Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг дэмжлээ

254

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг дэмжлээ

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачилсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжжээ.  Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ыг анх 1960 онд тухайн үеийн ГХЯ-ны дэргэд байгуулж, олон нийтийн байгууллагаас анхны бие даасан хуультай болж байжээ. Хуучин хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээрх шинэ хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл зургаан бүлэг 34 зүйлтэй. 
Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, түүний салбар, төлөөлөгчийн газар, дагнасан танхимын зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагаа, гишүүнчлэл, санхүүжилт, төрийн болон бусад байгууллагатай харилцах болон Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай холбоотой бусад харилцааг зохицуулах юм.


Мөн хуулийн төслийг боловсруулахдаа  Герман, Франц, Унгар, Солонгос, Казахстан Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдлыг зохицуулсан хууль тогтоомжийг харьцуулан судалжээ. Тухайлбал, зарим орны туршлагад үндэслэн Үндэсний танхимын гишүүнчлэлийг холимог хэлбэртэй байхаар тусгасан бөгөөд Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, ашгийн төлөө хуулийн этгээд нь Үндэсний танхимд заавал гишүүнчлэлтэй байх.  Харин төрийн өмчит хуулийн этгээд, гадаад улсын хуулийн этгээд болон Монгол Улсын хуулиар үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд, мэргэжлийн холбооны заавал гишүүнчлэлтэй байхаар тусгажээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар өмнө нь МҮХАҮТ-д бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах үеэр Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг шинэчлэх талаар хөндөж байсан билээ. 
Мөн хуулийн төслийг 2022 оны хаврын чуулганаар хэлэлцэх байсан ч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болж хойшлогдон, намрын чуулганаар хэлэлцэхээр болсон.  МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин хуулийн төслийн талаар “Бусад улс оронд танхим гэдэг байгууллага үүсч бий болоод 400 гаруй жил болсон. Танхим бол дэлхийн улс орнуудад бизнесийн хамгийн гол шүхэр байгууллага байдаг. Бүх хувийн хэвшил, бизнесийг өөрийн эгнээнд нэгтгэнэ.  Хамгийн гол нь зөв хамтын ажиллагаа, салбар хоорондын болон өөрөө өөрийгөө удирдахыг дэмжсэн хуулийг батлах нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэлтэй 24 мянган төрийн бус байгууллага байна. Үүн дотроос бизнестэй холбоотой 3500 орчим мэргэжлийн холбоод бий. Эдгээр холбоод хоорондоо зөв уялдаж ажиллаж чадахгүй байна. Тэгэхээр  уялдаа холбоог нэмэгдүүлэх боломжийг уг хуулиар бүрдүүлэх юм” гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 14 (6999)

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.