Цуврал аллага үйлдэх гэж байсан бүлэг этгээдийг цагдан хорьжээ
Бусдын амь насыг хохироосон бүлэг этгээд дахин нэг иргэнийг айлган сүрдүүлж, тээврийн хэрэгслийн тээшинд тээвэрлэж явахад нь Цагдаагийн алба хаагчид баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.
Тодруулбал: "Цагдаагийн байгууллагад 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Уушгийн ам гэх газарт “Улсын дугааргүй Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн тээшинд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 62 настай, эрэгтэй “Г” нь уг тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт 2 гар хүлэгдсэн, аманд нь алчуур чихсэн байдалтай амь насаа алдсан байсан бөгөөд түүний амь насыг урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэн шүүхээс ял шийтгэгдэж байсан 26 настай, эрэгтэй “Д” нь 31 настай, эрэгтэй “Б” болон “А” нартай хамтран хохироож, зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, тэднийг Орхон аймгийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээ эрхлэгч “Б”-ийн амь насанд нь халдана хэмээн айлган сүрдүүлж,, тээврийн хэрэгслийн тээшинд тээвэрлэж явахад нь цагдаагийн алба хаагчид үйлдлийг нь таслан зогсоож баривчилсан байна.
Шалгалтаар амь хохирогч “Г” нь хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд дээрх 3 этгээд 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр түүнд “Адууны эрэлд яваад ирье” хэмээн хууран мэхэлж суурин газраас холдуулж амь насыг нь хохироосон, мөн 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хувиараа такси үйлчилгээ эрхлэгч “Б”-тэй “Аймгийн төв хүргүүлнэ” гэж тохиролцон замдаа маргалдан түүнийг айлган сүрдүүлж, заналхийлэн түүний ар гэрээс 200.000 төгрөгийг түүний дансаар шилжүүлэн авч, улмаар гар, хөлийг нь хүлэн тээврийн хэрэгслийн тээшинд хийж Архангай аймгийн Өлзийт сум руу зорчих үед нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан" гэв.
https://tsahiur.mn/n/s/14071?fbclid=IwAR3ykVhTKqf4QzOZvgyHH5B23ePHMmX5x1rA1Ic-ni0gKx4xXpfgleqtlGE