Б.Энхбаяр: Э.Бат-Үүл нийслэлийн ₮500 саяын хөрөнгөөр нохой, муур шатаах зуух барьсан. Шатахууны зардал нь дийлддэггүй

184

Б.Энхбаяр: Э.Бат-Үүл нийслэлийн ₮500 саяын хөрөнгөөр нохой, муур шатаах зуух барьсан. Шатахууны зардал нь дийлддэггүй

 

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин эзэнгүй нохой, муур устгах тухай асуудлыг хуульд хэрхэн тусгасан талаар асуув.

Тэрбээр “Нохой, муурыг буудаж устгах хүн олдохоо байсан. Тэднийг устгах асуудлыг бууруулах талаар ямар заалт хуульд орсон бэ? Аймаг, нийслэл, сум дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж бий. Уг төлөвлөгөөнд гэрийн тэжээвэр амьтныг салхилуулах талаарх заалт орсон уу. Сүүлийн жилүүдэд малын гоц халдварт өвчний асуудлыг ярьж байна. Зэрлэг амьтнаар дамжиж халдварлаж байгаа” хэмээв.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр“Нохой, муурыг устгах талаар одоогоор ямар ч хууль эрх зүйн орчин байхгүй. Түр зуурын дүрмээр зохицуулдаг. Нохой, муурыг бүртгэлжүүлээд, үржлийг нь хаах юм бол орон нутгийн татварын орлогыг бүрдүүлэх нэг эх үүсвэр бий болно. Зарим хөгжингүй улсад зөвхөн нохой, муур салхилуулах тодорхой хаягтай цэцэрлэгт хүрээлэн байдаг.

Харин Улаанбаатарын хувьд юун нохой, муур салхилуулах талбай битгий хэл хүүхэд салхилах талбай байхгүй. Гэхдээ бид энэ асуудлыг бодлогоор чирэх ёстой. Жишээлбэл, хотын төв паркийг “Оюу толгой” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд тохижуулах гэж байна. Зөвхөн нохой, муураа салхилуулах талбай бий болгох зүйл яригдаж байгаа юм билээ.

Хүүхдүүд амьтанд их хайртай. Аав, ээж нь эрхлүүлээд амьтан авч өгдөг ч сонирхол нь буурахаараа гаргаж хаядаг. Бусад улсад өндөр үнээр зарагддаг үйлдвэрийн нохой манай улсад их хаягдаж байна.

Э.Бат-Үүл Улаанбаатар хотын засаг даргаар ажиллаж байхдаа нийслэлийн 500 сая төгрөгийн хөрөнгөөр шатаах зуух барьсан. Устгах ёстой нохой, муурын 10 хувийг л устгах боломжтой. Гэтэл одоо бүгдийг нь устгана гээд дахиад 10 зуух барих ёстой юу?. Түлш шатахууны зардал нь дийлддэггүй” гэдгийг хэллээ.

Харин Азтай савар ТББ-ын тэргүүн Ц.Зориглон “Хамгийн эхэнд хийх чухал зүйл нь бүртгэл. Нохой, муур тэжээгч асран хамгаалагч нарыг нарийн бүртгэлд оруулах ёстой. Гэрийн тэжээвэр амьтан нь тухайн гэр бүлийн зөвхөн нэг гишүүн дээр байх ёстой. Бүртгэлийг хангалттай сайн хийснээр үржлийг хянах боломж бүрдэнэ. Амьтад гадаа хаягдахгүй болно.

Орон нутагт бүртгэлгүй үржүүлэг явагдаж байгаа учраас халдварт өвчин их гарч байна. Цалингаас гадуурх орлого маягаар харж хяналтгүй үржүүлэг их явуулж байгаа” гэсэн юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.