Хийсвэр виртуал ертөнцөд амьдардаг сэтгэцийн эмгэгтэй хүүхэд, залуусын тоо эрчимтэй өсч байна

1 247

Зэт, Альфа үеийн хүүхэд залуусаа хамгаалах зорилгоор цахим орчиндоо "Эцэг эхийн хяналт"-тай болъё.

Хүүхэддээ юу үзүүлж, сонсгох нь эцэг эхчүүдийн хувийн асуудал, телевиз, радиогоор ямар нэвтрүүлэг бэлтгэж, интернет, сошиал орчинд юу түгээх нь контент үйлдвэрлэгчдийн эрх төдийгүй олон үзэгч татаж, хандалтаа өсгөх маркетинг бизнесийн амин чухал асуудал гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.

Гэвч тэдгээр мэдээ мэдээлэлд ямар ч цензур байхгүй бол, түүнээс болж хэн нэгэн хохирч сэтгэлзүйн асуудалд орж, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж сэтгэцийн эмгэгтэй болж байвал яах вэ? Тэдгээр хохирогч нь Хүүхдүүд байвал яах вэ?

Монгол Улсад 0-18 насны 1,2 сая хүүхэд бий. Гурван хүн тутмын нэг нь хүүхэд. Хүүхэд, өсвөр үе, залуусын юу сонсож, юу үзэж байгааг эцэг эхчүүдэд цахим орчинд хянах боломж хэр хангагдсан байгаа вэ?
⛳️ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд мансуурах, газ, цавуу үнэрлэх аргыг интернэтээс үзэж сурсан нь манай судалгаагаар тогтоогдож байна.
⛳️ Саяхан интернетээр түгсэн “Момо” хэмээх зураг, видео үзсэн хүүхдүүд шөнө унтаж чадахгүй цочиж сэрэх, хашгирах, тайван биш болох зэргээр Цочролын дараах стрессийн эмгэгтэй болсон тохиолдлууд гарсан.

Сошиал орчинд бусдыг элдэв муу хараалын үгээр доромжлон гутаах байдал, хүчирхийллийн видео бичлэгүүд нээлттэй түгдэгээс болж сургуулийн хүүхдүүд дуурайж бие биенээ хэл амаар доромжлон харьцах нь ердийн харилцааны хэм хэмжээ болж байгаа эмгэнэлтэй дүр зургыг та хүүхдүүдийнхээ сургууль, анги хамт олны орчноос бодитойгоор харж байгаа.

Комьютер, гар утасны тоглоомонд донтохоос гадна фэйсбүүк, инстаграмм, youtube-д донтож хийсвэр виртуал ертөнцөнд амьдардаг хүүхэд залуусын тоо эрчимтэй өсөж, түүнээс үүдэн “Сэтгэлзүйн хүнд асуудалтай, сэтгэцийн эмгэг” туссан хүүхдүүд олширч байна.

Иймээс бидний хойч үеийн "Сэтгэлзүйн сайн сайхан байдал (Psychological well-being), Cэтгэцийн эрүүл мэндэд (Mental health)", хүмүүжил төлөвшилд хүчтэй нөлөөтэй цахим орчны аюулгүй байдлын үүднээс “Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжил зүйн Үндэсний Хүрээлэн”-гээс дараахи уриалгыг гаргаж байна.

1. Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгодог газар, цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба, хүүхэд, гэр бүлийн төлөөх төрийн байгууллагуудад хяналтаа эрчимжүүлэхийг; (Үүнд: Эцэг эх, асран хамгаалагч нарт “Эцэг эхийн хяналт”-ыг хэрхэн тавих зөвлөгөөг бэлтгэн хүргэх)

2. ФМ Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон үүрэн холбооны операторуудад мэдээллээ ялгаж дамжуулах “Parental Control” буюу эцэг эхийн хяналтын механизмыг бүрдүүлэх;

3. Ютүб, фэйсбүүк сувгуудыг ашиглан цахим орчинд контент үйлдвэрлэгчид, түгээгчид нийтлэж буй мэдээлэлдээ насны хязгаарлалт, анхааруулгыг өгч, эцэг эхийн зөвшөөрлөөр үзэх сануулгыг тавьдаг болохыг; (Энэ тал дээр Цахим гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын дэмжлэг үгүйлэгдэж байна)

4. Хүмүүний эцэг эх болсон Эцэг эх, асран хамгаалагчиддаа үр хүүхдийнхээ нүдийг гаж буруугаас, хүүхдийнхээ чихийг хүчирхийллээс, хүүхдийнхээ сэтгэлийг муу муухай бүхнээс хамгаалах хяналтаа нэмэгдүүлэхийг уриалж байна.

Монголын Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.