Б.Баярмагнай: Сьерра-Леон дахь анхны ажиллагаа бидний алдаж болохгүй боломж байсан

1 481



/”Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-т зориулав/

НҮБ-аас жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Харин манай орны хувьд, Монгол Улсын Засгийн газрын 140-р тогтоолоор баталгаажуулсны дагуу энэ өдрийг 2005 оноос тэмдэглэн иржээ. Гэхдээ энхийг сахиулах ажиллагаанд оролцох эрхэм хүндтэй үүрэг бидэнд тийм ч амар замаар ирээгүй аж.

Энэхүү сонирхолтой түүхийг хуваалцахаар Энхийг сахиулагчдын цэргийн багийн анхны захирагч Хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнайг зорьлоо. Түүний удирдсан зэвсэгт хүчний анхны ээлжийн цэргийн баг үүргээ нэр төртэй биелүүлж, энхийг дэмжих ажиллагаанд оролцох үндэс суурийг маш амжилттай тавьж өгсөнөөр өнөөдөр эх орны маань нэр хүнд өндөрт мандаж явна. Ингээд сонирхолтой түүхийг бидэнтэй хамт хуваалцана уу.

-Юуны өмнө танд энэ тэмдэглэлт өдрийн мэндийг хүргэе.

-Та бүхэнд баярлалаа. Энхийг сахиулагч баатар эрчүүдийнхээ амрыг эрэн энэ өдрийн мэндийг хүргэе.

Sundanchid.jpg-Энхийг сахиулах үйл ажиллагааны түүхийн эхний хуудсыг дэлгэн бидэнд точхон танилцуулж өгөөч.

-Анх 1948 онд Араб Израилын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. Би гадаад гэхээс илүүтэй Монголынхоо түүхийг ярьж өгье гэж бодож байна.

1990 оноос манай улс орны эдийн засаг бүхэлдээ хямарч, арми цэрэг, зэвсэгт хүчнээ ерөнхийдөө шаардлагагүй гэж үзэх болсон. УИХ дээр хүртэл дурын хүн нь хашгирдаг цаг үе таарсан.

-Яагаад хэрэггүй гэж. Тайван цаг гэдэг утгаараа тэгж үзэх болсон юм болов уу?

-Олон алба хаагчийг тэжээж чадахгүй, улс орон бүхэлдээ хямарчихсан, мөн хоёр хөрш улстайгаа харьцангуй харилцаа сайжирсан гэж үзсэн байхгүй юу. Арми, зэвсэг хэрэггүй гэж байх үед л энхийг сахиулах ажиллагаа яг л амилж байлаа. Тухайн үед энэ тухай ярьж хэлсэн хүмүүсийг шоолж инээдэг, шүүмжилдэг байсан. Энэ л үед буюу 1999 онд Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай Санамж бичгийг үзэглэн, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн алба хаагч, цэргийн баг гэсэн хоёр статусаар оролцох боломжтой болсон юм.

Дараа нь Цэрэг цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай гэсэн шинэ хууль батлагдаж манайд гадаад, дотоодын эрх зүйн үндэс бүрэн бүрдэж, Монгол Улс дараагийн алхмынхаа үүдийг нээсэн юм. Гэхдээ бидэнд энэ хаалгаар орох алхам тийм ч амар байгаагүй юм. Татвараа ч төлж дийлдэггүй, танигдаа ч үгүй бидэнд боломж тун хомс байлаа.

-Татвар нь хэр өндөр байсан юм бол. Ер нь тэр үед улс орнууд хамгийн ихдээ хэдэн цэрэг илгээж байв?

