Монголын төрд хулгай хийгээгүй нь тунаж үлдэх хэрэгтэй байна

233

Монголын төрд маш том хулгай гарлаа. Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх 40 их наяд төгрөгийн нүүрсийг ард түмнээсээ хулгайлжээ. Амьдралд ойр жишээ дурдъя л даа. Өвчтөнүүдээ он дамжаад ч хүлээж авч дийлэхгүй болсон Хавдрын эмнэлгийг хэдийг барьж болох байсан гээч. УИХ-ын гишүүн М.Билэгтийн 20 сая ам.доллараар барьж ашиглалтад оруулсан япон технологитой 12 давхар хавдрын эмнэлгийг 588 ширхгийг барих хэмжээний хөрөнгө юм, энэ нүүрсний хулгайн хохирол. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төв, сумд дээр бариад ч тал хөрөнгө нь үлдэхээр дүн.
Энэ хулгайг харахад л Монголын төр ямар хүйтэн, цэвдэг сэтгэлтэй юм бэ. Гуравхан сая иргэндээ яаж ингэж хандаж чадав аа. Ард түмнээ харь улсынх юм шиг л хуйгаар нь тонож дээрэмдсэн байна шүү дээ. Тэднийг сонгоод эрх мэдэлд хүргэсэн сонгогчид нь харин агаарын бохирдолтой, замын түгжрэлтэй, өр зээлтэй, орлогогүй хоосон, үгээгүй ядуус болоод өдөр хоногийг арайхийн өнгөрүүлж сууна. Шууд хэлэхэд, нүүрсний хулгайн эзэд нь өнөөдрийн эрх баригчид буюу МАН. Хууль хяналтын байгууллагын баривчилж хорьсон, одоо шалгаж байгаа олон арван нөхдүүдээс харахад л өнөөдрийн эрх баригчдын гар хөл бологсод дүүрэн байна.
Үнэндээ сүүлийн 30 жилд Монголын төрд МАН дийлэнх хугацаанд нь засаглалаа. Ерөөсөө л монголчуудын хувь заяа ардчилал гарсан 30 жилд тэдний гарт явж ирсэн гэсэн үг. Энэ хугацаанд эрх баригчдын хийж сурсан ганц зүйл нь хулгай, авлига байсан гэхэд хилсдэхгүй болжээ. Өнөөдөр хамгийн том хохиролтой хулгай нь ил болж, 40 их наядаар хэмжигдэж байна. Тодорхой нэг зүйл нь энэ хулгайг бүгд хүлээн зөвшөөрчихсөн. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд бүгд буруутай гэдгээ мэдэж байгаа. Буруугаа нуун далдлахаар цөөн гишүүдээрээ туг тахих гэж оролдоод бүр ч дордчихлоо. Нэр зарлагдсан гишүүд нь ээлж дараалан намынхаа, бусдынхаа хулгайг уудалж өгч байна. Ямар сайндаа л хулгай, авлигын мөнгө нь гэрт нь багтахгүй болоод алтан гулдмай болгоод сейфэндээ хадгалдаг болтлоо МАН-ынхан тэнгэрт гарсныг гишүүд нь илчилж байх вэ дээ. Эрх баригчид өнгөрсөн 30 жилийн хугацаанд ийм л болсон байна шүү дээ.
Хэрэг хуучирдаггүй. Одоо энэ хэргүүдийн эздийг нийтэд зарлаж, ил болгож эцэслэх хэрэгтэй. Эзэд нь тодорхой. Өнөөдрийн эрх баригчид дунд сууцгааж байгаа шүү дээ. Тэднийг хуйгаар нь авч хаяж, өөрчлөх ёстой. Тэр хүмүүстээ шийтгэлийг нь өгөөд төрөөс зайлуулах хэрэгтэй. Онолын хувьд Монголын төрд хулгай хийгээгүй хүмүүс нь тунаж үлдэх хэрэгтэй байна.
Энэ төрд ганц нүүрсний хулгайч нараар тогтохгүй ЖДҮ, 60 тэрбум, Хөгжлийн банк, ковидын, төмөр замын хулгайч нар ч бий. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас ард түмний авах ёстой бага хүүтэй зээлийг ах дүү, амраг садангаараа цөлмөчихсөн УИХ-ын гишүүд саяхан л улалзаж сууцгаасан даа. Гэвч тэд Монгол төрийг цөлмөж, хууль хяналтыг атгаж сурсан зангаараа ЖДҮ-гийн хэргийг замхруулсан гашуун туршлага байна. Хөгжлийн банкны хэрэг өнөөдөр үргэлжилж байгаа. УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд бас л ЖДҮ шиг хамаатан садангаараа дамжуулан зээл аваад төрд буцааж төлөөгүй. Чанаргүй зээлийн хэмжээ 2.3 их наядаар яригддаг. Зөвхөн энэ хоёр эх үүсвэр дээр анзаарахад л ЖДҮДС гэхэд ард түмний амьдралыг өөд нь татах төсөл байв. Хөгжлийн банк бол Монгол Улсын дэд бүтцийг сайжруулах том том төслүүдийг санхүүжүүлэх өндөр ач холбогдолтой эх үүсвэр байлаа. Бүгдийг нь эрх мэдэлтнүүд цөлмөчихсөн, хулгайлчихсан. Нэг ёсондоо монголчуудын амьжиргааг, улс орны бүтээн байгуулалтыг нураажээ. Өнгөрсөн гурван жил монголчууд босгосон жижиг бизнесээ хаалгаж, олон арваараа гудамжинд гарч, ажил орлогогүй, цар тахалд дарагдан хатуу хөл хорионд суухад хойгуур нь эрх баригчид төсвийн мөнгийг гарын салаагаараа урсгасан байдаг шүү. Халдвар авсан нэг хүний эмчилгээний зардал ХӨСҮТ-д найман сая гарч, гэртээ хоригдсон нь 150 мянга шүргэж байсан гайхмаар тоо бий. Ковидын хулгайн захын жишээ л энэ. Цаашлаад эмийн шаг, амны хаалт, амьсгалын аппаратны шахаа гээд томорч өгнө. Ковидын үеийн төсвийг өнөөдөр хүртэл тайлагнаж, зарлаж чадахгүй байгаагийн цаад шалтгаан эрх баригчид, МАН олуулаа хулгайчихсантай л холбоотой. Ерөөс энэ бүгдэд холбогдсон хүмүүс сүүлийн 20 жил Монголыг авлигад живүүлж, Монголын хөгжлийг чөдөрлөж ирлээ. Авлига гэдэг жижиг Монголыг байтугай аугаа Орос гүрнийг ямар болгож байгааг Украинтай хийж буй дайнаас харж болж байна.
Харвардын их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Eli Goldston” хуулийн профессор, авлигын эсрэг хууль тогтоомжийн мэргэжилтэн Matthew Stephenson-ы “Har­vard Law Today” сэтгүүлд өгсөн саяхны ярилцлагад “...Өнөөгийн мөргөлдөөн үүсэхэд ОХУ-ын авлига нь ажиглагчдын дүгнэж байгаагаас ч илүү үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа... Оросын зэвсэгт хүчинд учирч буй ложистикийн болон үйл ажиллагааны зарим хүндрэл нь Оросын арми, батлан хамгаалах салбар дахь өргөн хүрээтэй авлигын үр дагавар байж болзошгүй гэсэн мэдээ гарсан байна. Батлан хамгаалах салбарт өргөн тархсан авлига нь армийн үйл ажиллагааг ихээхэн султгаж байсан талаар улс орнуудын үндэслэл бүхий жишээ байдгаас үзэхэд энэ нь боломжтой санагдаж байна. Оросын батлан хамгаалах салбарт олон жилийн өмнөөс авлига өргөн тархсан гэдгийг хангалттай баримтжуулсан байдаг. Тиймээс авлига Оросын цэргийн хүчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй гэвэл би үнэхээр гайхах болно...” гэсэн байна лээ. Энэ л жишгээр Орос гүрэн дэлхийн нүдэн дээр сөхрөн унаж байна. Ерөөс тэднийг авлига л ийм болгосон гэдгийг олон улсын шинжээчид ийнхүү хэлж байна.
Тэгвэл Монголыг сүүлийн 20 жил мэлхий шиг дороо дэвхцүүлж, урагш нэг ч алхуулаагүй нөхдийг нам эвсэл, найз нөхөд алиныг ч ялгахгүйгээр төрөөс цэвэрлэх цаг болсон.
Харин дараагийн төр засаг, парламент өнөөдрийн Монголын төрийн жишээг давтаж болохгүй. Тэдэнд давтах боломжийг ч олгож болохгүй юм. Үүний тулд парламентаа бэхжүүлж, УИХ-ын гишүүдийн тоог нэмж 21 аймаг, сум, багаас нутаг орон, ард түмнээ төлөөлдөг төлөөлөгчдийг бий болгох ёстой. Үүний тулд сонгуулийн холимог тогтолцоо руу эргэлт буцалтгүй орцгооё. Наанадаж сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг олон нийтэд зарлаж хэлэлцүүлж байж дараа нь дэвшүүлэх зөвшөөрөл олгодог болъё.
Авлигын хэргийг өөгшүүлдэг, нуун дарагдуулдаг хамгийн том жишээ болсон Эрүүгийн хуулийн 22.1 гэх алдарт заалтыг өөрчилсөн шигээ хуулийн шинэчлэл рүү зоригтой ормоор байна. Авлига, албан тушаалын хэргийн ялыг чангалж, төсвийн мөнгөнд хуруу дүрсэн хэнбугайг ч эх орныхоо эсрэг гэмт хэрэгтэн болгож шийтгэхэд ч буруудахгүй. Ингэж тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэх ёстой. Эцэст нь Монголын төрд хулгай хийгээгүй нь тунаж үлдэх хэрэгтэй байна.
Хамгийн гол нь Монгол төрд дахин ийм хулгайч нар төрөхгүй болтол, тэднийг зүүний нүхээр багтаж орж чадахгүй болтол өөрчлөлтийг хийх ёстой юм. Энэ өөрчлөлт бол дээр ярьснаар сонгуулийн хууль, намуудын хууль болон Эрүүгийн хуулийн гол өөрчлөлтүүд байх ёстой. Үүнийг хийх хугацаа бидэнд нэг л жил байна. Гэхдээ үүнийг чамлаж болохгүй. Улс эх орныхоо ирээдүйн төлөө санаа зовнидог л бол 2023 онд дээрх өөрчлөлтүүд рүү эрс зоригтой орж, бэлтгэл ажлуудаа хангамаар байна. Ингэж чадвал 2024 оны сонгууль Монгол Улсын хөгжилд цулбуур болсон сонгууль болж чадна. Сонгуулийн зөв тогтолцооноос монголчууд бидний ирээдүйн Япон, Солонгос, Хонконг болох мөрөөдөл эхэлнэ.
Б.Энхзаяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.