Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөрөв дэх өглөөний уулзалтаа хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гариг бүр “Өглөө бүр өөрийгөө ял” уриатай өглөөний уулзалт хийдэг уламжлалтай. Өнөөдөр 4 дэх уулзалтаа уул уурхайн салбарынхантай хийлээ. Өнөөдөр "2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдвийн хүрээнд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй хийжээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргах нь өнөөдрийн уулзалтын гол зорилго юм.
Ерөнхий сайд өмнө нь нүүр, амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нар, Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын ажилтнуудтай өглөөний уулзалт хийсэн. Тус уулзалтуудаараа тухайн салбар, салбарын боловсон хүчнүүдэд тулгамдаад байгаа асуудлыг сонсож, гарц шийдлийг ярилцдаг билээ.