-Улс орон бүр өөрийн зардлыг ДНБ-д эзлэх хувиар нь хувь тэнцүүлж НҮБ-д өгдөг. Гарч байгаа зардлыг нь 100 хувь гэж тооцвол АНУ хамгийн өндөр татвар буюу 17 хувийн татвар төлдөг. Дараа нь Англи, Герман гэх мэт өндөр хөгжилтэй орнууд орно. Тухайн үед энэ мөнгөний манай улсад оногддог хувь нь 0.002 хувь байлаа. Үүнийгээ ч бид төлж чаддаггүй байлаа шүү дээ. Сүүлийн үед Хятадын эдийн засаг өсөөд, эхний тавд орж ирж байна лээ.


Дэлхийн хэмжээнд 16-17 энхийг сахиулах ажиллагаа явагдаж байлаа гэхэд түүнд монополь улсууд л явна. Хамгийн олон цэрэг хандивладаг улс нь Бангладеш, Пакистан, Энэтхэг бөгөөд нэг ээлжинд ойролцоогоор 10 мянган цэрэг илгээдэг. Дараа нь Балба, Африкын Нигер, Этиоп гэсэн улс ордог.

-Тэгээд бидэнд ямар боломж тохиов?

-2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-д Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг нураасан терроризмын асар том халдлагын дараа АНУ “Терроризмын эсрэг дэлхийн дайн” гэдгийг албан ёсоор зарласан. Манай хоёр хөрш улс ч терроризмын эсрэг дэлхийн дайны талаар дуугараагүй байхад Монгол Улс бие даасан маш том шийдвэр гаргаж, дэмжихээ илэрхийлсэн 33 дахь улс болсон юм. Хоёр хөрш улс ч цочирдсон.

Тэр үед Америкаас Афганистан, Иракт хоёр зэрэг дайны ажиллагааг эхлүүлсэн бөгөөд дэглэмийг нураасныхаа дараа нь Афганистанд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа, Иракт “Иракийн эрх чөлөө” ажиллагааг эхлүүлсэн байдаг. 2003 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр манай ҮАБЗ-өөс “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцъё гэдэг шийдвэрийг гаргаад, зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж, маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын 87 тоот тогтоол батлагдан гарч байлаа. Ингээд анхны цэргийн багийг удирдаж явах хүндтэй үүргийг надад оногдуулж байсан ийм түүхтэй.

-Тэгвэл НҮБ биднийг хэзээ, ямар тохиолдлоор олж харсан бэ?

-Манайхан 2003 оны төгсгөлөөр Афганистанд, 2005 онд Косовод НАТО-гийн цэргийн ажиллагаанд оролцож туршлага ч хуримтлуулж явлаа. Тэр үед Сьерра-Леон улсад 11 жил үргэлжилсэн иргэний дайнаар 6 сая хүнээс 500 орчим мянган хүн амь үрэгдсэн байдаг юм. Дээрээс нь 2 сая хүн нь хөрш Гвиней улс руу дүрвэчихсэн, дотооддоо сая гаруй хүн орон байргүй болчихсон. 40 орчим мянган хүнийг эсэргүүцэл үзүүлэхээс сэргийлж тахир дутуу болгочихсон. Эдийн засаг нь тартагтаа тултал уначихсан, өлсгөлөнд нирвэгдсэн, гэрэл цахилгаан ч байхгүй улсад 2000 онд НҮБ ороод 6 жил ажиллаж байж хөл дээр нь босгож, Ерөнхийлөгчтэй болгож өгсөн. Ингээд 2005 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тэндээс НҮБ-ын 24 мянган цэрэг гарах болж байгаа юм. Тиймээс тэндэхийн Тусгай шүүхийг хамгаалах 250 хүнтэй цэргийн баг хэрэгтэй болсон.


Тусгай шүүх нь иргэний дайнаар байлдсан гурван том бүлэглэлийн 12 толгойлогчийг 17 гэмт хэргээр шүүж байгаа юм. Гэрчүүд нь гэхэд хэдэн саяар тоологдох энэ шүүх 2002 оноос эхэлсэн, удаан үргэлжлэхээс ч аргагүй.

