эдэлдэг асуудал гарахааргүй байжээ гэж харагддаг.
Тухайлбал, 1992 оны шинэ Үндсэн хууль хэлэлцсэн түүхэн баримт, протоколоос үзвэл Дорноговиос сонгогдсон Б.Мижид “АИХ-аа хэвээр нь байлгая. Нэмээд Улсын Бага хурлыг байгуулъя” гэсэн санал гаргаж, хоёр танхимтай парламентыг хэлбэрийг хадгалах санал дэвшүүлж байжээ. Гишүүдийн тоог нэмэх тухай өнөөдөр зарим нам, улстөрчид ярьж байгаа бол тэртээ 1992 онд Ж.Ядамсүрэн хэмээх АИХ- депутат 112 гэсэн тоог дэвшүүлж байжээ. 112 гэдэг тэр үедээ бол одоогийн 76-гаас ч хамаагүй олон. Тэгвэл одоо ярьж байгаа УИХ-ыг өргөжүүлье, тоог нэмье гэсэн санал Ж.Ядамсүрэн депутатын 1992 онд дэвшүүлж байсантай бараг л таарч байна. Ж.Ядамсүрэн депутат бол эдийн засагч, эрдэмтэн, судлаач хүн учраас асуудалд алсын хараатай, тооцоо судалгаатай хандаж байсны гэрч нь архивт үлдсэн дээрх баримт юм.
Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх тухай асуудал УИХ-ын түвшинд хүчтэй яригдаж байгаа. Тэр дотор УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 76+76 буюу мажоритар системээр 76, пропорционалаар 76 гишүүнийг сонгож, нийт 152 гишүүнтэй УИХ-тай байх тухай нэг ёсондоо нийгмийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Ер нь бол 99 байвал АН-ын хүсэл ерөнхийдөө биелэх бололтой. Хэтийн заяа нь улс төрийн зурхайд тэгж буусан юм гэсэн. МАН-ынхны зүгээс“Холимог тогтолцоог оруулж ирэх нь манай намд ээлгүй” гэж дотооддоо санал зөрж, намын даргыгаа тогтолцоогоор оролдож болохгүй гэж сэрэмжлүүлээд байгаа ч дуулдсан.
Харин судлаачид “Эрх баригч буюу том намууд сонгуульд ялагдах нөхцөл бүрдсэн гэж үзсэн үедээ суудлын тоогоо нэмэгдүүлэх аргыг хайдаг бол жижиг намууд нэг ч гэсэн суудал илүү авах хүсэлтэй. Энэ хоёрын уулзвар дээр сонгуулийн тогтолцооны хэлбэр, парламентын гишүүдийн тоог өөрчлөх тохиол бүрддэг” хэмээн тодорхойлоод байна.
Гэвч хоёр намынхаас илүүтэй Монгол Улсын том эрх ашиг, 3.2 сая монголчуудын сайн сайхан амьдрах баталгаа л хамгаас чухал. Тэгвэл “Гишүүдийн тоог нэмснээр ард түмний амьдрал сайжрах уу” гэдэгт хуульч, дипломатч П.Баяр тодорхой хариулт өгчээ. Тэрбээр “Гишүүдийн тоо нэмэгдсэний маргааш автомашины түгжрэл арилж, орчны бохирдол арилж, хавдрын өвчлөлгүй орон болж чадахгүй нь ойлгомжтой. Харин нэг гишүүний нөлөө, эрх мэдэл буурч авлига, эрх мэдэлтний хулгай хумигдана. Нийгмийн олон бүлгийн төлөөлөл УИХ-д орж, хууль тогтоох байгууллагын бүтээмж нэмэгдэж, бодлого, хууль тогтоомжийн чанар сайжирснаар амьдралд ойр байж хэрэгжих боломжтой болно.
Хууль тогтоомж нийгмийн харилцааг оновчтой зохицуулснаар амьдралын чанарт мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлдэг. Нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцооны шинэчлэл хийгдсэн, гэмт хэргийн тоо буурсан, хувийн хэвшил дэх төрийн оролцоо буурсан гэх мэт эерэг үр дүн гарсан жишээ олон бий. Нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо багассанаар гишүүд болон сонгогчдын эргэх холбоо сайжирч, олон нийтийн санал, санаачилга төрийн бодлого, шийдвэрт тусдаг болно. Олон намын төлөөлөл УИХ-д багтсанаар МАНАН, шударга бусын хонгил гэх мэт үгсэж хуйвалдсан мафийн бүтэц бий болох эрсдэл буурна. Улсын төсөв батлах, зарцуулахад тавих хяналт нэмэгдсэнээр татвар төлөгчдийн мөнгийг оновчтой зарцуулах, байгалийн баялгаас орж ирэх орлогыг шударга хуваарилах нөхцөл бүрдэнэ” гэж үзжээ. Мөн зарим судлаач пропорционал системийг оруулж ирэх, гишүүдийн тоо нэмэхийг дэмжиж буй ч “Давхар дээл”-тэй сайд нарын тоо нэмэгдэх вий гэдэгт болгоомжтой хандаж байгаа юм.
Ер нь бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх талаар өнөөдөр ярьж буй асуудлыг 1992 оны үед гарч байсан санал, санаачилгуудтай жишиж үзвэл “Оройтсон борооны хойноос цув нөмрөх” гэгчтэй адил үйлдэл. Тухайн үед гишүүдийн тоог 112 болгочихсон бол өнгөрсөн 30 гаруй жилд УИХ нь худалдагддаг, нэг хүний халаасанд ордог, арван хэдүүлээ тойрч суугаад захиалгат хууль баталдаг гэх гажуудлууд гарахгүй байсан болов уу. Гэвч одоо үүнийгээ засаж, залруулахгүй бол хойч үедээ дахиад лай ланчиг овоолж үлдээж болохгүй. Тэгэхээр гал аваад ч хамаагүй энэ өөрчлөлтийг хийчих юм сан гэсэн Монголын улс төр дэх шинэ үеийнхний зорилтыг дэмжихээс аргагүй. Ийм л нөхцөл байдал Монголын улс төрд үүсээд байна. Энэ асуудалд хэн хэрхэн хандах нь шинэ үеийн улс төрчдийн хэн нь хэн бэ гэдгийг тодруулах юм.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН