Ш.Адьшаа гишүүн Хөгжлийн банкнаас зээл авсан ч ТӨСӨЛ НЬ ХЭРЭГЖЭЭГҮЙ байна
УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.14/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 110.4 тэрбум төгрөгийн зээл авсан асуудалд зургаан этгээдийг гэрчээр дууджээ.
Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа бөгөөд Хөгжлийн банкны сонсголд хүрэлцэн ирж, гэрчээр оролцож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "УИХ-аас Хөгжлийн банкны Түр хороог байгуулж, төсөл хөтөлбөрүүдийн асуудлыг хэлэлцэж байна. Түр хорооны хуралд төрийн түшээгийн хувьд ирсэн. "Ховд хаан бирж" гэдэг компаниар дамжуулж иргэн байхдаа 2014 онд зээл авч, 2019 онд төлж дуусгасан. Төр, хувийн хэвшлийн хүрээнд төслийг хэрэгжүүлэх бодлогын асуудал хөндөгдсөн. Арилжааны банкаар дамжуулж зээл авсан ч төр, хувийн хэвшлийн хүрээнд төрийн хүлээх үүрэг хэрэгжээгүйгээс төсөл хэрэгжээгүй" гэх тайлбарыг өглөө.