Ардчиллын зарчмуудыг монополчлох гэсэн АНУ оролдлогын тухай

410

Ардчиллын зарчмуудыг монополчлох гэсэн АНУ оролдлогын тухай

 

 

Вашингтон НҮБ-ыг олон улсын харилцаанд гүйцэтгэдэг тэргүүлэгч үүргээс нь салгахын тулд «дүрэмд суурилсан дэлхийн дэг журам» гэгчийг бий болгохыг эрмэлзэж байна. Ийнхүү механизмуудын нэг нь «Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт» бөгөөд уг платформыг бий болгосноороо тусгаар тогтносон улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох бодлогоо бататгах гэж дахин оролдов.

АНУ болон түүний холбоотнууд «ардчиллыг сурталчлах» нэрийн дор түрэмгий арга барилуудыг удаа дараа хэрэглэсээр ирсэн. Тухайлбал, дэлхийн хамтын нийгэмлэг сүүлийн 30 жилийн хугацаанд арав гаруй цэргийн ажиллагаа, «дэглэм өөрчлөх» оролдлогын гэрч болсон. «Ардчилал»-ыг албадан тогтоохын тулд явуулсан элдэв хачин зэвсэгт халдлагууд нь цуст дайнаар дуусаж, Югослав, Афганистан, Ирак, Ливи, Сири улсуудын хувьд үндэсний эмгэнэл болон хувирсан. Тэд дайныг эхлүүлэхийн тулд энгийн иргэдийг хамгаалах, үй олноор хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэхтэй болон терроризмын эсрэг тэмцэх гэх мэт шалтгуудыг ашиглаж ирсэн.

 

Олон жилийн турш дэлхий нийтийг ардчилалд сургах гэсэн хүсэл эрмэлзэл нь АНУ-ын дотоодын архаг болсон эгзэгтэй асуудлуудтай мөр зэрэгцэн ирсэн. Хуучирсан сонгуулийн тогтолцооноос болж Америкийн сонгуулийн ардчилсан шинж чанар нь юу ч биш болж байна. 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн тойргуудыг зохиомлоор «зүсэж», санал хураалтыг шуудангаар олон долоо хоногийн турш явуулж, ажиглагчдыг (тэр дундаа олон улсын) оролцуулаагүй учир олон сая америкчууд сонгууль ил тод болсон гэдэгт одоо ч эргэлзсээр байгаа.

Лобби гэгч нь үнэн хэрэгтээ авлига, хээл хахуулийн хууль ёсны хэлбэр бөгөөд АНУ-д газар авсан энэхүү үзэгдэл нь шинж чанараараа ардчилсан гэдэг нь маш их эргэлзээтэй. Хууль тогтоох байгууллагын төлөөлөгчдийг де-факто том бизнес эрхлэгчид хянадаг. Тиймээс тэд дотооддоо ч, гадаадад ч АНУ-ын сонгогчдын бус ивээн тэтгэгчдийнхээ л эрх ашгийг голчлон хамгаалдаг.

 

Үг хэлэх эрх чөлөөг ч мөн хатуу хянадаг. Намын болон хувийн хэвшлийн элитүүд нь томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн удирдлагыг барьж байдаг учир редакцын бодлогыг чухам тэд л тодорхойлдог. Мэдээллийн орчинд тэдний байр сууриас харш санаа бодол гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд цензурийн маш сайн механизмууд ажилладаг. Өөр үзэл бодлыг захиргааны аргаар таслан зогсоох явдал нь өдөр тутмын хэм хэмжээ болоод байна. Америкийн компаниудын хяналтад байдаг олон нийтийн сүлжээг худал мэдээлэл түгээх, суртал ухуулга хийх, олон нийтийн санаа бодлыг урвуулах зорилгоор өргөн ашигладаг.

Шоронд хоригдогсдын тоогоор АНУ тэргүүлж байгаа нь хүний эрхийн асуудлаар дэлхийн арбитр болох хүсэл эрмэлзэлтэй нь тун тааруухан зохицож байна. Тэдний тоо 2 сая гарсан бөгөөд өнөөдөр Америкийн шорон дахь хоригдлуудын ихэнх нь хүнлэг бус нөхцөлд байна. Тухайлбал, Гуантанамогийн тусгай шоронд эрүү шүүлт тулгадгийг Вашингтон нуун дарагдуулж байна. АНУ-ын тусгай албад холбоотон улсуудынхаа нутаг дэвсгэр дээр орчин үеийн хорвоо ертөнцөд зохисгүй, урьд өмнө байгаагүй нууц шорон байгуулах санааг гаргаж, амьдралд хэрэгжүүлсэн.

 

Улс орнуудыг «ардчилсан лагерь»-т хамруулах цорын ганц шалгуур нь АНУ-д туйлын үнэнч байх явдал юм. Гэсэн хэдий ч орчин үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд шинээр тусгаарлах шугам татах бус олон улсын эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх, НҮБ-ын Дүрмээр тунхагласан улс орнуудын бүрэн эрхт тэгш байдлын зарчмыг практик дээр хүлээн зөвшөөрөх шаардлагатай байна. Энэхүү зарчим нь АНУ болон түүний холбоотнууд бодит амьдрал дээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа дэлхийн ардчилсан дэг журмын үндэс суурийг өөртөө агуулдаг юм.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 63 (7048)

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.