Энэ үед НҮБ-аас туршуулын үүрэг гүйцэтгэх хүсэлт тавьсаны дагуу 2005 оны есдүгээр сард сайдын тушаал гарч, Г.Рагчаа генерал бид хоёр Сьерра-Леон, Либери улсуудад очиж байлаа. Энэ бол бидний анхны боломж, энэ ажлаа төгс хийж байж дараагийн үүрэг оногдоно гэдгийг бид очих замдаа ярилцаж явсан юм.

Тухайн үед бидэнд мэдэхгүй, чадахгүй зүйл их байсан нь тодорхой. Ямар сайндаа 10 жилд нэг удаа хийдэг шар чичиргэний вакциныг Иракт өмнө нь хоёр ч удаа явсан манай цэргүүд 3 жилд гурван удаа хийлгэчихсэн байх жишээтэй. Би гэхэд хоёр удаа хийлгэчихсэн байсан. Гэхдээ л манайх Сьерра-Леоныг 2005 оны төгсгөл дээр аваад үүргээ маш сайн гүйцэтгэж, дараа дараагийнхаа замыг маш сайн нээж өгсөн юм даа.

-Тэгэлгүй яахав. Таны баг анхны алхмыг тавьсан тэр цаг үеэс өнөөдрийг хүртэл манай энхийг сахиулагчид улсынхаа нэрийг өндөрт өргөж, шилдэг нь болж яваад Монголын бүх ард түмэн үргэлж бахархдаг. Ер нь манайд "Энхийг сахиулагчдын олон улсын өдөр"-ийг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ. Энэ өдрийн гол утга учир нь юундаа оршин байдаг юм бэ?

-"Энхийг сайхуулагчдын олон улсын өдөр"-ийг улс орнууд баяр болгон тэмдэглэхээс илүүтэй гол нь энхийг сахиулах ажиллагаанд оролцох үедээ амь үрэгдсэн алба хаагчдаа дурсан санаж, хүндэтгэл үзүүлдэг юм. Манай алба хаагчдын тухайд, Монгол Улсын зэвсэгт хүчнээс НҮБ-ын Сьерра-Леон улс дахь энхийг сахиулах ажиллагаанд хоёр цэргийн алба хаагчаа алдсан. 4-р ээлжийн цэргийн багийг ахалж явсан захирагч, манай гэрээт цэрэг хоёр маань эрүүл мэндийн шалтгаанаар амь үрэгдсэн.

Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд мөн хоёр цэргийн алба хаагч амь үрэгдсэн. Өнөөдөр бол энэ дөрвөн алба хаагчаа бид эргэн санаж, хүндэтгэл үзүүлэх өдөр. Мөн “Энхийг сахиулагчдын өдөр” гэдэг утгаараа ажиллагаанд оролцсон цэргүүд, алба хаагч нар энэ өдрийг бас тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлал тогтоод хэдийнэ 10 гаруй жил болжээ. 2008 оноос нэлээд өргөн тэмдэглэдэг болсон.

-Бидэнд цаг гаргаж, сонирхолтой түүхээс хуваалцсан танд их баярлалаа. Таны цаашдын үйл хэрэгт амжилт хүсье.

-Их баярлалаа. Бидний тэмдэглэлт өдрийг тохиолдуулан миний амьдралд томоохон орон зайг эзэлсэн цаг үеийн түүхийг богино хугацаанд ч болов хуваалцсан та бүхэнд баярлалаа. Мөн Энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулсан үе үеийн бүх алба хаагчиддаа дахин баярын мэнд хүргэе.

Хошууч Генерал Б.Баярмагнай өөрийн болон Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон тухай маш сонирхолтой түүхүүдийг “ЦЭРГИЙН БАГИЙН АНХНЫ ЗАХИРАГЧ” хэмээх 2 боть номондоо сийрүүлэн буулгажээ.

Төгсгөлд нь сонирхуулахад, дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байгаа аж. Цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад Монгол Улс 26 дугаарт бичигдэж байна.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.