Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн талаарх хандлагыг өөрчлөх цаг болжээ

364

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн талаарх хандлагыг өөрчлөх цаг болжээ

 

Жендэрийн үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, тус хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцож өнгөрсөн онд жендэрийн тэгш бус байдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлсэн болон энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулж, үндэсний хорооны гишүүдэд цаашид анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өгөв. Жендэрийн үндэсний хороо нь төрийн болон төрийн бус байгууллагын тэнцүү оролцоог хангасан 35 гишүүнтэй, 14 салбар зөвлөл, 31 салбар хороогоор дамжуулж үйл ажиллагаа явуулдаг.
Өнгөрсөн онд 40 ажил төлөвлөснөөс 98 хувьтай хэрэгжүүлсэн талаарх тайлан, 2023 онд  тааван зорилтын хүрээнд 65 үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг тус хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр танилцууллаа.
Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 01-нээс эхлүүлсэн эрүүл мэндийн эрт илрүүлгийн урьдчилсан дүнгээр эрчүүдийн дунд өвчлөл, нас баралт их байгаа талаарх судалгааг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, төрийн бүх шатанд авлигыг бууруулах, үүнд эмэгтэйчүүд хэрхэн нөлөөлж болох талаарх илтгэлийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо нар энэ үеэр танилцууллаа. Өнгөрсөн арван сарын хугацаанд 860 мянган хүн эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдсаны 45 хувь нь эрчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. Хамрагдсан эрчүүдийн дунд хавдар, элэг, цөс, ходоодны өвчлөл их байжээ. Энэ бүхнээс дүгнэхэд жендэр гэдэг ойлголт зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай зүйл биш, эрчүүдийн боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарах цаг болсныг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцлов. 
Монгол Улс өнгөрсөн хугацаанд төр, хувийн хэвшлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлснээр Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр нэг жилийн дотор 10 байр урагшилж, 153 улсаас 69-рт эрэмбэлэгдсэн.
Гэхдээ цаашид жендэрийн эрх тэгш бус байдлыг залруулахад хэрэгжүүлэх бодлого, хийх ажил чамгүй их байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим статистик тоо баримтуудаар тодотголоо. Манай улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 20 хувиар өндөр. Их, дээд сургуульд суралцагчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, бакалаврын түвшинд суралцагчдын 40 хувь, сургууль завсардсан хүмүүсийн 72 хувь нь эрэгтэйчүүд байна. Өрх толгойлсон гэр бүлийн 13 хувь нь эрэгтэйчүүд, 86 хувь нь эмэгтэйчүүд байна. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр богино байна. Тиймээс жендэрийн тэгш бус байдлыг бууруулж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, нийгмийн харилцаанд орох, хөгжих тэгш боломжоор хангах тэнцвэртэй бодлого явуулах шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэллээ.
 
сонин mn
Тэрбээр, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих замаар сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр 2022 онд Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван эмэгтэй сайд, гурван яамны төрийн нарийн бичгийн дарга зэрэг эмэгтэйчүүдийг дэвшүүлэн томилсон. Мөн түүхэнд анх удаа аймгийн Засаг даргаар эмэгтэй хүнийг томилсон. Гэвч энэ бол хангалттай үзүүлэлт биш. Цаашид жендэрийн талаарх хандлагын реформ хийх цаг болжээ. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хүйсийн тэнцвэрийг хангахад анхаарах ёстой. Эрчүүдийн эрүүл мэндэд анхаармаар байна. Тэдний эрүүл мэнд, боловсролын асуудалд ч эмэгтэйчүүд эергээр нөлөөлмөөр байна. Авлигатай тэмцэх ажилд эмэгтэйчүүд манлайлж, нөлөөлж оролцох цаг болсон байна. Улс төрийн оролцоог нь сонгуулийн зөв  тогтолцоогоор хангаж өгмөөр байна. Жендэр гэхээр эмэгтэйчүүдийг дарга болгох, албан тушаалд томилох зорилготой гэж ойлгож болохгүй. Аливаа асуудалд аль нэгийг нь дэмжих бус, арга, билгийг тэнцвэржүүлбэл нийгэм хөгжинө. Тиймээс хандлагын өөрчлөлт чухал байна” гэлээ.     
 
Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ дараах асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгов.
 
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүх иргэнээ эрүүл мэндийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах арга хэмж
ээнд эрэгтэйчүүдийг ижил тэнцүү, идэвхтэй, орхигдуулахгүй хамруулах, цугларсан мэдээллийн санд үндэслэн эрүүл мэндийг нь дэмжсэн үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллах,
 
-Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж “5 Ш” ажиллагааны хүрээнд Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, төрийн өндөр албан тушаалд томилох асуудлыг бодитоор хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллах,
 
-Жендэрийн үндэсний хороо 2023 оныг “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих жил” болгож энэ чиглэлээр төр, төрийн бус, мэргэжлийн холбоод, олон улсын болон хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог хангаж, нийгэмд авлигыг үл тэвчих хандлагыг түгээхэд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх,
 
-2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг нарийвчлан боловсруулж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.
 
сонин mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.